
О.ЧУЛУУТ
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албыг хүлээлгэн өгөхөөс өмнө нэгэн буянтай, гайхмаар ч гэмээр тушаалыг гаргажээ. 2012 оны долдугаар сарын 23-нд тэрээр А/427 тоот тушаал үйлдсэний цаана төрийн өмчийг хялбар замаар бусдад шилжүүлэх боломжийг олгосон гэж хэлэхэд хилс хэрэг болохгүй болов уу. Ардчилагчид төрийн эрхэнд гарч ард түмний талд асуудлыг шийдэж буй өнөө цагт дэндүү байж боломгүй хэргийг МАН-ын эрхтэн, дархтанууд хамтран үйлдсэн гэлтэй. Ингэж хэлэх болсны учир нь их л энгийн атлаа, үнэмшихэд бэрх үйл явдлын эхлэлийг тэрээр санаатай ч юм уу, санамсаргүй байдлаар ч юм уу тавьчихсанд байгаа юм. Энэ салбарыг шинэчлэлийг харж байхад дээд сургуулийг дээдтэй нь, их сургуулийг ихтэй нь нэгтгэсэн байсан. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг сайндаа ч нэг шат ахиулж МУИС-д нэгтгээгүй дэг. Сургуулийн өмч, хөрөнгөд тэд эртнээс санаархаж холыг харж ийм шийдэлд хүрсэн байж болзошгүй гэж хардахаар байна.
Тусгай зөвшөөрөл олгох тухай эрхэм сайд Ё.Отгонбаяр “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд Нягтлан бодох бүртгэл /D341400, менежмент, үйлдвэрлэлийн /D 340900/ мэргэжлээр бакалаврын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, бүртгэл хийх”-ийг тухайн үеийн Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжавд 2012 оны долдугаар сарын 23-нд тэрээр А/427 тоот тушаалаар даалгасан байдаг. Тэр азтай эрхмүүд нь мэдээж сайдын нам нэгт МАН-ын нөхөд байж таарсан нь тохиолдлын хэрэг биш биз. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Занданшатар тэргүүтэй, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхмийн багш М.Дэлгэржав, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн захирал Д.Оюундэлгэр нарын учиргүй гурван толгойг энэ сургуулийн үүсгэн байгуулагчаар бүртэгжээ. Огт хамааралгүй шахам учиргүй гурван толгойн уулзах замыг нэг газарчин заасан гэдэг. Төрийн өмчийн сургуулиас хувийн сургуулиа тэд ийн босгож, өрх тусгаарласан ажээ.
90 НАСТАЙ СУРГУУЛИЙН НЭРИЙГ АШИГЛАВ
За яах вэ, 90 жилийн түүхтэй Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн нэрийг тэд татан буугдсан гэх шалтгаанаар нь луйвардан авч өөрийн болгодог юм байж. Төрийн өмчийн, олонд танил болсон сургуулийн нэрийг тэд ашиглан хувийн сургуулиа байгуулдаг юм байж. Учир нь Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 1-нээс эхлэн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийг татан буулгасан байдаг. Тэд энэ завшааныг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлжээ. Асуудал ингээд зогсоогүй. Тэд тэрбум төгрөгөөр үнэлэгдэх Баянхонгорын салбар сургуулийн гурван давхар хичээлийн байрыг булаан хувийн сургуулиа байгуулснаа өнөөдрийг хүртэл хав дарж нууцалж байгааг одоогийн салбарын сайд, Төрийн өмчийн хорооны дарга нарын сонорт хүргэх гэсэн юм. Асуудал үүсгээд байгаа тэр сургууль нь өнөөдөр ч гэсэн улсын сургуулийн нэрийг барьж элсэгчдийг татан Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгааг тодруулж хэлэх нь зүйтэй байх. 2012 онд үйл ажиллагаа эхэлсэн эл сургуулийн цахим хуудаст 2003 оноос эхлэн төгсөгчдийн нэрс болон мэдээллийг оруулсан зэргээс харахад ямар ч тэнэг хүн үзээд ямархуу дайралт болоод буйг мэдэхээр байна. Зүй нь хувийн дээд сургууль байгуулахад өөрийн байртай байх ёстой. Тэдэнд байр байхгүй.
Өнөөдөр 20 гаруй ам метр талбайтай орон сууцыг бусдад хэдэн жилээр зүгээр ашиглуулдаг тэнэг хүн хаана ч байхгүй. Ингээд бодохоор ТӨХ-ныхон, МУИС-ийн удирдлага тэнэг болж таарлаа. Улсын өмчийн байранд хувийн сургууль ажиллуулж тэд мөнгө хүүлж буйг албаныхан мэдээгүй гэхээр сонин байгаа биз.
