
Б.ЭНХЗАЯА
Их дээд сургуулийг нэгтгэсэн боловсролын салбарын шинэчлэлд цоорхой гарсан тухай зарим сургуулиас мэдэгдэж эхэллээ. Энэ тухай МУИС-ийн Худалдааны сургуулийн захирал нарын 20 орчим албан хаагчид өчигдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. 2010 оны Засгийн газрын 15 дугаар тогтоолоор Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулахаар болсон юм. Уг тогтоолоор төрийн өмчит Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль МУИС-тай нэгдэж, Худалдааны сургууль болсон. Энэ үйл явцад сургуулийн эд хөрөнгийг шамшигдуулж, төрийн мэдлийн сургууль дээр хувийн сургууль байгуулан ажиллаж байгаа хууль бус үйлдлүүд гарч буй гэнэ. Тухайлбал, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль МУИС-тай нэгдэх үеэр тус сургуулийн Баянхонгор дахь салбарыг татан буулгах шийдвэр гарч байж. Баянхонгор дахь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг Д.Оюундэлгэр гэх эмэгтэй удирддаг байжээ. Гэвч Худалдааны сургуулиас орон нутгийн суралцагчдын ар байдлыг харзнаж төгсөх хүртэл нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл өнгөрсөн оны долдугаар сарын 10-нд Салбарын сайд асан Ё.Отгонбаяр салбар сургуулийн захирлын нэр дээр Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль байгуулах зөвшөөрөл олгосноор энэ асуудал өрнөжээ. Жил гаруйн өмнөх уг шийдвэрийг Худалдааны сургуулийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдсэн аж. Тиймээс төрийн мэдлийн сургуулийн бааз суурин дээр хувийн сургууль байгуулсан тухай лавлаж Төрийн өмчийн хорооноос лавлагаа хүсэхэд Баянхонгор дахь уг сургууль төрийн мэдлийнх байгааг баталжээ. 90 орчим жилийн түүхтэй Худалдааны сургуулийн нэрийг ашиглаж орон нутагт хувийн сургууль байгуулсан тухай одоогийн удирдлагууд болон ажилтнууд ихээхэн бухимдалтай дуулгав. Тухайн үеийн салбарын сайд төрийн сургуулийн бааз дээр хувийн сургууль үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохдоо холбогдох хуулийн заалтыг ноцтой зөрчсөн тухай мэдэгдлээ. Тухайлбал, Баянхонгор дахь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль байгуулах эрхийг захирал Д.Оюундэлгэр нарын гурван хүнд олгохдоо Боловсролын тухай хуулийн 21.1-д зааснаар сургалтын байгууллага шинээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хичээлийн жил эхлэхээс зургаан сарын өмнө өгнө гэсэн заалтыг зөрчиж долдугаар сард буюу хоёр сарын өмнө өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байв. Түүнчлэн Ё.Отгонбаярын зөвшөөрөлд “...Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль байгуулах зөвшөөрлийг үүсгэн байгуулагч Г.Занданштар, М.Дэлгэржав, Д.Оюундэлгэр нарт олгосугай” гэжээ. УИХ-ын гишүүний нэр холбогдсон энэхүү зөвшөөрөлд 90 жилийн түүхтэй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг үүсгэн байгуулагч мэтээр зөвшөөрөл олгосон нь эргэлзээ төрүүлж байна хэмээн багш нар үзэж байлаа.
М.Должин: НЭГДЭХ НЭРИЙН ДОР 30-40 САЯ ТӨГРӨГИЙН ТОХИЖУУЛАЛТТАЙ АНГИ ТАНХИМ УСТЛАА
Их дээд сургууль нэгдэхтэй холбогдуулах Засгийн газрын 15 дугаар тогтоолын есдүгээрт “өөрчлөн зохион байгуулагдсан сургуулийн багш, албан хаагчдыг холбогдох сургуульд шилжүүлэн ажлын байраар хангах, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах” тухай заалт байв. Бүр Худалдааны сургуулийн 20 багшийг докторантурт суралцуулах 58 сая төгрөгийг төсөвлөсөн тухай дуулгаж байжээ. Гэвч МУИС-аас одоог хүртэл тус сургуулийн багш нарт мэргэжил дээшлүүлэх төсвийн нэг ч төгрөгийг өгөөгүй гэнэ. Энэ мэтээр багш ажилтан хохирсон, сургуулийн өмч хөрөнгийг шамшигдуулсан тохиолдол гарсаар байгааг Худалдааны сургуулийн захирал М.Должин онцолж байлаа. Түүнээс дараах мэдээллийг тодруулсан юм.
-Танайх МУИС-тай нэгдэх явцад багш нарыг сургалтад хамруулах тухай мэдээлж байж. Гэтэл нэг ч багш мэргэжил дээшлүүлээгүй гэлээ. Их сургуультай нэгдсэнээр багагүй хөрөнгөө алдсан гэсэн үү?
-Манай сургууль МУИС-тай нэгдэх явц 2011-2012 оны хичээлийн жилд өрнөсөн. Энэ явцад манай сургалтын хөтөлбөрийн найман гол хөтөлбөр нь бусад сургуулиудад шилжсэн. Анги танхимыг ч шилжүүлсэн. Гэтэл энэ үед бидний олон жилийн турш хөрөнгө мөнгө зарцуулж тохижуулсан бааз суурь бүхий анги танхимууд устаж эхэлсэн. Энэ хөрөнгийг тооцвол 30-40 сая төгрөг болох байх. Мөн эзэмшил газраа ч бусдад алдчихсан. Гэтэл үүнийг бид одоо хүртэл мэдээгүй явсан нь харамсалтай.
-Ямар газраа алдсанаа тодруулаач?
-Баянзүрх дүүргийн 22 хороонд манай сургуулийн мэдлийн гурван га газар байсан юм. Бид энэ газарт агуулах, дадлагын бааз байгуулахаар зэхэж байсан. Гэвч сургуулийн жижүүр хийж байсан н.Заяахүү гэгчийн мэдлийнх болчихсон, бүр таван жил ашиглах зөвшөөрөл авчихсан байсныг саяхан л олж мэдлээ. Сургуулийн мэдлийн өмч хөрөнгө ийнхүү бусдын гарт нууцаар орсоор байна.
-Жижүүр хүн тийм хэмжээний газрыг авах эрх мэдэл бий юү?
-Түүний ард эрх мэдэл бүхий хүн байгаа нь гарцаагүй. Түүнчлэн их дээд сургуулийг нэгтгэх Засгийн газрын тогтоолын үеэр ганц л сургуулийг татан буулгахаар шийдвэрлэсэн нь Баянхонгор дахь манай салбар. Үүнээс харахад анхнаасаа манай сургуулийг татан буулгах, багасгах тухай эрх мэдэлтнүүдийг ашиг сонирхол байж гэж бид үзэж байгаа юм. Мэдээж энэ салбарт шинэчлэл хийж болно. Хамгийн гол нь системтэй, нэгдсэн бодлоготой, хяналттайгаар гүйцэтгэх ёстой. Эс тэгвэл манай сургууль шиг газар, байр саваа алдах тохиолдол бусад сургуулиудад ч гарахыг үгүйсгэхгүй.