
Э.ОРХОН
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд салбар бүрт шинэчлэлийг эхлүүлж, бодлого боловсруулан ажилласны нэг нь боловсрол. Боловсролын шинэчлэлийн хүрээнд салбарын яамнаас “Авьяас”, “Ном”,”Хүүхэд бүрийг хөгжүүлье” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Багш ном харж хичээл заадаг, хүүхдүүд багшийн заасныг ягштал цээжилдэг байсан үе саяхан. Тэгвэл тэр үе ард хоцорч хүүхэд юунд сонирхолтой байна түүнд нь түшиглэж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой гэдэг санааг дэвшүүлж ажиллаж эхэлсэн. Тиймээс хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд багш төдийгүй сургуулийн захирал, нийгмийн ажилтан хүртэл энэ үйл ажиллагаанд оролцох аж. БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран өнгөрсөн долоо хоногт хөдөө орон нутгийн багш, сургуулийн удирдлагуудад номын дуу сонсголоо. Тухайлбал, удирдагч хүн цагийг хэрхэн зөв ашиглаж, үр бүтээлтэй өнгөрөөх талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс сургуулийн захирлуудад сургалт семинарыг зохион байгуулжээ. Энэ үеэр хөдөө орон нутгийн сургуулийн захирлуудаас тухайн аймагт “Хүүхэд бүрийг хөгжүүлье” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар сонирхлоо.
Дархан-Уул аймгийн “Энэрэл” цогцолбор сургуулийн захирал Ж.Маанийдаарий: СУРГУУЛЬ БҮР ӨӨРИЙН ОНЦЛОГООР ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
-Боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа хөтөлбөрүүд танай аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ. Энэ нь хүүхдүүдэд хэр хүртээмжтэй байна вэ?
-Боловсролын шинэчлэлийн хөтөлбөрүүд манай аймагт маш сайн хэрэгжиж байгаа. Сайнаар барахгүй хөтөлбөр хэрэгжүүлэлтээрээ аймгуудыг манлайлж байна. Дархан-Уул аймгийн хувьд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт дэд хөтөлбөрүүдийг оруулсан. Энэ нь бидний үйл ажиллагааг аймгийн захиргаанаас нэлээд дэмжлэг болж байгаа. Мөн сургууль бүр өөрийн гэсэн онцлогоор энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Сургууль бүр багшийн онцлог, хүүхдүүдийн хүсэл эрмэлзэлийн судалгааг үндэслэн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Орхигдсон чиглэл гэж байхгүй. Хөгжим, спорт, хүүхдийг уншиж, бичиж сургах гээд ямар авъяас байна тэр бүгдийг олж харахыг хичээж ажиллаж байна. Мөн Боловсролын их сургууль, Боловсролын хүрээлэнтэй хамтарч судалгаа нэлээд хийлээ. Энэ утгаараа хөтөлбөр маань амжилттай сайн хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа.
-Тухайлбал, “Хүүхэд бүрийг хөгжүүлье” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэж байна. Хүүхэд бүр хөгжих боломж байна уу?
-Хүүхэд бүрийг хөгжүүлж байж хүн ам чанартай боловсрол эзэмшинэ. Монголчууд эрт дээр үеэсээ ёс заншлаараа хүүхэд бүрийг хөгжүүлж ирсэн. Тиймээс энэ бол шинэ зүйл биш. Харин нийтээр сургадаг болсон учраас хүүхэд бүр хөгжиж чадахгүй, орхигдох асуудал их байсан. Анги танхим, урлагийн заал нь хүрэлцэхгүй байсан учраас нэг ангид 40, 50-иар нь оруулж хичээл заадаг байсан. Ингэснээр чанаргүй боловсрол бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл нийтээр нь хамруулснаас нөхцөл бололцоо нь муу болж хүүхэд бүр хөгжиж чадахаа больсон. Тиймээс хүүхэд бүрийг хөгжүүлэх гарц руу орон нутаг, аймаг, сургууль, багшаас эхлээд хичээж ажиллаж байна. Багш нар судалгаа хийчихсэн учраас хүүхэд нэг бүрээ ямар авъяастайг нь мэдэж байх жишээтэй. Тиймээс тэр хүүхдийг урлагаар, нөгөө хүүхдийг нь спортоор хичээлүүлэх хэрэгтэй гэдгийг нь багш мэддэг болсон. Харин ганц асуудал байна. Анги танхим хүрэлцэхгүй, багшийн ачаалал их байх асуудал гарч байна. Түүнээс биш хүүхэд бүрийг хөгжүүлэх нь маш чухал гэдгийг хүн бүр мэдэж, чухалчилж ажиллаж байгаа.
-Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд тулгарч байгаа ямар бэрхшээл байна вэ?
-Анги тахимын хүрэлцээ муу байна. Мөн хүүхдийг цөөхнөөр нь сургах гэхээр хууль эрх зүйн акт нь болж өгөхгүй байна. Жишээлбэл, 2-3 хүүхдийг хөгжмийн дугуйланд хамруулж байгаа юм. Гэтэл санхүүгийн шалгалт ирээд танайх 25-30 хүүхэдтэй дугуйлан хичээллүүлсэн багшид мөнгө өгөх ёстой. Гэтэл гурван хүүхэдтэй дугуйлан хичээллүүлсэн байна гээд акт тавьчихдаг. Тиймээс хамгийн хүндрэлтэй байгаа бэрхшээл бол үйл ажиллагаа нь яваад байдаг хууль эрх зүй, санхүү нь араас татаад байна. Тиймээс орчин нь бүрдэж өгөхгүй байгаа юм. Аливаа зүйлийн шинэчлэлд үйл ажиллагаагаа дагаад хууль эрх зүй, санхүү өөрчлөгддөг. Тиймээс санхүү, хууль эрх зүйг өөрчлөх хэрэгтэй байна.
Төв аймгийн Баянчандмань сумын сургуулийн захирал Э.Цэхшад: “ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ БҮТЭЭЛЧЭЭР УНШИЖ, ЗӨВ САЙХАН БИЧИЖ СУРГАЯ” УРИАТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА
-Боловсролын шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн хөтөлбөр, зорилт дэвшүүлж ажиллаж байгаа. Танай сургуулийн хувьд энэ зорилт, хөтөлбөрүүд хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Манай аймагт шинэчлэлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Мөн аймгийн хувьд нэлээд онцлогтой. Яагаад гэхээр манайх улсдаа хамгийн олон буюу 27 сумтай. Тиймээс сумдуудаа бүсчилж сургалт зохион байгуулж байгаа. Тухайлбал, хойд, баруун, зүүн, урд гэх мэт. Энэ хүрээндээ ажлуудаа дүгнэсэн. Аймгийн хэмжээнд энэ жил “Хүүхэд нэг бүрийг бүтээлчээр уншиж, зөв сайхан бичиж сургая” гэдэг уриаг дэвшүүлж ажиллаж байгаа.
-“Авъяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд ямар ажил зохион байгуулж байгаа вэ. Хэр үр дүнтэй байна вэ?
-”Авъяас” хөтөлбөр нэлээд үр дүнтэй байгаа. Тухайлбал, өмнө нь дуу хөгжим, биеийн тамир, зураг технологи зэрэг дугуйланг багш сонирхлоороо хичээллүүлдэг байсан. Харин “авъяас” хөтөлбөр хэрэгжсэнээр багш хүүхдүүдтэйгээ улам ойртож ажиллаж байна. Мөн шартын дугуйлан хичээллэж эхэлсэн.
-Багшийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудлыг сүүлийн үед нэлээд ярьж байгаа шүү дээ. Тиймээс энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Багшийн хөгжлийн хөтөлбөр гэж гарсан. Тиймээс багшийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талд Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй нягт хамтарч ажиллаж байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай аймагт 1000 багшийн чуулган болсон. Багшийг хэрхэн, яаж хөгжүүлэх ёстой вэ. Зөвхөн сургалт аваад байх ёстой юм уу гэдэгт нэлээд анхаарсан. Манай сумын хувьд нийслэлийн сургуулиудтай танилцаж туршлага судласан. Сургалтаар онолын мэдлэгээ авч байгаа ч гэсэн дадлага дээр яаж хэрхэн туршлага судлах вэ гэдэгт нэлээн ажиллаж байгаа. Мөн Баянгол дүүргийн 111 дүгээр сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Энэ хүрээнд бага ангийн багш нараа солилцож туршлага судалж, хүүхэд нэг бүрийг яаж хөгжүүлэх вэ гэдэгт санал солилцсон.