Ц.БАЯР
Хэлмэгдүүлэлтийн хор уршиг, цагаатгалын явцын талаар “Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал дүгнэлт, сургамж цаашид авах арга хэмжээнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар ярилцаж байна. Энэхүү хурлыг Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Конрад-Аденауэр сантай хамтран зохион байгуулж байгаа юм. Монголчууд ардчилсан, хүмүүнлэг нийгэм рүү шилжсэн ч хэлмэгдүүлэлтийн асуудалд маш өнгөцхөн хандаж байгаа ажээ. 1930-1940 оны үед монгол хүн бүр үзэл суртал, түүх соёл, эдийн засаг, үзэл санааны хэлмэгдүүлэлтэд өртсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэлмэгдүүлж байсан шийдвэр нь албан ёсоор цуцлагдаж хуульчлагдаагүй байна. Тухайлбал, 1945 онд Монгол крилл үсэг хэрэглэж эхэлснээр уйгаржин монгол бичгийг “цаазалсан”. Мөн лам нар гэж хаяглаж байгаа ч судалгааны явцад иргэний дайн болсон гэдэг нь нотлогдоод буй. Ийм их хохирол амссан байхад үүнийг тогтоож дүгнэлт хийсэн зүйл үгүй. Гэтэл Германчууд энэ асуудлаа аль хэдийн олон улсын шүүхээр оруулж хэлмэгдүүлэлтийг гэмт хэрэг гээд тооцуулчихсан байна. Харин манай улс олон улсын болоод дотоодын хууль хяналтын байгууллагаар ч тогтоогоогүй байгаа тухай Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар хоёр орны уулзалтын үеэр онцлож байв. Түүнчлэн ор сураггүй алга болгосдыг ч цагаатгах тухай яригдсан.
Эх сурвалж:www.zms.mn