Д.БОЛОРМАА

Энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаа алс холын БНСУ-ын Сөүл хотоос бэлтгэлээ. Өнөөдөр Чингисийн 107 мянган монгол дэлхий даяар тархан аж төрөн амьдарч байна. Энэ цаг үед бид зөвхөн эх орондоо байгаа гэхээс илүү хилийн чанадад ажиллаж амьдарч буй залуусын хүсэл мөрөөдлөөс сонирхож эжий аав, элгэн садных нь гүүр болохыг зорилоо.

Нийтлэлийн баатрыг маань М.Бат-Эрдэнэ гэдэг, 32 настай идэрхэн залуу. Түүнийг сурвалжлагадаа урихад төдийлөн дуртайяа хүлээж аваагүй ч нэг болзолтойгоор зөвшөөрсөн юм. Энэ нь хувийнхаа амьдрал тэр дундаа эхнэр, хүүхдийнхээ зургийг оруулахгүйгээр ярьж хөөрвөл болно гэж байна. Аливаа хүнд хамгаас эрхэм зүйл нь гэр бүл байдаг учраас бид ч гэсэн шаардлагыг нь хүлээн зөвшөөрлөө.

М.Бат-Эрдэнийнх Сөүл хотынхоо төвд шахуу амьдардаг бололтой. Нөгөө монголчуудын ихээр цуглардаг газар болох Түндэмүн дүүргийн ойролцоо гэсэн үг. Заасан хаягийнх нь дагуу метро дамжин очиход “Сайн явцгааж байна уу. Ядарч байна уу” хэмээн нүдээрээ инээсэн залуу угтан тосч ирсэн нь М.Бат-Эрдэнэ байлаа. Тэрээр гэртээ ганцаараа байгаа гэнэ. Эхнэр нь ажилдаа явж, өөрөө энэ өдөр амарч таарчээ. Зорьсон ажил, Монголын цаг уур, Сөүл хотын их хөдөлгөөний тухай хууч хөөрсөөр гэрт нь орлоо. Түүний гэр Солонгос кино дээр гардагаас өөр юм байна. Цомхон нэг өрөө. Мэдээж жижигхэн ч гэлээ халдаг шал, агааржуулагч, салхивч гээд бүгд байна. Ингээд М.Бат-Эрдэнэ бидний дунд  ийм нэгэн яриа өрнөлөө. Сурвалжлага хэмээн сэтгүүлч нь өөрөө дүгнэлттэй бичсэнээс илүү ажил амьдралаа сайжруулахаар явсан эгэл жирийн монгол залуугийн тулгарах бэрхшээлээс эхлээд юу ярьж хэлэх нь уншигч танд сонин биз ээ.

-Бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Эх орон, эжий аав, ахан дүүс, найз нөхөдтэйгээ мэндчилэх боломж нээгдлээ. Үүнээс гадна монголчууддаа, төр, засагтаа хүргэх юмсан гэж боддог зүйлээ  хэлэх боломжтой боллоо. Хэлж болно биз дээ?

-Бололгүй яах вэ. Үүнийг чинь сонсох гэж ирлээ шүү дээ. Тэр хүргэх гэсэн үг тань нэлээд чухал мэт санагдлаа?

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа залуусынхаа эзэмшсэн мэдлэгийг эх орныхоо бүтээн байгуулалтад ашиглаач гэж. Үүнийг хоёулаа ярилцлагынхаа төгсгөлд нухацтайяа ярилцъя.

-Тэгэлгүй яах вэ. Ийм сайхан санаа гаргаж байгаад чинь бас талархлаа. Ингэхэд М.Бат-Эрдэнэ гэж хэн бэ.  Яаж яваад БНСУ-д ирж ажиллахаар  болов?

