Г.СҮХЭЭ

Сүхбаатар аймаг хот төлөвлөлтийн ажлаараа улсдаа жишиг болж байна. Тэрхүү хот төлөвлөлтийн ажлыг удирдан зохион байгуулж, гардан хэрэгжүүлж байгаа хүний нэг нь аймгийн Газрын харилцаа, барилга хот  байгуулалтын  газрын дарга Ч.Ганзориг билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

 

-Баруун-Уртын газар чөлөөлөлтийн ажил хэр зэрэг явцтай байна вэ?

-Төрийн ажил алба дуусах биш дээ, мөнхийн л үргэлжилж байдаг. Харин энэ жилийн хувьд газар чөлөөлөлтийн ажил үндсэндээ дуусах шатандаа ороод байна.

-Өөрөө нийтийн орон сууцны гадуур байгаа пин амбаар, ТҮЦ, гараашийг  зайлуулах ажлаас газар чөлөөлөлтийг эхэлсэн юм шиг санагдана...?

-Тийм шүү. 2009 оны нэгдүгээр сард аймгийн ГХБХБ-ын газрын даргын ажлыг хүлээж аваад ерөөсөө хот төлөвлөлтөөс ажлаа  эхлэхээр шийдсэн.Тэр хавраас Баруун-Уртын орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээтэй газруудад байсан пин амбаар, ТҮЦ, зөвшөөрөлгүй баригдсан гараашийг нүүлгэж эхэлсэн дээ.  Төвлөрсөн орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбай болон хотын А зэрэглэлийн бүс цэвэр цэмцгэр, ногоон байгууламжтай байх ёстой. Гэтэл манайд алдагдчихсан, эсрэгээрээ, олон янзын хийц загвартай том жижиг пин амбаараар дүүрчихсэн, бүр гурван давхар орон сууцны хананд тулгаад барьчихсан гарааш хүртэл байлаа. Эхний үед иргэдийн эсэргүүцэл, хэл амтай нэлээд тулгарсан. “Өөр хийх ажил байдаггүй юм уу?”, “Хувийн өмч рүү халдлаа, дайрлаа” гэсэн гомдол тэмцэл ч гарч байлаа. Бид энэ ажлыг  хоёр жил дараалан хийж 141 пин, амбаар, ТҮЦ-ийг  нүүлгэн шилжүүлж бүрэн дуусгасан. Харин ажлаа хийгээд дууссаны дараа иргэд маань “Гадна орчин цэвэр сайхан боллоо, зөв ажил хийжээ” гэж урмын үгээр шагнаж байсан даа. Сүүлийн дөрвөн жилд  нийтдээ 607 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын  66.2 га газрыг чөлөөлсөн нэгдсэн дүн байдаг.

-Ингээд орон сууцнуудын гаднах пин амбаар, ТҮЦ-ийг чөлөөлчихлөө. Үүний дараа газар чөлөөлөх ажлыг хаанаас эхлэв?

-Аймгийн удирдлага Баруун-Урт сумыг тойргийн системээр буюу таван тойргоор хөгжүүлэх бодлого чиглэлээ тогтоож, түүнийгээ сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж өгсөн юм. Үүний дагуу 2012 онд хоёрдугаар тойргийн зам тавих ажил эхэлж тэр замын трассын дагуух газар чөлөөлөлтийн ажлыг хийж 24 обьектыг нүүлгэж 1.15 га газрыг чөлөөлсөн. Харин энэ оны хувьд  аймгийн түүхэнд хамгийн том газрыг чөлөөлсөн  жил боллоо. Аймгийн төвд дахин ийм том газарт чөлөөлөлт хийгдэхгүй  байх гэж бодож байна.

-Энэ ажлыг амжуу­лахад тодорхой бодлого чиглэл, баримт бичиг, удирдамж  гаргасан биз?

