
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Манай сонин “Хуучин дугуйны импортыг хориглоё” сэдэвт аяныг өрнүүлээд байгаа билээ. Хүйтний улирал эхлэхээр утаатай хамт гэр хорооллын айлууд дугуй шатаах асуудал ч хөндөгддөг. Тэр бүү хэл дугуй засварын газрууд мөн хог түүдэг хүмүүс дулаацахын тулд хаа тааралдсан газраа дугуй түлдэг. Энэ нь өөрийгөө бодсон өнөө маргаашаа аргацаасан хэрэг. Үнэндээ бол дугуй шатааснаар бидний мэддэггүй маш олон хорт утаа ялгарч уушгины хорт хавдар үүсгэх эх үндэс болж байгааг мэргэжлийнхэн анхааруулсаар байна. Тиймээс бид хаягдал дугуйг байгальд ээлтэй аргаар боловсруулдаг үйлдвэрүүдээр орж, сонирхож байгаа юм. Энэ удаа “Инахис” ХХК-ийн хаягдал дугуй боловсруулдаг үйлдвэрээр орлоо.
Байгальд хоргүй байдлаар дугуйг дахин боловсруулах технологийг “Инахис” ХХК-ийн захирал Н.Мөнхбаяр олон жилийн өмнөөс судалсан гэнэ. Авсрали улсад 1994 онд суралцахаар очиж байхдаа гадны орнууд хаягдал дугуйгаа дахин боловсруулдаг талаар анхны мэдлэгтэй болж. Энэ цаг үеэс дугуй боловсруулдаг үйлдвэртэй танилцаж, бас багахан хугацаанд ажиллаж ч байсан байна. Тэрээр олон судалгаа хийсний үр дүнд зургаан жилийн өмнө үйлдвэрээ нээсэн аж. Одоогоор хорь гаруй ажилтантай тэдний үйлдвэр резинэн хавтанг 14 төрлөөр хийж гаргадаг болжээ.
Анх байгуулагдаж байснаа бодвол олон хэрэглэгчтэй болсноо Н.Мөнхбаяр хэлж байсан юм. Тэр дундаа АПУ, MCS болон уул уурхайн компаниуд таван см-ийн зузаантай резинэн хавтанг их авч хэрэглэдэг байна. Учир нь резинэн хавтан зузаан байх тусмаа тоног төхөөрөмжийг чичиргээнээс хамгаалах, дуу чимээ багасгах сайн талтай байдаг гэнэ. Хаягдал дугуйг дахин боловсруулах технологи дэлхийн улсуудад тэртээ 50-60 жилийн өмнө нэвтэрч байсан түүхтэй аж. Гэтэл өнөөдөр манайд хөгжлийнхөө эхний шатанд явж байгаа нь харамсалтай. Олон улсаар явж судлагаа хийж, энэ төрлийн үйлдвэрлэл явуулж байгаа хүний хувьд манайд ямар зүйл дутагдаж байгааг түүнээс сонирхож асуусан юм. Хаягдал дугуйг шатаахад гардаг бохир утаа нь өнөөдөр гамшгийн хэмжээнд хүртэл яригдах цаг нь болсон. Харин дугуйг дахин боловсруулж үйлдвэрлэл явуулж байгаа нь сайшаалтай ч өндөр төвшинд хөгжүүлнэ гэхэд учир дутагдалтай байгааг “Инахис” ХХК-ийн захирал учирлаж байлаа. Наад зах нь химийн туслах үйлдвэрүүд манайд байхгүй байна. Энэ бүгдийг бий болгоход цаг хугацаа мөн төрийн хүчирхэг бодлого хэрэгтэй байгааг ч хэллээ.