2010 онд Засгийн газраас Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болгож нэгтгэх шийдвэр гаргасан. Энэ бужигнаанаас өмнө нь байдал ямар байв.
УЧИРГҮЙ ГУРВАН ТОЛГОЙ ИНГЭЖ НЭГДЭВ
Үүнээс өмнө нь тус сургууль 3000 шахам оюутан, суралцагчтай, 250 гаруй хүний нөөцтэй. 3.2 тэрбум төгрөгийн орлоготой. Хичээлийн хоёр байр, Баянхонгор аймагт өөрийн байртай салбар сургуультай, мөн 350 оюутны дотуур байртай байв. Оюутнуудын дадлагын бааз болох “Харзтай” амралтын газар, “Хөвсгөл усан зам” ХК-нд хүртэл хувь эзэмшиж байсан сургууль өнөөдөр талаар нэг цацсан шагаай шиг юу ч биш болж хувирав. Зах зээлд эрэлт ихтэй 14 мэргэжлийн хөтөлбөртэй. Цахилгаан эрчим хүч, дулаан, уур усны тогтмол зардлаас бусдыг өөрийн орлогоороо санхүүжүүлдэг. Эднийх өөрийн гэсэн өмчийн байр саваа сайтар тохижуулсан хэний ч өмнө нүүр улайхааргүй сургууль байсныг бүгд хэлнэ дээ. Төрийн өмчийн сургуулиудаас айргийн тавд багтдаг байсан нь өнөөдөр зөвхөн түүхэнд л үлджээ.

ГЭР БҮЛИЙН БИЗНЕСЭЭ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ
Байдал ийм дээрээ тулсны учрыг нэхэн хөөе. 2007 оноос Худалдаа, үйлдвэрлэлийн сургуулийн захирлаар Москвагаас эрдэм өвөрлөж ирсэн Б.Батсайхан томилогдож их, дээд сургуулиудын өөрчлөлтийн үе хүртэл ажилласан байдаг. Мань хүн тэр үеэс л улсын сургуулийн хөрөнгөөр хувийн сургууль босгох санааг тээсэн бололтой. Жижиг гэмээр баримт дурдахад, тэрээр Худалдаа, үйлдвэрлэлийн сургуулийн захирал байхдаа төв сургуулиасаа тодорхой хэмжээний компьютер, техник хэрэгслийг Баянхонгор аймаг дахь салбар сургууль руугаа шилжүүлсэн байдаг юм. Яагаад, ямар учраас гэдгийг мэргэжлийн байгууллагууд шалгаж тогтооно биз. Ийм тоглолтыг тэрээр эртнээс сэдэж, зохион байгуулан эхнэр М.Дэлгэржавынхаа нэр дээр тусгай зөвшөөрлийг хожим эгзгийг нь тааруулж байгаад авсан гэж эх сурвалжууд хэлнэ лээ. Тэрнээс биш дээд сургуулийн сэтгэл судлалын багшийн цалингаар орон нутагт дээд сургууль байгуулаад хичээлийнхээ завсар зайгаар нь удирдан, зохион байгуулж явна гэж юу байхав. Б.Батсайхан ганцаараа төрийн өмчид санаархаж, улсын сургуулийн нэрийг ашиглан хувийн дээд сургуультай болох амаргүй байсан бололтой. Тиймээс БСШУЯ-нд орон тооны бус мэргэжилтнээр ажилд орж дотроос нь эл хэргийг удирдан зохион байгуулж ирснийг яамны мэргэжилтнүүд дургүйцэн ярьж явна. Б.Батсайхан ямархуу аргатай хүн болоод яамны орон тооны мэргэжилтнүүдийг өөрийн оронд гэрээт болгож, өөрөө дээд боловсролын газрын мэргэжилтнээр залрах вэ дээ. Тэрээр Баянхонгор нутгаас гаралтай эрхэм гишүүн асан, ажлын гаргаагаа энэ сургуулийн багшаар эхэлж байсан Г.Занданшатарыг хань татав. Тус сургуулийн Баянхонгор аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан Д.Оюундэлгэрийг гар, хурууныхаа үзүүрт зарж ажлаа амжуулах гэхдээ үүсгэн байгуулагч хэмээн учиргүй гурван толгойг нэгтгэсэн хэрэг.
Дээд боловсролыг шинэчлэх халхавчаар өнөөдөр төрийн өмч ийн эрхэм гишүүн асан, сургуулийн захирлуудын халаасанд хялбархан орчихсныг төрийн өндөрлөгүүд анхааралдаа авна биз ээ.
