УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ ХУУЛИЙГ НЭГ МӨР ОЙЛГОХ АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХ ЁСТОЙ-

Ц.ТАМИР

-Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад “эмч нарыг шоронжуулах гэсэн заалт орлоо” хэмээн эмч нар эсэргүүцээд эхэллээ. Энэ хуулийн талаар товч ойлголт өгөхгүй юу?

-Яг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн үйлдлийг огт өөрчлөхгүйгээр хуулинд хэвээр нь оруулж ирсэн. Энэ үйлдэл нь юу вэ гэхээр эмч хүн өвчтөнг эмчлэхдээ ямар нэг алдаа гаргасан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг тогтолцоо манайд байхгүй. Харин эсрэгээрээ эмчлэх үүргээ хэрэгжүүлэхгүй байвал эрүүгийн хариуцлагад татдаг. Тухайлбал, өвчтөн эмнэлэгт ирэхэд эмч үзэхгүй байсаар байгаад өвчтөн амиа алдвал эрүүгийн хариуцлагад татна. Энэ бол эмчлэх гэж оролдоод хүнээ алдах тохиолдлын тухай биш. Харин эмчлэх үүргээ биелүүлэхгүй байгаа хүний тухай яриа. Тиймээс хариуцлага байхаас өөр арга байхгүй. Эрүүгийн хуулиар хэрхэн яаж эмчлэх тухай заадаггүй. Энэ бол Эрүүл мэндийн тухай хуулийн асуудал. Эрүүгийн хуулиар ямар үйлдлээс хүнийг хамгаалах вэ гэдгийг заадаг. Энэ ял шийтгэлийн тухай асуудал учир энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох ёстой. Эрүүгийн хууль бол гурван сая иргэний амь нас, эрүүл амьдрах уу гэдэгтэй холбоотой хууль. Түүнээс эмч нарт зориулсан хууль биш. Хэрвээ ингэж хэт туйлшраад байвал алуурчид “Намайг хүн аллаа гээд шийтгэх гээд байна” гэж жагсах уу гэдэг асуудалтай л ижил болно.

-Эмч нарын хувьд олон удаагийн хагалгаа, эмчилгээнд эрсдэл учирч хүний амь эрсдэх тохиолдол байдаг. Энэ эрсдэлийг 100 хувь урьдчилан мэдэх боломжгүй учраас үүнээс үүдээд яллагдах нь гэж ойлгоод байгаа. Гарсан үр дүнгийн тухай биш, эмч эмчлэх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарсан асуудалтай холбоотой юм байна, тийм үү?

-Тийм. “Зохих ёсоор үүргээ биелүүлээгүйгээс” гэдэг үгийг ойлгох хэрэгтэй. Энгийн жишээ гэхэд сувилагч нэг удаагийн тариураар хүн эмчлэх ёстой. Энэ бол тухайн сувилагчийн мэдэж байгаа зохих ёсны үүрэг. Гэтэл олон арван хүнийг тарьчихсан бол тухайн хүмүүс нь халдвар авч, эрүүл мэндэд нь эрсдэл үүсч байгаа бол энэ гэмт хэрэг. Хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, зохих ёсоор хэрэгжүүлэхгүй байх гэдэг эрүүл мэндийн салбарын бүх хүнд хамаатай. Учир нь тэд зохих ёсны үүргээ мэдэж байгаа шүү дээ. Дан ганц эмч дээр гэж ойлгож болохгүй. Тухайлбал, асрагч гэрээр хүн асарч байгаад өвчтөнөө хараагүйгээс болж тухайн өвчтөн орноосоо унаж бэртээд амиа алдлаа гэхэд энд мөн л хүний амь хохирч, тухайн асрагч зохих ёсны үүргээ биелүүлээгүйгээс үүдэн цаана нь гомдол гарч байгаа учраас хариуцлага хүлээх л болно. Хуулиар заасан үүргээ мэддэг мөртлөө биелүүлэхгүй байна гэдэг чинь хууль зөрчсөн асуудал мөн биз дээ. Энэ бол санаатай үйлдэл байхгүй юу. Болгоомжгүй хэрэгтэй холбоотой асуудал биш юм. Эмч хүн дээд боловсролтой шүү дээ. Хуулиа уншаад, өөрийнхөө үүргийг ч мэдэж байгаа. Тэгэхээр энэ бол санаадгүй болоод, мэдэн будлиад өнгөрөх болгоомжгүй асуудлын тухай биш юм.

