Э.ОРХОНСҮРЭН

Эрдэмтдийн оюуны бүтээлийг хамгаалах үүднээс шинжлэх ухаан, технологийн салбарт нээлт хийсэн бүтээлд 100 сая төгрөгийн урамшуулал олгох тогтоолыг Засгийн газар 2007 онд гаргасан байсан. Энэ хугацаанд Х.Намсрай, С.Төмөрбаатар нар энэхүү урамшууллыг хүртэж байсан. Харин энэ удаад Н.Нацагням гэх инженер энэ болзлыг хангажээ. Түүнтэй бүтээлийнх нь талаар ярилцлаа.

 

-Юуны өмнө шинэ санаа дэвшүүлж, шилдэг бүтээлийн эзэн болсонд баяр хүргэе. Шинэ бүтээлдээ багагүй хугацааг зарцуулсан байх. Ямар нэртэй бүтээл вэ?

-Баярлалаа. Аливаа шинэ зүйлийг хийж бүтээхэд саад бэрхшээл тулгардаг. Надад ч гэсэн олон саад бэрхшээл тулгарсан. Үүнийг даван туулж, хийж бүтээсэн зүйлийг минь ойлгож, үнэлж байгаад баяртай байна. Миний хийсэн бүтээл бол реактив чадлын автоматжуулалт юм. 1996 онд оюутан байхдаа энэ талаар судалгаа хийж гаргаж ирсэн боловч тухайн үед манай эрдэмтэн, академчид реактив чадлыг хуурамч чадал, тийм зүйл байхгүй гэж үзсэн. Тэгээд түүнийгээ математикаар батлаад бөөн хурал маргаан болж өнгөрч байлаа. Харин би үүнийг судалсаар реактив чадлыг байдаг гэдгийг нь баталж автоматжуулсан. Энэ асуудалд манай эрдэмтэн, профессорууд олон жил маргалдаж эргэлзэж байгаа.

-Таныг инженер мэргэжилтэй гэж сонссон. 1996 онд оюутан байхдаа судалгааныхаа ажлыг эхлүүлсэн гэсэн үг үү?

-Би ШУТИС-ийг эрчим хүчний автоматжуулалт мэргэж­лээр төгсөөд Английн Манчестрийн их сургуульд мастерд сурсан. Сургуулиа төгсөөд Английн реактив чадал хийдэг  компанид долоон жил ажилласан. Дараа нь Англи дахь Японы NEC, Английн Castle CareTech компанид хоёр жил ажилласан. Англид ажилд орох техникийн давуу талуудыг энд сурсан.  Английн технологийн нууц нь хувийн компанийн өмч тул дээд сургуулиудаас нь сурах боломжгүй. Харин манай ШУТИС–д Оросын бүх схем үнэгүй байдаг. Тэгэхээр ШУТИС илүү практик, бүтээлч сургалттай. Энэ давуу талаа ашиглаж ажилд орсон. Хэрэв би Англид бакалавр хамгаалсан бол инженерийн ажилд орох боломжгүй байх байсан бас энэ бүтээлийг ч хийх боломжгүй байх байсан. ШУТИС–ийн ачаар энэ бүхнийг давлаа. Ер нь манай багш нар үнэхээр сайн. Тиймээс ч энэ чиглэлд манай сургалт маш сайн.

-Мэдээж, бас сайн багшийн нөлөө их байсан байх. Таны багш ямар хүн байв?

-Док, Проф Ч.Нацаг­дорж гэж эрчим хүчний тэргүүлэх профессор, профессорын багийн ахлагч хүн бий.

Би энэ хүний хувийн шавь нь байсан. 19.00 цагаас 23.00 цаг хүртэл тусгай програмаар хичээллэдэг байлаа. Би оюутан байхдаа хичээл зааж янз бүрийн автоматикийн схем зохиож, уламжлалт автоматуудын алдааг олж сайжруулах ШБОС-ууд нэлээн хэд гаргасан. Англид очоод магистрын дипломынхаа ажлаар тэр ШБОС-уудынхаа нэгийг нь Matlab дээр загварчилж улмаар тэр Англи дахь ALSTOM–д ажилд орох боломж болсон.

ALSTOM-д орсон хойно синхрозаторын хүндэрсэн схемийг хялбаршуулж ажилд оруулахад ALSTOM-ынхан танай Монголын техникийн сургууль үнэхээр Англид байхгүй практикал сургалттай юм байна. Англи оюутнууд бүтэн хоёр жил ALSTOM-д заалгуулж байж ийм чадвартай болдог гээд их гайхаж байсан. Энэ бол ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн бүтээлч багш Доктор, профессор Ч.Нацагдоржийн техникийн ур чадвар юм. ALSTOM-д цахим болон электрон автомат зохион бүтээж сурсан. Мөн ALSTOM-ын 30 жил болсон схем болон програм хангамжийг сайжруулах боломжийг сурсан.

