Д.ОДОНТУНГАЛАГ

Сэлэнгэ аймгийн 53 дахь намрын  “Нэгж га талбайгаас хамгийн их төмс хураасан аж ахуйн нэгж”-ээр Хушаат сумын “Элит-Үр“ ХХК шалгарсан юм. Тус компанийн захирал, ХАА-н ухааны Доктор(Ph.D) С.Нямжавтай ярилцсанаа хүргэе.

 

-Танай компани хэзээнээс эхлэн төмсний үр үйлдвэрлэлийг эрхлэх болсон бэ. Таны хувьд энэ чиглэлийн мэргэжлийн хүн байна шүү дээ?

-Манай компани 2010 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үйл ажиллагаагаа явуулж байна. Миний хувьд 1990 онд ХААДС-ийг агрономич мэргэжлээр төгсөж, 1990- 2009 он хүртэл Дарханы УГТЭШХ-ийн Төмс судлалын  секторт эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Энэ хугацаанд “Вирусгүй төмсний анхан шатны үр үржүүлэг, үрийн аж ахуйн системийг боловсронгуй болгох” судалгааны ажлыг хийж, энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан юм.

-Энэ жил танай компани шилдгээр шалгарлаа. Тогтмол амжилтын үндэс байх? 

-Манай компани сүүлийн гурван жил дараалан нэгж талбайгаас 300-320 цн/га ургац хураан авсан. Энэ амжилтаараа 2013 оны Сэлэнгэ аймгийн ургацын баяраас 35 га талбайгаас 1120 тн ургац хурааж, нэгж талбайгаас хамгийн их буюу 320 цн/га ургац хураан авсан аж ахуйн нэгжээр шалгарсандаа баяртай байна.

-Одоогийн үйлд­вэр­лэн гаргаж байгаа сортуудаасаа танилцуулахгүй юу?

-Одоогоор манай компани Герман, Голландын  Монгол оронд нутагшсан шинэ сортуудын үрийг вирусгүй төмсний үрийн аж ахуйн гурван жилийн схемээр үржүүлэн Элит үр үйлдвэрлэн төмсний үрээ шинэчлэх сонирхолтой ААН, компаниудад нийлүүлж байна. Энэ нь Дарханы УГТЭШХ-ийн  Биотехнологийн лабораторт гаргасан вирусын өвчингүй эрүүл бэсрэг булцууг худалдан авч өөрийнхөө талбай дээр усалгаанд, Герман техник  болон үр үржүүлгийн тусгай технологиор үржүүлэн элит үр үйлдвэрлэнэ гэсэн үг. Мөн Герман, Голландын үр үйлдвэрлэлийн компаниудаас нутагшсан сортуудын супер-элит үрийг оруулан ирж үржүүлэн элит болон нэгдүгээр репродукцийн үр үйлдвэрлэж байна.

-Га-гаас авч байгаа ургацын хэмжээгээр та бүхний ажлын үр дүн гарч байна гэж үзэж болох нь ээ? 

-Сүүлийн жилүүдэд нэгжээс авах ургацын хэмжээ өндөр байгаа нь олон жилийн судалгааны үр дүнд тулгуурлан үр үржүүлгийн технологийг нарийн мөрдөж ажиллаж байгаагийн ач тус. Мөн тарих үр залуу, эрүүл, чанартай  байгаа нь арвин ургац авахад  нөлөөлж байна.

-Та үрийн чанар, залуу, эрүүл үр гэж хэллээ. Энэ талаар тодруулж ярихгүй юу? 

-Би түрүүн бэсрэг булцуу тариалдаг гэж хэлсэн. Энэ нь лабораторийн нөхцөлд төмсийг соёолуулаад микроскопын тусламжтайгаар ургасан соёоны оройн нахиаг сугалан авч тусгай нөхцөлд хуруун шилэнд ургуулж, вирусын өвчнөөс чөлөөлдөг. Ингэж вирусээс чөлөөлөгдсөн ургамлыг хүлэмж болон аэропоникийн төхөөрөмжинд ургуулж жижиг булцуу (Бэсрэг булцуу) гарган авч дараа жилээс нь ил талбайд үр үржүүлгийн технологийн дагуу үржүүлж элит үр үйлдвэрлэдэг. Бид үйлдвэрлэсэн элит үрийг залуу, эрүүл үр гэж нэрлэдэг бөгөөд уг үрийг худалдан авсан газрууд 4-5 жил тариалахад ургац буурахгүй.

-Манай аж ахуйн нэгжүүд үр шинэчлэлдээ хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ААН, иргэд үр шинэчлэхийн давуу талыг ойлгож шинэ сортын элит үрээр үр шинэчлэлтийг хийж байна. “Монгол төмс” хөтөлбөр 2004 оноос хэрэгжсэнээр гадаадаас өвчлөлт багатай, өндөр ургацтай 30 гаруй сортыг оруулан ирж эрдэм шинжилгээний байгууллага, томоохон үр үржүүлэгч аж ахуйн нэгжид  туршсан. Үүний үр дүнд 2007 онд витара, импала, 2011 онд гала сортууд нутагшиж, 2011 онд солист, куарта, борвина сортууд ирээдүйтэй сортоор батлагдсан. 2013 оны байдлаар улсын хэмжээнд таригдсан нийт талбайн 80 хувьд эдгээр нутагшсан болон ирээдүйтэй сортууд байгаа. 2004 онд нийт талбайн 98 хувьд аж ахуйн нэгж, иргэд хуучирсан (хөгширсөн) астила сортын үр, хятад үрээр тариалж байлаа шүү дээ.    

-Элит үр ямар үнэтэй байна вэ?

-Үнийн хувьд 20-30 гр жинтэй нэг ширхэг бэсрэг булцуу 200 төгрөгөөр үйлдвэрлэгддэг. Европоос импортоор оруулан ирдэг супер элит үр кг нь 1800-2000 төгрөгт багтан орж ирдэг. Харин дотооддоо үйлдвэрлэж байгаа элит үр өндөр зардлаар гардаг ч кг-ыг нь 650-700 төгрөгөөр борлуулдаг. Монголд  зөвхөн Дарханы УГТЭШХ болон манай компани дээр л шинэ сортуудын элит үр  үйлдвэрлэдэг. Одоо  гала, солист сортын элит үр, Санте сортын үр хүрэлцээтэй байна.