-Намайг миний ойр тойрныхон зурагнаас маань хараад таньж байгаа байх. Би бусдын л адил ажил амьдралаа сайжруулах гэж Солонгосыг зорин ирсэн эгэл жирийн залуу. Ирээд багагүй хугацаа үджээ. 2003 онд ирсэн гэхээр 10 жил болсон байна. Миний аавыг Миша, ээжийг маань Нанзад гэдэг. Хоёр сайхан буурал бий. Тэд маань өдгөө ач, гучаа тойруулаад  Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд амьдарч байгаа. Түнхэл тосгонд миний бага нас өнгөрсөн. Аав мод үржүүлгийн газар насаараа ажилласан бол ээж маань боловсролын салбарт өтөл болтлоо ажиллажээ. Би эхээс аравуулаа. Айлын бага нь. Харин энд ирэх болсон шалтгаан нь ойлгомжтой. Ажил амьдралаа сайжруулъя, хар бараан гэж ажил гололгүй хийж хэдэн арван төгрөг цуглуулъя гэж. Анх ирж байсан М.Бат-Эрдэнэ гэж юугаа ч мэдэхгүй залуу байлаа. Хэл усыг нь мэдэхгүй, хоолыг нь идэж чадахгүй. Харин энэ үед тусалсан ах нар гэвэл зөндөө бий. Нэрийг нь хэлээд яах вэ, Монголдоо нэртэйд тооцогдох яруу найрагч ах надад хүний нутагт хэрхэн яаж амьдрах, яаж солонгосчуудын арга эвийг олох болоод хувийн зохион байгуулалтын талаар зааж өгсөн дөө.

-Ирснээс хойш 10 жил өнгөрсөн гэхээр олон ажил хийж үзсэн байх. Хаана, хаана ажиллав?

-Айл нүүлгэхээс эхлээд таван газар ажиллаж үзлээ. Мэдээж хүний нутагт ажиллаж байгаа бидэнд тийм ч таатай сайхан юу байх билээ. Ажлын шахалт шаардлага гээд тулгарах бэрхшээл бишгүй байлаа. Одоо бол харьцангуй удсан болоод ч тэрүү ямар ч хүнтэй зохицоод арга эвийг нь ажиллаад сурчихсан гэхэд болно. Би чинь Сөүлд ирээд удаагүй байна аа. Эхнэр бид хоёр өмнө нь өөр хотод байсан юм.

-Өнөөдөр таны амралтын өдөр гэл үү. Ер нь солонгосчуудын ажлын цаг хэр урт байдаг юм бэ. Монголчуудыг өглөөнөөс эхлээд үдшийн бүрий хүртэл ажиллуулдаг гэдэг юм билээ?

-Хүнд үйлдвэрүүдийн ажлын цаг урт байж магадгүй. Гэхдээ миний эргэн тойронд байгаа монголчууд хөдөлмөрийн хуулиас давсан хүнд нөхцөлд ажилладаг хүн байхгүй. Зөвхөн ажлын найман цагтаа л ажиллуулдаг шүү дээ. Заримдаа буруу мэдээлэл нийт массыг хамаарчих гээд байдаг юм. Ер нь энд ажлын цаг өглөө 09 цагаас эхлээд орой 19 цаг хүртэл үргэлжилнэ. Төрийн байгууллагууд нь ажлын таван өдөртэй. Харин үйлдвэрүүд нь ажлын таван өдрөөс гадна бямба гаригт хагас ажилладаг.

-Та тэгвэл долоо хоногийн нэг л өдөр амардаг байх нь?

-Тийм ээ. Доголонгийн газар доголон, сохрын газар сохор яв гэдэг шиг “Би ядраад байна” гээд ажлаас хойрголож болохгүй шүү дээ. Эхнэр, хүүхдүүд, эжий аавынхаа төлөө ямар ч зовлон бэрхшээл тулгарсан даваад гарах сэтгэл надад бий. Хүнд хамгийн сайхан жаргал гэвэл элэг бүтэн, энх тунх амьдрал юм шүү дээ. 

-Тийм ээ. Эх орон, ээж, аавыгаа санаад уйлдаг уу. Таны алаг үрс бас Монголдоо хүлээж суугаа байх?