ALSTOM-ын дараа Англи дахь Японы NEC-д ярилцлагад ороход схем болон программ хангамж асуухын хажуугаар цахилгаан машины талаар асуусан. Эрчим хүчний инженерийн сургуульд байхдаа цахилгаан машины багш Доктор, профессор Д.Өлзий-Орших багшаар хувиараа энэ талаар хангалттай заалгаж сайжруулах арга замуудыг сурсан байсан. Тэгээд тэдний үнэлгээгээр өргөн талын мэдлэгтэй гэж үнэлүүлээд синёр инженерээр дэвшин орсон юм. Энэ бол Д.Өлзий-Орших багшийн маань ач гавьяа гэж боддог.

-Тэгээд хэзээ бүтээлээ танилцуулсан юм бэ. Уг нь нэлээд эртний судалгаа юм биш үү?

-Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш бүтээл маань ДЦС2-ын нэгдүгээр генераторын тархийг удирдаж байна. Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-аас аваарын тасалтаар манай эрчим хүчний систем салах үед миний бүтээл хамгийн сайн тогтворжуулагч автоматаар шалгарч батлагдсан. Бусад гар ажилгаатай өдөөлтийн системүүд хүндрэл учируулж зарим нь таслалдсан. Ингээд бүтэн бүтэн сар болоход хэн ч юу ч гээгүй. Ийм шинэ бүтээлийг дэмжээд өнөөгийн тогтворжилтын эмзэг асуудлаа засаж сайжруулах байгууллага байдаггүй эзэнгүй эрчим хүчний систем юм шиг санагдсан. Харин санаандгүй Технологийн сангийн захирал Х.Дондогт бүтээлээ танилцуулсан. Үүний дараа БШУ-ы сайд Л.Гантөмөрт мөн бүтээлээ танилцуулсан. Л.Гантөмөр сайд Японд олон жил электроникийн инженерээр сурсан тул миний зохиосон схемийг Английн схемтэй харьцуулж, миний программ хангамжийн давуу талыг ойлгоод цаашид институтын чиглэлээр ажиллах хэрэгтэй тийм хэрэгцээ бий гэж дүгнэсэн. Мөн тэрээр “Төр мэдлэггүй байж мэдлэгийг шалгадаг хуучин социалист системийг халж зах зээлийн болон  хэрэглэгчийн  хэрэгцээ нь шалгадаг жам ёсны тогтолцоо руу орох цаг нь ирлээ” гэж хэлсэн. Үүнээс хойш ШУТИС–ийн ЭХИС, Эрчим хүчний яам, агентлег зэрэг долоон хурал, техникийн зөвлөлийн хурлаар оруулж бүтээлээ батлуулсан.

Өндөр хөгжилтэй улсуудад инженерийн салбаруудыг хариуцсан яам агентлагууд байдаггүй хэрнээ инженерийн бүтээн байгуулалт нь хатуу чанд хууль дүрмээр өөрөө аяндаа автоматаар хөгждөг. Энэ ухаалаг жам ёсны тогтолцоог монгол хөрсөнд буулгах анхны алхмыг БШУ-ы сайд Л.Гантөмөр, Ерөнхий сайд нар хийлээ. Учир нь энэ хоёр удирдагч инженер физикч мэргэжилтэй тул хэн нэгний худал зөвлөгөөгүйгээр инженерлэг  бүтээлийг өөрсдөө ойлгож хүлээн авсан байх.

-Та энэ бүтээлээ  товчхон танилцуулахгүй юу. Реактив чадлын автоматжуулалт гэхээр их л нүсэр төхөөрөмж юм шиг санагдаад байна?

-Миний бүтээсэн “NaNyam-AX12” нь генераторын хүчдлийг тогтвортой барихын тулд генераторын реактив чадлыг автоматаар өөрчилдөг төхөөрөмж. Өөрөөр хэлбэл генераторын ачаалал 24 цагийн турш өөрчлөгддөг. Өөрчлөлт бүр нь генераторын хүчдлийг өөрчлөх аюултай. Иймд генераторын хүчдлийг хэвийн тогтвортой барих зорилгоор “NaNyam-AX12” автоматаар роторын гүйдлийг өөрчлөх замаар генераторын реактив чадлыг өөрчилдөг. Нэг үгээр хэлбэл реактив чадлын өөрчлөлт бүр статорын гүйдэл хүчдлийн фазын зөрүүг өөрчилдөг гэсэн үг. Ерөнхийдөө реактив чадлын асуудлыг дотооддоо шийдэх боломжийг гаргаж ирсэн. Хэрэв би энэ бүтээгдэхүүнээ инженерийн бүх салбарт борлуулж чадвал импорт багасах боломжтой. Ингэснээр бидний халаасанд байгаа мянган төгрөг автоматаар 100 ам.доллар болох юм.

-Импорт багасна гэхээр манай улсын эдийн засагт бас их хэмнэлт гаргах нь ээ?

-“NaNyam-AX12”-г ашиглах нь эдийн засгийн хувьсгал гэж ойлгож болно. Инженерийн бүх салбарыг инноваци нэртэй хорт импортоо хамгаалсан бэлэн бүтээгдэхүүн. Эрчим хүчний салбарын тогворжилтыг найдвартай болгож хот хөлдөх аюулаас хамгаална. Бүтээл дэх цахим үйлдлийн систем болон цахим стабилизатор нь манай IT инженерүүдийн зах зээлийг гадны импортоос хамгаална. Импортыг бүх салбарт зогсоож чадвал бидний гар дээрх 1000 төгрөг 100 доллартой тэнцэх болно.