Дэлхий дээр хамгийн түгээмэл хэрэглэдэг бүтээгдэхүүн нь мэдээж резинэн хавтан юм байна. “Инахис” ХХК-ийн резинэн хавтанг боловсруулах үйлдвэр нь тоног төхөөрөмж, технологийн хувьд олон улсын стандартад нийцсэн гэнэ. Тэрээр анх үйлдвэрээ байгуулахдаа БНХАУ, Тайвань, БНСУ-аас тоног төхөөрөмжөө оруулж иржээ. Үйлдвэрийн хүчин чадлын хувьд цагт 150 хаягдал дугуй бутлах хүчин чадалтай гэнэ. Бутлахдаа хөц будаанаас гурилын ширхэгтэй адил хэмжээтэй бутлаж чаддагаараа гадаадын үйлдвэрүүдтэй адилхан аж. Үнэндээ гадаадын улс оронд үйлдвэрлэж байгаа резинэн хавтан чанар, технологи, үйлдвэрийн тоног төхөөрөмж гээд бүх зүйлээрээ манайхтай ижил. Харин монгол хүн эсвэл хятад хүн хийснээрээ л ялгаатай шүү дээ хэмээн тэрээр хэлж байсан юм. Анх түүнийг үйлдвэрлэлээ эхлэх үед дугуй үнэгүй байдаг байж. Харин одоо байрлалаасаа хамаараад 200-400 төгрөгийн үнэтэй болсон хэмээн сонирхууллаа. Дугуйг дахин боловсруулахад хэмжээнээсээ хамааран бүтээгдэхүүний хэрэглээ ч өөр байдаг онцлогтой. Жишээлбэл, Bridgestone, Hankook зэрэг сайн чанарын дугуй нь бүрэн шаталттай учир үнэр гардаггүй аж. Тиймээс энэ төрлийн дугуйгаар хийсэн резинэн хавтанг спортын заал тохижуулахад илүү тохиромжтой байдаг байна.
Тус үйлдвэрийн 4-5 ажилтан өглөө бүр хоёр портер машинаар дугуйгаа цуглуулахаар явдаг гэнэ. Анхандаа тэд хаанаас ч хамаагүй дугуйгаа түүдэг байсан аж. Нэг явалтаар 60-90 дугуй ачиж ирдэг байна. Гэхдээ ийм хэмжээний дугуй цуглуулахад багагүй цаг ордог гэлээ. Хэсэг хугацааны дараа үйлдвэрийнхэн дугуй засварын газруудтай гэрээ хийснээр дугуйнууд бэлэн болсон үед очиж авдаг болсон гэнэ. Энэ мэт дугуйг дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэхэд боловсронгуй болгох зүйл олон аж.
Төрийн бодлого, зохицуулалт ч энэ салбарт зайлшгүй хэрэгтэй байгааг үйлдвэрийнхэн хэлж байлаа. Тухайлбал, гадаадын бүх улс орон манайхаас бусад нь шүү дээ. Эх дэлхийгээ хорт хаягдлаас хамгаалах, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих талаар багагүй хүчин чармайлт гаргадаг байна. Манай хойд хөрш гэхэд хаягдал дугуйг цуглуулж тушаавал тонн тутамд нь мөнгөн урамшуулал олгодог. Иймд хувь хүн болон үйлвдэрлэл эрхлэгчид идэвхитэй оролцдог аж. Манайд чухам ийм төрлийн төрийн зохицуулалт өгүүлэгдэж байгаа юм. Манайд нэг үеэ бодвол резинэн хавтангийн эрэлт хэрэгцээ харьцангуй ихэсчээ. Гэвч иргэд мэдээлэл муугаасаа ч тэр үү эсвэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээсээ татгалздаг болоод ч тэр үү БНХАУ, БНСУ, Турк улсаас худалдан авалт их хийдэг байна. Уг нь дэлхийн стандартад нийцсэн монгол бүтээгдэхүүнээ эх орноосоо авбал тээвэр, гаалийн зардал зэрэг олон зүйлсийг хэмнэх боломжтой.
Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь нимгэн зузаан, хэрэглээний зориулалтаасаа хамааран метр квадрат нь 22000-90000 төгрөгийн хооронд байдаг байна. Мөн тус үйлдвэрийнхэн өдөрт 10 цаг ажилладаг хэмээн ярьж байсан. Цагт 150 дугуйг буталдаг гэвэл 10 цаг ажиллахад 1500 дугуй буталдаг болно. Ингээд сард 45 мянган дугуй боловсруулдаг аж. Жилд 540000 дугуйг дахин боловсруулж байна гээд бодохоор бид багагүй хэмжээний хог хаягдлаас салах бүрэн боломжтойг харуулж байна. Ийм хүчин чадалтай үйлдвэр байгуулахад ойролцоогоор 300 мянган ам.доллар зарцуулдаг гэнэ. Монголд дугуй дахин боловсруулах үйлдвэрлэл явуулахаас гадна дэлхийд монгол резэнэн брэнд бий болгох чин хүсэлтэй ажиллаж байгаагаа “Инахис” ХХК-ийн захирал хэлж байсан юм.