-Тэгэлгүй яахав. Аймгийн удирдлага  газар чөлөөлөлт нь ирээдүйг харсан бодит ажил, хот төлөвлөлтийн эхний алхам гэж үзэж ихээхэн хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулсан. Газар чөлөөлөлтийн асуудлыг 2013 оны аймгийн төсөв, нийгэм эдийн үндсэн чиглэлд суулгаж өглөө. Аймгийн ИТХ-ын тогтоолоор “Газар чөлөөлөх түр журам”, “Иргэд, байгууллагын өмчлөлийн эд хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал”-ыг батлан гаргаж, аймгийн Засаг даргын захирамжаар газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэх 20 шахам хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм. Мөн дүйцүүлэх албаны цэргийг дайчлан ажиллуулах тухай шийдвэр гаргуулж, эд хөрөнгийн үнэлгээний тусгай комисс ажиллалаа. Дээр дурдсан тогтоол шийдвэр, журмаа нэгтгэн өнгөт товхимол болгон хэвлүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэддээ чиглэсэн сурталчилгааг сайтар явуулсан юм. Газар чөлөөлөлтөд аймгийн төсвөөс 2.0 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Ажлын явцыг аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар 2 удаа хэлэлцэж, тулгамдаж буй асуудлыг нь тухай бүр шийдэж байлаа.

-Саад бэрхшээл тохиолдож байв уу?

-Саад бэрхшээлийн хувьд харьцангуй гайгүй гэж хэлж болно. Иргэд олон түмний дэмжлэг, сайхан сэтгэлийн туслалцаа, харилцан ойлголцол дээр газар чөлөөлөлтийн ажил явагдсан. Гэхдээ бидний ажлыг хөшиж гацаасан ганц нэгэн айл   өрх, иргэд  бий.

-Газар чөлөөлөлтөд орсон иргэддээ ямар нөхцөл, санал тавьж байв даа?

-Ер нь газар чөлөөлөл­төд орж буй иргэддээ  хэд хэдэн боломжийн нөхцөлтэй саналыг тавьсан. Шинэ газарт жишиг байдлаар барьсан гэр хороололд, 1.2-2.6 сая төгрөгийн хашааг санал болголоо. Бага Дөрвөлжид 1200 айлын жишиг хашаа барилаа. Хоёр дахь нь халаалт дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдсон 5.0-15.0 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцанд орж болно. Тэгээд уламжлалт орон сууц, хаус хороолол байна. Мөн хашааг нь барьж, инженерийн шугам сүлжээг нь татаад өгсөн газарт иргэд өөрөө орон сууцаа барьж болно.

-Хэдэн жилийн өмнө Жавхлант нэртэй жишиг хороолол байгуулсан. Дараа нь Бага Дөрвөлжид  газар олгож шинээр суурьшлийн бүс үүсгэлээ.Аймгийн төв гадагшаа тэлж байна. Энэ тэлэлтийг дагаад төрийн зарим үйлчилгээ иргэдийнхээ дунд очиж чадаж байна уу?

-2009 оноос эхлээд шинээр газар олгож өмчлөлийн бүс байгуулахдаа зөвхөн жишиг хороолол маягаар байгуулж байгаа юм. 2009 онд Жавхлант нэртэй 100 айлын жишиг хороолол байгуулсан. Энэ хорооллын хашаа 3.2 сая төгрөг байлаа. Дараа нь үнийг хямруулах боломжийг хайж Дорнод, Хэнтий аймгийн сумдаас мод авчирч 1.2 саяар, 2012 онд 2.2 саяар, энэ жил 2.6 саяар хашаа барьж өглөө.  Өмчлөлийн газрыг олгохдоо иргэдэд ингэж хашаа барьсан газар олгохоос гадна газрын трассыг татаж өгөөд иргэд өөрсдөө хашаагаа  барих боломжийг олгож байна.

Жишиг хорооллыг  манай хөдөөгийн 12 сум барьж эхлээд байна. Ингэж газрыг зах зээлд эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал “Жавхлант" жишиг хороололд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна.

-Аймгийн хот төлөвлөлтийн арга туршлагыг судалж танилцахаар  нийслэлээс болоод бусад аймаг хотоос нэлээд хүн ирэв үү дээ?