-Хууль зүйн байнгын хороо нууцаар хуралдаж, Н.Энхбаярыг өршөөх хуулийн төслийг хэлэлцээд баталсан гэх асуудал яригдаж байна?

-Хууль зүйн байнгын хороо ямар нэг асуудлыг нууцаар хэлэлцээгүй. Хууль зүйн байнгын хороон дээр хуулийг нэг мөр ойлгохтой холбоотой тогтоол гаргахгүй бол асуудал үүсч байна гэдэг л зүйл болсон. Энэ нь Өршөөлийн хуультай холбоотой. Яагаад гэвэл Өршөөлийн хуулийн 6-р зүйлд дөрвөн хугацааг өршөөсөн байгаа. Тэрний нэг нь “ялтай байдлын хугацаа”-г өршөөсөн. Үүнд ерөнхийлөгч хориг тавиагүй. Хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

-АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн мэдүүлэгт Н.Энхбаярын ялтай байх хугацаа дуусаагүй гэж мэдүүлсэн байсан шүү дээ?

-Хууль зүйн байнгын хороон дээр АТГ-ын энэ мэдүүлгийн талаар ярьсан. Харамсалтай нь АТГ-т Өршөөлийн хуулийг тайлбарлах эрх байхгүй. АТГ хэн нэгэн албан тушаалд томилогдох гэж байгаа хүнд сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодорхойлдог болохоос биш түүнийг ял эдэлж байгаа, эдэлж байсан эсэх талаар дүгнэлт гаргах эрх ямар ч хуулиар АТГ-т олгогдоогүй.

-Тэгэхээр УИХ энэ асуудлыг хэрхэх ёстой вэ?

-УИХ хууль зөв хэрэглэх талаар биш, хуулийг нэг мөр ойлгох асуудлыг цэгцлэх ёстой. Өөрсдийнх нь тогтоосон хуулийг гуйвуулж хэрэглэж байгаад тайлбар хийх ёстой. Энэ хуулийн хэрэгжилтийг хангах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм. Бүрэн эрхийнхээ хүрээнд ялтай гэдэг хугацаа өршөөгдсөн гэдэг нэгдсэн ойлголтыг өгөх хэрэгтэй. Энэ бол ганцхан Н.Энхбаярын асуудал биш юм. Цагдаагийн тодорхойлолт авч байгаа бүх хүнд хамаатай.

-Энэ тайлбарыг гаргахын тулд тогтоол гаргах ёстой гэсэн үг үү?

- Тэгнэ. Тогтоол гаргах ёстой.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй гэж ойлгож болох уу?

-Н.Энхбаярын тухайд өмнө нь авсан ял, гэмт хэргийнхээ тухайд бол өршөөгдсөн. Харин одоо шалгагдаж байгаа болон цаашид шалгагдах хуулийн асуудал дээр урьдчилан хэлэхгүй шүү дээ. Н.Энхбаярын асуудал гэж харах шаардлагагүй л дээ. Сонгох, сонгогдох эрхээ эдлэх гэж байгаа хүн бүхэнд хамаатай асуудал юм. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагддаг. Энэ эрх мэдлийг хэн дуртай нь өөрөө өөрийнхөө хэрэглэж болохгүй. Тэр нь АТГ байна уу, ерөнхийлөгч байна уу яг адилхан. Энэ бол Үндсэн хуулиар заагдсан бүрэн эрх. Н.Энхбаяр гэдэг хүнийг “ялгүй болгох хугацаа нь дуусаагүй тохиолдолд  албан тушаалд томилохыг хориглосон” гэдэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009 онд өөрийнх нь санаачилсан Өршөөлийн хуулиар өршөөгдсөн.

Эх сурвалж: www.medee.mn