Мөн бүтээлийн зургаан электрон хавтан болон цахим үйлдлийн систем, цахим стабилизаторыг ашиглаж сурвал манайхан гадны бэлэн автомат систем импортлож монтёр монтажийн ажил хийх биш тэдгээрийг өөрсдөө хийж сурах юм. Ингэж оюуны өртөг шингэсэн зах зээл нийт орон даяар бүх салбарт хөгжих техникийн боломжийг бий болгосон бүтээл юм.

-“Реактив чадал”  гэхээр шинжлэх ухааны хүмүүс, эсвэл инженер техникчид их сайн ойлгох байх. Харин уншигчид сайн ойлгохгүй байж мэднэ. Тиймээс та үүнийг жаахан энгийн хэллэгээр тайлбарлаад өгөөч?

 -Статорын гүйдэл ихсэх үед статорын гүйдэл хүчдлийн фазын зөрүү үүсч байвал энэ нь реактив гүйдлийн ихсэлт ба үүнтэй шууд хамааралтайгаар ихсэх чадлыг реактив чадал гэнэ. Актив чадлаар алдагдалгүй дамжуулахын тулд шугамын төгсгөлд хүчдэл хэвийн байх хэрэгтэй. Тэгвэл энэ хүчдлийн хэвийн байлгадаг энерги нь реактив энерги юм. Хэрэв реактив чадал байхгүй бол хүчдэл гэж байхгүй. Хүчдэл байхгүй бол актив чадлыг шугамаар хэрэглэгчдэд хүргэх боломжгүй юм. Гэхдээ энэ бол мэргэжлийн хэллэг л дээ. Энгийнээр хэлэхэд бидний өнөөдрийн хэрэглэж байгаа эрчим хүч бүгд актив чадал юм. Бид энэ актив чадлыг үйлдвэрлэхийн тулд нүүрс түлж станц ажилуулдаг. Харин реактив чадлыг ашиглахын тулд нүүрс түлэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл үнэгүй гэсэн үг. Тэгэхээр үүнийг ашиглах нь эрчим хүчний менежментийн асуудал. Гэтэл бид энэ байдлыг мэддэггүйгээсээ болоод ОХУ-аас 50МВАР орчим реактив чадал импортлодог. Олон улсын жишгээр систем хоорондын реактив чадлын урсгал тэг байхаар гэрээ хийдэг. Хэрэв гэрээг зөрчвөл актив чадлаас 10 дахин илүү үнээр торгодог.  Харин манай хойд хөрш одоохондоо биднийг энэ асуудлаар хүндрүүлдэггүй. Хэрэв хойд хөрш маань Англи улс байсан бол бид 50МВАР реактив чадлын төлөө 500МВт актив чадлын өрөнд унах байсан. Яг үнэндээ манай асуудлаас болоод ОХУ–ын бүхэл бүтэн нэг станцын тэн хагас нь манай тогтворжилт болон реактив чадлын асуудлыг хангахын тулд реактив чадлын компенсацийн горимд ажилладаг. Тэгсэн хэрнээ ОХУ реактив чадлын төлбөр нэхдэггүй. Энэ нь магадгүй 70 жилийн найрамдал, уламжлалтай холбоотой байх. Хэдийгээр үнэгүй ч цаашид ухаалаг алхам хийж ОХУ-аас үнэгүй авдаг реактив чадлыг тэглэж илүү их цэвэр актив чадал урсах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Энэ нь манай тогтворжилтонд ч сайн талтай. Хэрэв бид реактив чадлын асуудалгүй байсан бол ОХУ одоо байгаа шугамаар илүү их актив чадал урсгах боломжтой байх байсан. Тэгэхээр “NaNyam-AX12” бүтээл маань нь энэ асуудлыг шийдэх боломжийг бий болгож байгаа юм. Үүнээс гадна бид ТЭЦ5-аас ТЭЦ10 хүртэл байгуулсан ч ОХУ–аас салж чадахгүй жил бүр 54 тэрбумыг төлсөөр байх болно. Яагаад гэвэл манайхан реактив чадлын асуудлаа хаяснаас болж ОХУ–ын системээр реактив чадлын асуудлаа шийдүүлдэг. Иймээс манай тогтворжилтыг бид биш ОХУ олон жил дааж ирсэн. Манай систем өсөн томорсон тул энэ нь явцуу арга болсон. Яг өнөөдрийн байдлаар манай эрчим хүчний систем найдваргүй гэсэн зүйл ангилалд орсон. Энэ нь юу вэ гэхээр бид өвөл хөлдөх 90 хувийн магадлалтай амьдарч байна гэсэн үг юм. Энэ байдлыг засаж сайжруулах техникийн боломж нь энэхүү NANyamAX12 нэртэй реактив чадлын автоматик бүтээл юм.