-Х.Баттулга сайдын нэвтрүүлэгт уйлсан бичлэг санаанд орчихлоо. Надад яг түүн шиг уйлах үе олон бий. Хүүгээ, охиноо маш их санаж байна. “Аав аа” гэж хэлд орохоос нь өмнө нь Монгол руугаа явуулчихсан юм шүү дээ. Эхнэр бид хоёулаа ажлаа хийж байж зорилгодоо хүрчихээд эх орондоо харих маш том төлөвлөгөөтэй. Хүүгээ Солонгост өсгөж болох л байсан. Гэвч хурдан буцахын тулд хүүгээ явуулсан минь тэр. Одоо хүүгээ интернетээр л харах юм шүү дээ. Миний хүү сайн дураа хүрвэл камераар ярилцахдаа“Аав аа, ээж ээ” гэж дуудна. Дургүй нь хүрвэл “Ах, эгч” гэнэ шүү. Миний хүү чинь жаахан юм шүү дээ. Харах бүрийд л хайр хүрээд зүрх огшоод байдаг юм аа.  Би хүүхдүүддээ аав шиг ээ сэтгэгдэл үлдээх юмсан гэж боддог. Магадгүй миний аав энэ хорвоогийн хамгийн уужим ухаантай хүн байх. Хүүхдүүдээ тэр бүр зэмлэхгүй. Буруу зүйл хийвэл жинтэйхэн нэг зэмлэнэ. Тэр үг нь бидний тархинд гүн тусна. Муу аавыгаа санах л юм даа. Хадам аав, ээж  гэж бас сайхан буурлууд бий. Энэ бүхнээс гадна эх орноо би дэлхийн хамгийн сайхан нь гэж хэлнэ.

-Нутгаасаа гарахаар эх орноо улам ихээр санадаг шүү дээ?

-Монголдоо байхдаа өндөр хөгжилтэй улс оронд очиж ажиллахсан гэж боддог. Тэгвэл тэр хөгжилтэй нутагтаа ирэхээр аглаг тал, адуу мал гээд бүхнийг нүдэндээ дүрслэн санадаг юм байна. Эх орон гэдгийг би насанд ганцхан олдох нарны доорх диваажин гэж боддог. Миний эх орон эрдэнэсийн баян сан, ухаант дээдсийн зуун зуунаар бадрааж ирсэн гал голомт, мөнхийн их заяат хүмүүсийн тэнгэр тэтгэсэн их ухааны үргэлжлэл, тэртээ зуунаас өдгөөг хүрсэн аугаа их эзэн Чингисийн нутаг, ард түмний минь дуулж жаргасан өлгий. Эх орон гэдэг бол хүн гэж дуугаа хадаасан анхны өдөр. Хөлд орж мөрөө гарган гишгэсэн газар шороо, амьдрахад агаар нь цэнгэг, цэнхэр тэнгэр нартайгаа зулай дээр цэлийдэг, цэнгэг ус долгионтойгоо зуслан газар шуугидаг, моддынх нь дунд хайр амталсан, оддынх нь зүг хараа бэлчээсэн ийм сайхан замбуулингийн нэгээхэн хэсэг нь миний эх орон.

-Та эхнэрээ танилцуулж болох уу. Зургийг нь нийтлэхгүй гэснээс биш танилцуулж болно биз дээ?

-А.Түвшин гэдэг сайхан бүсгүй бий. Намайг энд ирсний дараа араас ирсэн юм.  Ханийнхаа хайр, халамжинд “согтоод” ээж аав, үрээ бага санадаг гэж боддог шүү /инээв/.

-Ингэхэд та зорилгоо биелүүлчихээд эх орон руу буцна гэж байна. Таны төлөвлөгөө хэзээ биелэхээр байна. Хэзээ эх орондоо очих юм?

-Арай болоогүй байна. Гэхдээ удахгүй. 2-3 жилийн дараа харих болов уу.

-10 жилийн дотор ямар хэмжээний мөнгө цуглуулав. Нууц биш бол?

-Миний хэдэн төгрөг цуглуулсан нь тийм ч сонин биш болов уу. Нөгөө талаас авч байгаа цалин маань шууд хадгаламж болж өсдөггүй юм шүү дээ. Байрны түрээс, идэж уух, өмсч зүүх гээд зардал их гарна. Өндөр хэрэглээтэй улс болохоор авах цалингийн маань цөөнгүй хэсэг нь түүнд  зарцуулагдана.

-Түрээсийн байр чинь хэд вэ?

-Нэг сарын 500 мянган вонн. Монгол мөнгөөр 850 мянган төгрөг.  Өнөөдөр нийт монголчуудын дунд энд ажиллаж байгаа хүмүүсийн талаар буруу мэдээлэл байдаг. Хар ажил хийсээр байгаад буцдаг гэж. Тэгвэл шууд тэгж ойлгож болохгүй. Бид энэ улсын техник, технологиос маш их суралцдаг. Монголд нэвтрээгүй эсвэл дөнгөж нэвтэрч байгаа техникийн эд ангийг угсраад эсвэл бүтээгээд сурчихсан байдаг байхгүй юу. Магадгүй Солонгост олон тооны  ажилчин илгээсэн нь Монгол төрийн бодлого байх гэж ойлгодог.

