
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Манай сонины “Хуучин дугуйны импортыг хориглоё” сэдэв, хэлэлцүүлэг үр дүнгээ өгч эхэллээ. Хэд хоногийн өмнө Их хурлаас Засгийн газарт энэ талаар анхаарч үүрэг өгсөн. Аливаа зүйл хоёр талтай, эсвэл юм хийж байгаа хүн л шүүмжлүүлдэг гэдэг. Үүний жишгээр бидний энэ санаачлагыг “Ард түмний амьжиргаа ийм дорой байхад ийм санаа гаргаад байгаа чинь буруу. Өнөөдрийн монголчууд хуучин дугуй л худалдаж авах чадалтай байхад...” гэсэн эсэргүүцэл ирж байгааг нуух юун. Гэвч бид хүний амь нас, эрүүл мэндээс чухал хэдэн төгрөг гэж байх ёсгүйг урьтал болгосон билээ. Цаашилбал, Монгол Улсын эдийн засаг, байгаль орчин, байнга зовоодог утаа гээд хуучин дугуйг импортлохгүй байх түмэн шалтаг байна. Машин тэргэндээ яаж ийгээд шинэ дугуй тавьж байя. Амь баталгаатай, эрүүл, байгаль дэлхий минь сайхнаараа, бас дээрээс нь эдийн засгийн хэмнэлттэй. АНУ-д бол жилд дунджаар 300 сая дугуй хаягдал болдог гэнэ. Гэсэн ч америкчууд хуучин дугуйгаа дахин боловсруулснаар байгальд хоргүй, хүнд ээлтэй байдлаар асуудлаа төвөггүй шийдэж чаддаг ажээ. Хэрэв дугуйг зүгээр л хаячих гэвэл хөрсөнд огт шингэж алга болдоггүй. Хор хөнөөл нь ч их. Шатаавал эрүүл мэндэд маш хортой утаа ялгардаг. Ингэлгүйгээр зүгээр хадгалах гэвэл төрөл бүрийн өвчний нян тээж хүн, амьтанд халдварлуулах аюултай байдаг гэнэ. Иймд хуучин дугуйны импортыг хориглож, одоо байгаа хаягдал дугуйгаа дахин боловсруулж болох юм. Америк маягаар гэсэн үг шүү дээ. Манайд ийм боломж бий юу. Хайж үзлээ. Байдаг юм байна. Хаягдал, хэрэгцээнээс хасагдсан дугуйг дахин боловсруулах үйлдвэр манайд хоёр байдаг юм байна. Одоохондоо шүү дээ. “Нью Тушида”, “Мongol Rubber” гэдэг хоёр компани байв. ХУУЧИН ДУГУЙГ ШАТААХГҮЙ, ХАЙЛУУЛАХГҮЙ ДАХИН БОЛОВСРУУЛДАГ Бид “Нью Тушида” компанийхантай холбогдож хуучин дугуйг яаж боловсруулдаг талаар нь сурвалжлахаар боллоо. Захирал нь уриалгахан хүлээн авч биднийг “Эмээлт” захын ойролцоох үйлдвэртээ аваачиж танилцуулсан юм. Дугуйг дахин боловсруулах технологи манайд саяхнаас нэвтэрсэн гэж болох ажээ. Энэ үйлдвэр гурван жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Биднийг үйлдвэр дээр нь очиход ажилтнууд нь хаягдал дугуй цуглуулаад ирж байгаатай таарлаа. Тэд дугуйгаа ихэвчлэн дугуй засваруудын газраас очиж авдаг гэнэ. Сүүлийн үед хүмүүс дугуйг түүгээд тэдэнд 300 төгрөгөөр зардаг болсон талаар ч ярьж байлаа. Хамгийн олзуурхууштай нь “Нью Тушида” компанийнхан хуучин дугуйг шатаахгүй, хайлуулахгүйгээр боловсруулдаг үйлдвэртэй ажээ. Товчхондоо, байгальд ээлтэй технологи гэсэн үг. Монголын нөхцөлд үйлдвэрийн гол түүхий эд болох хуучин дугуй олдохгүй, ховордчих болов уу гэсэн асуудал одоогоор байхгүй. Дугуй боловсруулах технологи нь их энгийн юм байна. Эхлээд дугуйг тусгай машинд хийж нэг талыг нь задалдаг. Дараа нь өөр машинаар нарийн тууз болгож хэрчдэг. Үүний дараа дөрвөлжин хэлбэртэй болгон тасална. Ингээд тусгай машинаар буталдаг аж. Дараа нь буталсан резинийг том жижгээр нь шигшин ялгаж гаргана. Эцэст нь бэлэн болсон резинэн үртсээ шахдаг машинд хийснээр хэвлэмэл резинэн хавтан бий болдог ажээ. Үүгээр юу ч хийж болно. Хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, шат, цутгамал гүйлтийн зам, цэцэрлэг, сургуулийн спорт заал, талбайн хавтан... гээд юу л бол юу хийж болох юм байна лээ. “Нью Тушида” компанийн менежер Э.