
Б.ЭНХЗАЯА
Түрүүч нь ¹ 297 (4612) дугаарт
Энэ оны улсын төсвөөс хуваарилсан Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөг ямар бүтээн байгуулалтад хэрхэн зарцуулагдаж байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байна. Ялангуяа замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэх 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй ажил багагүй маргаан дагуулж мэдэх нь. Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй, тасалбарын систем нэвтрүүлэхэд 350 ширхэг гар компьютер, хэвлэгч машин худалдан авах, программ хангамжийн сүлжээг бий болгох дээрх хөрөнгийг хуваарилсан юм билээ. Энэ сарын 1-нээс торгуулийг бэлэн бусаар авах төхөөрөмжийг цагдаа нарт тарааж эхэллээ гэсэн Ерөнхий сайдын амлалт хэрэгжиж эхлээгүй байгаа тухай бид өчигдрийн дугаартаа нийтэлсэн. Уг ажлыг гүйцэтгэж буй “Смарт солюшнз” компани программаа бүрэн гүйцэд суулгаагүйгээс хугацаа хойшлогдсоор байгаа. Энэ хооронд замын цагдаа нар зөрчил гаргасан жолоочийг торгох боломжгүй болж төрийн ажил гацсаар байна. Энэ хооронд цагдаа нар сургалтад сууж буй гэх.
ТАВАН САЯЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ ЦАГДАА НАР ХЭРЭГЛЭХЭЭС ЭМЭЭЖ БАЙНА
Гэтэл төхөөрөмжөө хэрхэн хамгаалах нь ЗЦГ-ынхны толгойны өвчин болж буй аж. Учир нь “Смарт солюшнз” компанийн нийлүүлсэн төхөөрөмж -20 хэмээс дээш хүйтэнд ажиллах боломжгүй гэнэ. Тиймээс цагдаа нар биедээ хэрхэн баглаж, хамгаалж авч явахаа шийдээгүй байна. Эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд ийм хэмд ажилладаг төхөөрөмжийг нийлүүлчихээд байхад нь албаны хүмүүс хэрхэн тохируулж хэрэглэхээ ярилцаж сууна. Стандартад нийцээгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн уг компани салбарынхандаа нэр хүнд муутай болохыг өмнөх дугаарт өгүүлсэн. Цагдаагийн байгууллагын мэдээлэл технологи, хувцас хэрэглэлтэй холбоотой бүхий л ажлыг энэ компани гардаж хийдэг. Учир нь компанийн удирдлагууд цагдаагийн байгууллагын нөлөө бүхий хүмүүстэй холбоотой учраас тендер бүрийг авдаг тухай мэдээлэл байна.

Түүнчлэн таван сая төгрөгийн төхөөрөмжийг биедээ авч явахаас цагдаа нар битүүхэндээ эмээж буй сурагтай. Хэдэн сарынхаа цалинтай тэнцэх хэмжээний үнэтэй төхөөрөмжийг биедээ авч яваад унагачих вий, эвдчих вий. Хэдэн саяын өрөнд уначих вий гэсэн айдастай байгааг захын цагдаа хэлэх болжээ. Тиймээс үүнийг хэрхэн шийдвэрлэх нь ЗЦГ-ынхны толгойны өвчин болж буй ажээ. Цагдаа нарын эмээсэн нь бас оргүй зүйл биш. Хэтэрхий өндөр үнэтэй төхөөрөмжийг барьж яваад санаандгүй унагаачихвал яаж төлөх вэ дээ. Нөгөө талаар энэ төхөөрөмж хэтэрхий өндөр үнэтэйгээр нийлүүлэгдэж буй. Төсөлд хавсаргасан баримтаас харвал гар компьютерт 3.5 тэрбум, хэвлэгч машинд 1.4 тэрбумыг төсөвлөжээ. Программ хангамжинд 50 сая төгрөг гэсэн байна. Гэтэл солонгосын Bixolon брэндийн дээрх гар компьютер болон хэвлэгч машины зах зээл дэх нь үнэ нь 300-800 мянган төгрөг байна. Энэ тухай мэдээллийг http://www.kernelsoftware.com/products/catalog/bixolon.html цахим хуудсаас сонирхоод үзээрэй. Харин “Смарт солюшнз”-ийн үнийн санал нь гар компьютерыг 3.5 сая, мобайл хэвлэгчийг 1.5 төгрөг гэжээ.
ДАМЫН НАЙМААЧИД ХОЖСОН УУ
Дам дамаараа оруулж ирсэн уг төхөөрөмжийг торгуулийн системийн төхөөрөмжийг монгол инженерүүд өлхөн бүтээчих байж. Энэ тухай мэргэжлийн хүмүүсээс лавлавал таван сая төгрөгөөр үнэлэгдсэн уг төхөөрөмжийг 500 мянган төгрөгөөр бүтээх боломжтой гэнэ. Түүнээс гадна манай улсын хууль, журмууд жинхэнэ мэргэжилтнүүдийн ур чадварт бус танил тал, өнгө мөнгөтэйд нь хүртдэг буруу тогтолцоо байгаа тухай тэд хэлж байна. Тодруулбал, тендер шалгаруулах журамд оролцож буй хувь хүн, албан байгууллага тухайн зарлагдсан хөрөнгийн хэмжээтэй тэнцэхүйц борлуулалт хийсэн байхыг шаарддаг гэнэ. Гэвч манай мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүд жилд тэрбум тэрбумаар нь борлуулалт хийх нөхцөл, боломж үгүй юм. Тиймээс л жинхэнэ мэргэжилтнүүд нь бус гадаадаас бүтээгдэхүүн нийлүүлэх нэрээр дундаас нь мөнгө “цохьдог” дамын наймаачид ашиг олж буй бололтой.
Авлигагүй төр хэмээн ярьж буй төрийн удирдлагууд тэрбумаар тоологдсон эл хөрөнгөдөө хяналт тавьж, хариулт хэлэх биз.