- Та бүхнийг сурал­цуулчихаад эргэж ашиглах гэж үү?

-Тийм ээ. Солонгосын хөгжил өөрөө ч тийм юм билээ. Бусдын эзэмшсэн мэдлэгийг олж авахын тулд их, бага гэж ажил голохгүй. Дараа нь тэр мэдлэгийг бүрэн эзэмшсэнийхээ дараа өөрийн хувийн бизнесээ эрхлээд явчих боломжтой. Үүнтэй адилхан Солонгост ажиллаж амьдарч байгаа 30 мянган иргэнийхээ эзэмшсэн мэдлэг, дадлага ажлыг  эх орныхоо бүтээн байгуулалтад зориулаасай гэж хүсч байна. Хэрэв сурсан, мэдсэнээ эх орондоо ажиллаж үр дүнг нь гарга гэвэл би дуртайяа зөвшөөрнө. Үүнийг Монголын төр, засаг анхааралдаа аваасай гэж хүсч байна.

-Монголчуудад ийм нэг төсөөлөл бий. Солонгост эрүүл мэндээ умартан ажиллачихаад өнөөх цугуулсан хэдийгээ дараа нь биеэ эмчлүүлэхэд зарцуулдаг гэж. Энэ нь ажлын орчин хүнд, хөнгөнөөс хамаарах байх?

-Тийм зүйл байхыг үгүйсгэхгүй. Хүн өөрөө ажил амралтаа зохицуулах нь зөв. Түүнээс энд байгаа монголчууд маань амралтын өдрөөрөө архидан согтуурч асуудалд орооцолдох эсвэл ажил тасаллаа хэмээн бангадуулах нь олон. Түүний оронд өөрийнхөө эрүүл мэнд, хөгжилд ашигтай байдлаар амралтын өдрөө өнгөрүүлэх ёстой гэж боддог.

-БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн нэг бэрхшээл гэвэл нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн даатгал байдаг. Таны ажиллаж байгаа газар даатгалыг чинь төлдөг үү?

-Гэрээний дагуу гэдэг утгаараа нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөх ёстой. Харин хараар ажиллаж байгаа хүмүүст энэ үнэхээр хүнд асуудал. Яах вэ, одоо бол өөрсдөө төлж байгаа. Хуучин цагт төлсөн бүх мөнгө нь Солонгосын тал руу орчихдог байсан. Энэ нь засагдсан ч ажил олгогч биш өөрсдөө төлөх шаардлага тулгарч байгаа юм. Эрүүл мэндийн даатгалын хувьд ч гэсэн ялгаагүй. Өөрсдөө төлнө. Миний ойлгосноор БНСУ-ын Засгийн газраас Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эсвэл уул уурхай, барилгын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Тэгвэл Монгол талаас энд хараар ажиллаж байгаа иргэддээ виз олгох, даатгалд хамрагдах талаас нь ярилцаасай гэж маш их хүсдэг. Энэ саналыг Солонгост байгаа олон хүн дуу нэгтэйгээр хэлэх байх.  Яагаад гэвэл хараар ажиллаж байгаа нөхөд маань үнэхээр дарамтан дор ажиллаж амьдардаг байхгүй юу. Даргынхаа тавьсан буруу шаардлагын өөдөөс ч үг хэлэх эрхгүй. Дандаа хүний эрхшээлд шахуу. Хэрэв өөдөөс нь үг хэлбэл бариад өгчих болов уу гэж айгаад үзэл бодлоо шууд илэрхийлж чадахгүй хүний үгээр явдаг тал бий. Тэр талаас нь харласан иргэдэд виз олгох гэж хоёр тал ярилцаасай.

-Харласан хүмүүс монголоор ярихаас ч эмээдэг гэсэн үү?

-Тэр ойлгомжтой. Мэдээж хүний нутагт хууль бусаар байгаа хүн дарамттай явж тааран шүү дээ.