-Манай газрын харилцаа, барилга хот байгуулалтын чиглэлээр есөн аймгаас ирсэн. Тэд манай газар олголт, дахин төлөвлөлт болон жишиг хороолол гэж ямар юм хийгээд байна, шинэ суурьшлийн бүсийг хэрхэн яаж үүсгэж байна, газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулж байгааг үзэж харж, танилцаад буцдаг.

Ер нь жишиг хороолол нь манай аймгийн брэнд бүтээгдэхүүн болоод байгаа шүү.

-Чөлөөлсөн газар дээрээ барьж байгуулах зүйл тодорхой болоод байгаа юу?

-1500 айлын сууц барих ажлыг ирэх жилээс эхлэнэ. Төрөөс зохих дэмжлэг үзүүлснээр эмнэлгийн хойт талд, бичил хороолол, Канад, эдлэн газартай Элит хороолол гээд таван төрлийн  хаус хороолол барьж байна.  Сүүлийн таван жилд 2000 гаруй өрх орон сууцанд орлоо. Хотын төвд А зэрэглэлийн газрыг дуудлага худалдаагаар юм уу эсвэл төсөл сонгон шалгаруулалтаар олгож байна.  Шинээр баригдсан жишиг хороололд халуун усны газар, зөөврийн усан сан  барилаа. Бага Дөрвөлжид хурдан морины хөшөөт цогцолбор байгуулж  байна. 

-Газар олголт, өмчлөлийн асуудал  хэрхэн явагдаж байна вэ?

-Манай аймгийн хувьд нийт иргэдийн 13,0 орчим хувь нь газраа өмчилж авсан нь улсын дундаж юм. Баруун-Урт сумын иргэдэд хөдөөгийн сумдад, мөн улсын чанартай авто замын дагуу тухайлбал Асгат, Мөнххаан, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дарьганга суманд газар өмчлөх саналыг тавьж байгаа.

-Аймаг төвөө таван тойргоор хөгжүүлж байна. Тэгэхээр ирэх жилүүдэд иргэдэд  газар олголтыг хаана хийх вэ?

-Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу өмчлөх боломжтой газар хаана байна гэдгийг мэргэжлийн байгууллагаар энэ онд судалгаа хийлгэсэн. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хойд талын дөрөвдүгээр багт, мөн  Бага Дөрвөлж жишиг хороололд хоёр эгнээ нэмж газар олгоно. Цаашдаа аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Нисэх буудлыг урагшаа нүүлгэж тэнд газар олгох боломжтой.

-Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн ажлыг хариуцдаг албан хаагч болон иргэний хувьд аймгийн хөгжлийн хэтийн төлөв, чиг  хандлагыг хэрхэн төсөөлж байна даа?

-Хамгийн сайхан асуулт байна. Би аймгийнхаа хөгжлийг маш сайхан өөдрөгөөр харж явдаг хүний нэг. Тэгээд ч энэ хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа бахархах сэтгэл төрдөг. Манай аймгийн төв ирээдүйд хөгжлөөр тэргүүний жишиг сайхан хот болох үндэс суурь хэдийнээ тавигдчихаад байна. Бид энэ дөрвөн жилд улсдаа жишиг аймаг болохоор  зарлачихсан байгаа. Аймгийн төв маань төвийн эрчим хүчний систэмд хоёр талаасаа холбогдчихсон. Ирэх жил наадмын өмнө  Өндөрхаан-Баруун-Уртын хар зам ашиглалтад орчихно, Баруун-Урт–Бичигтийн 340 км замын зураг төсөл нь хийгдчихээд  ирэх жилээс тавьж эхлэнэ. Мөн Таван толгой-Чойбалсангийн төмөр зам Баруун-Уртын урд хормойгоор явж өнгөрнө. Сүүлийн жилүүдэд үлгэр домог шиг яригдаад байгаа Ази-Европыг холбосон Бичигт боомтоор далайд гарах төмөр замын асуудал  хоёр улсын Засгийн газрын хэмжээнд яригдаж байна.