Б.ЭНХЗАЯА

Жолооч нарт дуулгах “сайхан” мэдээ байна. Цаана чинь замын цагдаа торгуулийн хуудас бичихээ болиод 10 гаруй хонолоо. Цаашид бичихгүйгээр хэд ч хонож магадгүй нь. Гэхдээ замын хөдөлгөөний дүрмээ зөрчиж болно гэж байгаа юм биш шүү. Цагдаа нар зөрчил гаргасан жолоочийг торгох ч биш, орхих ч биш аргагүй байдалд орчихоод байгааг бичих гэж буй юм. Бид өмнөх дугаарууддаа Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын зарим ажил тендергүйгээр явагдсан, зориулалтын бусаар зарцуулагдсан тухай нийтэлж байсан билээ. Энэ удаа мөн л уг багцын багагүй хэсгээр бүтэж буй нэгэн ажлынх нь тухай онцолж байна. 50 тэрбум төгрөг бага хөрөнгө биш. Сургуульд суралцаж чадахгүй байгаа жаалуудад зориулж 640 хүүхдийн суудалтай 20 сургууль барьчих хөрөнгө. Сургуулиа больё гэхэд таван төрөх эмнэлэг босгох хэмжээний мөнгө юм. Өдөр шөнөгүй гүйсэн нэг сарын ажлын хөлсний минь 10 гаруй хувийг аваад явчихдаг татварын мөнгөөр бүтсэн эл хөрөнгөд хяналт тавих эрхтэй. 

 

ТОВЛОСОН ХУГАЦААНДАА ЭХЭЛСЭНГҮЙ

 

Энэ зууныг эрин зууны үе гэж нэрлэх нь бий. Мэдээллийн технологийн хөгжил минут, секундаар хэмжигдэж өсч дэвжиж буй. Монгол Улс ч уг хөгжлөөс хоцрох ёсгүй. Тэр утгаараа технологийн хөгжлийг эх орондоо нэвтрүүлэх шинэ санал санаачлагыг бид дэмжих нь зүйн хэрэг. Үүний нэг бол замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем юм. Өмнө нь цагдаа зөрчил гаргасан жолоочийг зогсоочихоод төв рүүгээ залгаж лавлаж байна хэмээн цаг хугацаа алддаг байлаа. Түүнчлэн цагдаа нарыг “цайны мөнгөө гаргадаг” хэмээн бэлнээр торгодгийг гоочлох хүмүүс ч бий. Эл байдлыг халж бэлэн бусаар торгох технологийг нэвтрүүлэх санаачлагыг Ерөнхий сайд гаргаж, багцын 50 тэрбумаасаа төсөвлөсөн нь дөрвөн сарын өмнө билээ. Өөрөөр хэлбэл, уг системийг нэвтрүүлэх ажил өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Энэ нь замын цагдаагийн 350 албан хаагч гар компьютер болон хэвлэгч машиныг ашиглаж бэлэн бусаар торгох ажиллагаа юм. Ерөнхий сайдын амлалт болон гэрээ ёсоор энэ сарын 1-нээс бэлэн бусаар торгож эхлэх байлаа. Гэтэл сарын дунд болсон ч уг төхөөрөмж замын цагдаа нарын гар дээр ирээгүй байна.

 

ТОРГУУЛИЙН СИСТЕМИЙН ПРОГРАММЫГ СУУЛГАЖ ДУУСААГҮЙ БАЙНА

Уг тендерт “Смарт солюшнз” компани шалгарч, 1.8 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэх эрхтэй болсон юм. Цагдаа, цэргийн холбогдолтой бүхий л тендерийг “Смарт солюшнз” компани авдаг тухай яриа энэ салбарынхны дунд бий гэнэ. Тухайлбал, жолооны үнэмлэх хэвлэх ажлыг гардан хийж буй. Уг компанийн хэрэгжүүлсэн замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар илрүүлэх ажил багагүй дуулиан тарьсан. Төв зам дагуу суурилуулсан камер нь автомашины дугаарыг буруу таньж цөөнгүй жолооч нар торгуулж хэл ам таталсан. Харин энэ удаагийн ажил нь удааширч буй шалтгаан нь торгуулийн системийн программыг суулгаж дуусаагүй байгаа явдал гэнэ. Одоогоор Замын цагдаагийн газарт программ суулгах ажил үргэлжилж байна. Харин цагдаа нар төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах тухай сургалтад хамрагдаж буй аж.

Ерөнхий сайд бэлэн бусаар торгох ажлыг арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж улс даяар мэдэгдчихсэн болохоор цагдаа нар бэлнээр торгохоо больжээ. Гэтэл төхөөрөмж нь одоо хүртэл гар дээр нь очоогүй байна. Тэд өмнөх торгуулийн системээ үргэлжүүлье гэхээр иргэд бухимдаж Ерөнхий сайдын амлалт зөрөх болно, больё гэвэл зөрчилтэй жолооч нарын толгойг илээд өнгөрөөхдөө хүрэхээр байдалд орчихсон байгааг албаны хүмүүс учирлаж байна. Программ суулгаж дуусаагүй шалтгаанаар удааширч буй уг ажлын цаана багагүй маапаан бий аж. Тухайлбал, “Смарт солюшнз” компанийн нийлүүлсэн төхөөрөмжийн зах зээл дэх бодит үнэ, Монголын нөхцөлд ажиллах боломжтой эсэх, Монголын программ хангамжийн мэргэжилтнүүдийн ур чадвараар компанийн үнэлснээс хэдэн арав дахин бага өртгөөр бүтээх боломжтой байсан зэрэг олон асуудал өрнөж байна.

 

Үргэлжлэл дараагийн дугаарт