-Таны ойр тойронд харласан иргэн олон биз?

-Байлгүй яах вэ дээ. Хууль бусаар оршин суудаг 6000 орчим монгол иргэн байгаа гэж суугаа орны Хууль зүйн яам, цагаачлалын алба хэлдэг юм билээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 8000 орчим монгол иргэн хөдөлмөр эрхэлдэг. Албаныхны мэдээллээр бол иргэний шинэчилсэн бүртгэлд Солонгосын 14 мянган монгол иргэн хамрагдаад байгаа, үндсэндээ визний хугацаа нь дууссан, паспортын зөрчилтэй иргэд түлхүү бүртгэл хийлгэсэн байдаг. Хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг иргэдийн хувьд ЭСЯ-наас дөлөөд явна гэж байхгүй, шаардлага гарсан нөхцөлд зөвлөгөө авдаг, бичиг баримтынх нь зөрчлийг аль болох шуурхай шийдвэрлэж өгөх чиглэлээр ажилладаг гэх юм билээ.  Ер нь нэг удаа визжүүлж өгөх хүсэлтийг түлхүү тавьдаг гэсэн.  Гэвч энэ асуудал хүндрэлтэй хэвээр байна. Харин их, дээд сургууль болон хэлний богино хугацааны сургалтад хамрагдаж байгаа 5000 орчим оюутан залуус бий гэсэн.  Магистр, баклаврын зэргээр суралцаж байгаа оюутнуудын дунд бизнесийн удирдлага, хууль, олон улсын харилцаа, солонгос судлал зэрэг мэргэжил голлож байна. Ажиллах хүчний тухайд, Солонгос нь өөрийн иргэн тэр бүр ажилладаггүй салбар, мэргэжил, нутаг оронд гадаадаас ажиллах хүч авдаг. Монголчууд барилга барих, хуучин барилга  буулгах, эрүүл ахуй орчин нөхцөл нь хүнд хими технологийн үйлдвэр, загас агнуурын үйлдвэр тэр дундаа алслагдмал районуудад ажиллаж байна.

-Гэхдээ та бүхнийг эх орон чинь хүлээж байна. Хүний нутагт хэцүүхэн явснаас эх орондоо эзэн шиг явсан нь дээр хэлэх байна. Монголд бүтээн байгуулалт өрнөж байгааг та лав дуулсан биз дээ?

-Санал нэгтэй байна. Удахгүй эх орондоо очно оо.

-Илэн далангуй ярилцсанд тань баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Энэ завшааныг ашиглаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд суугаа аав Миша, ээж Нанзад болон ах дүү болон элгэн садан, хадам аав, ээж хоёр болон А.Түвшин бид хоёрыг таньдаг бүх хүмүүст амар мэндийг дамжуулъя. Хүү нь сайн яваа юм шүү. Санаа битгий зовоорой. Удахгүй уулзахын ерөөл тавия. Ээж, аав хоёртоо зориулаад нэгэн сайхан аялгуу баръя. Болох уу. С.Жавхлангийн Алсад суугаа ээжийг.

-Тэгэлгүй яах вэ?

Эх хүү хоёр хүйн холбоотой байдаг. Эхийн сэтгэл үрд, үрийн сэтгэл ууланд гэж ярьдаг. Гэхдээ би ууланд сэтгэлээ хаячихсан хүү явахгүйг хичээдэг. Ээж минь үр биднийхээ төлөө л эмтрэнэ. Өөртөө байгаа бүхнээ үрдээ л гэнэ. Тэр агуу сэтгэлийн ачийг яаж хариулж барахав. Өдий хүртэл намайг гэсэн ээжийнхээ сэтгэлийг би үргэлж бодож явдаг. Болж өгвөл ээжийгээ баярлуулах гэж хичээдэг. Ээждээ би гэнэтийн гэнэтийн бэлэг өгөх их дуртай. Болж өгвөл аятайхан юм идүүлчих юмсан. Аятайхан юм өмсүүлчих юмсан гэж бодож явна.

 

Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад

Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод

Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд

Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ

Алсад суугаа ээжий минь

Амин хайртай шүтээн минь билээ...хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн байж дуулж өглөө. Зөв бодолтой энэ залууд эх оронтойгоо золгож, элгэн садантайгаа уулзах цаг удахгүй байх аа.