Тэмүүлэнгийн тайлбарласнаар, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний онцлог нь хальтрахгүй, угааж цэвэрлэх боломжтой зэрэг эрүүл ахуй, аюулгүйн талаасаа ашиг тус ихтэй гэнэ. Мөн цас, бороо орсон үед маш хурдан хатдаг аж. Хуучин дугуйнуудаа яах вэ гэж толгойгоо өвтгөж байгаа бидэнд ямар ч хог хаягдалгүй, утаа тортоггүйгээр дахин боловсруулалт хийж байгаа нь асуудлыг шийдэх оновчтой аргын нэг яах аргагүй мөн ажээ. Тиймээс холбогдох байгууллага, албан тушаалтнууд “Нью Тушида”, “Мongol Rubber” компаниудыг санхүүгээр, бодлогоор дэмжмээр санагдсан. Өнөөдөр дэлхий дээр хаягдал дугуйг дахин боловсруулах үйлдвэргүй улс гэж бараг байхгүй юм байна. Ийм үйлдвэрүүд нь автоматжсан. Машины нэг талд нь дугуйг хийж байхад нөгөө талдаа жижиг үртэс болон гарч байх жишээтэй. Гэхдээ бидний очсон “Нью Тушида”, компанийн үйлдвэрийн хувьд таваас зургаан ажилтантай. Гар ажиллагаа нэлээд их орж байгаа харагдсан. Аргагүй ээ, Монгол шүү дээ. Зөв технологитой ийм үйлдвэр орж ирсэн нь сайн гэж бодогдсон. Сүүлийн үед монголчууд эрүүл мэнддээ анхаарч, үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болсон болохоор манай бүтээгдэхүүнийг их сонирхох болсон хэмээн тэд ярьцгааж байлаа. “Нью Тушида” компанийнхан өнгөрсөн зун Ататуркийн нэрэмжит V дугаар бүрэн дунд сургуулийн гүйлтийн зам бас Хүүхдийн парк болон зарим орон сууцны өмнөх тоглоомын талбайд резинэн хавтангууд тавьж тохижуулсан байна. Ийм резинэн бүтээгдэхүүний эдэлгээ болон насжилт нь бүтээгдэхүүний төрлөөсөө хамааран 20-40 жил ашиглаж болдог ажээ. Мөн хөлбөмбөгийн талбайд резинэн үртсийг цацаснаар хальтрахаас бүрэн сэргийлж болохыг үйлдвэрийн менежер сонирхууллаа. Монголчууд одоогоор иймэрхүү бүтээгдэхүүнийг л үйлдвэрлэж хэрэглэж байна. ХАЯГДАЛ ДУГУЙГААР ХАР ЗАМ ТАВЬЖ БОЛНО Манайхан ОХУ, БНХАУ-аас 50х50 хэмжээтэй резинэн хавтанг 50-60 мянган төгрөгөөр оруулж ирдэг гэнэ. Түүнтэй яг ижил технологиор хийсэн резинэн шалавчийг арай хямд үнээр тэднийхээс авах боломжтой юм байна. Мөн машины олгой хамернаас 100 хувийн цэвэр резин гардаг учир зөвхөн гүйлтийн зам цутгахад ашигладаг байна. Английн томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийн гүйлтийн замыг энэ технологиор хийдэг ажээ. АНУ-д хаягдал, хуучин дугуйг үртэс болгон асфальттай хольж замаа тавьдаг аж. Ингэснээр дуу чимээ багатай, эдэлгээ сайтай зам болдог байна. Өөрөөр хэлбэл америкчууд зам тавихдаа 80 хувь нь асфальт, 20 хувь нь заавал резин байх ёстой гэсэн зарчмыг барьдаг гэнэ. Резин нь өөрөө чийгшил сайтай учраас замыг тодорхой хэмжээнд чийгшүүлж байдаг. Ингэснээр зам хагарах нь бага байдаг юм байна.Зарим улс оронд хуучин дугуйн үртсийг цементийн үйлдвэрт хүртэл ашигладаг аж. Канад, Австрали зэрэг улсад замын асфальттай холихоос гадна резинэн шаахай, хиймэл өвс гээд хийхгүй зүйл байдаггүй гэсэн. Энэ төрлийн үйлдвэрийг оруулж ирэхийн тулд манайхан багагүй хугацаанд судалгаа хийжээ. “Нью Тушида” компанийн менежер Э.Тэмүүлэн л гэхэд БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж, тэндээс нэлээд зүйлийг сурсан гэнэ. Харин нэгэнт ороод ирчихсэн дахиж хэзээ ч ашиглах боломжгүй, халзарч, цоорсон дугуйнуудыг яах вэ. Энэ бол юуны өмнө тулгарч сэтгэл зовоох асуудал билээ.