АН-ынхан байсхийгээд л МАН-ын томчуулыг гавлаж, барьж, хорьж цагдаад байдгийн цаана ор үндэс байдгийг энэ явдлаас харж болохоор юм.
Бусдад булаагдсан гэх Баянхонгорын салбар сургуулийн байрыг 2002 онд анх Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн захиргаанаас худалдан авч байжээ. Тухайн үед энэ сургууль төсвийн мөнгөөр бус өөрийн үйл ажиллагааны орлогоос 90 сая төгрөг зарцуулан өмчөө томсгож худалдаа хийж байсныг хэлэх хүн захаас аваад гарч ирнэ. Ингэснээр хөдөө орон нутагт сургуулийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж, орон нутгийн оюутнуудыг бага зардлаар нутагт нь эрдэмжүүлэх ажлыг тухайн үедээ хийж байсан гэдэг. Төв сургуулиас нь салбараа шалгахаар багш нар очиход тусгай зөвшөөрөлтэй өнөөх сургуулийн оюутнуудыг хоёр хоног хичээлүүлэлгүй тараачихсан. Сургуулийн байр нь хоосон угтсан гэдэг юм билээ. Тэдний хэлхээ холбоо яг тагнуултай киноных шиг болсныг энэ мэт баримтаас харж болохоор байна.
Сургуулиудыг нэгтгэх Засгийн газрын тогтоол гарч тухайн үед МУИС-ийн захирлаар ажиллаж байсан С.Төмөр-Очир Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийнхантай уулзаж, ажил хүлээлцэж байхад Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн гурван давхар бүтэн барилга байрандаа байсан нь мэдээж. Нэг л өдөр илбийн үзүүлбэр шиг тэдний мэдлээс бүхэл бүтэн байр алдагдаж гэнэт хувь хүмүүсийн өмч болчихоогүй байх.
Шаардлага хангасан хэн ч өнөөдөр хувийн дээд сургууль байгуулж, өмчтэй болж болно. Гэхдээ бусдын олон арван жил тархиа ажиллуулан боловсруулж гаргаж ирсэн сургалтын хөтөлбөр, төслийг шууд хуулбарлан, төрийн өмчийн сургуулийн нэр, лого, хаягийг тэр чигээр нь ашиглан, байр савыг нь хүртэл “дээрэмдэж” таарахгүй байх. Үүнийг төрийн өмчийн сургуулиудтай өрсөлдөж буй хувийн дээд сургуулийн шударга өрсөлдөөн гэж нэрлэх нь зөв үү О.Магнай дарга аа.
ХУУЧИН СУРГУУЛИЙН АМЖИЛТ ДЭНДҮҮ ИХ
Худалдааны сургууль нь 1924 онд анх байгуулагдаж худалдаа, үйлдвэрлэл, нийтийн хоолны салбарын мэргэжилтэй 40 мянга гаруй боловсон хүчнийг Монголд бэлтгэсэн туршлагаа цаасан дээр түүх болгон үлдээж өөрөө “авсанд орох” гэж үү. Энэ хэргийн цаана тэр чигээрээ авлига ханхалж байгаа юм бус уу. АТГ-ынхан эл хэргийн мөрөөр орж төрийн өмч сэм, сэмхэн захирал, дарга, сайд, эрхэм гишүүдийн хөрөнгийг зузаатгах хэрэгсэл болох ёсгүйг харуулах цаг ирсэн бололтой.
Өнөөдөр иргэн Дорж энэ нийгэмд өөрийн хөлс, хүчээр боловсрол эзэмшиж түүнийхээ үр шимээр сайн сайхан аж төрөх гэж мачийж байхад хэсэг, бүлэг хүмүүс энэ мэтээр хялбар замаар баяжиж, хөрөнгөжиж буйг юу гэж тайлбарлах вэ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн нүд, чихнээс далд МАН-ынхан иймэрхүү замаар төрийн өмчийг үнэгүйдүүлж хуваан тохирох үйлдэл хийсэн байх юм. Тэд үнэхээр дээд боловсролд санаа тавьдаг хүмүүс мөн юм бол өнөөдөр энэ сургуулийн байгуулсан, бүтээсэн оюуны бүтээл, тохижуулсан анги танхим булшлагдаж байхад хэлгүй, дүлий царайлаад суух байсан гэж үү.
Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн хамт олон тухайн үед кредит цагийн системд шилжиж улсдаа ШУТИС-ийн дараагаар гишгэж чадсан байдаг. Тэд сургалтдаа цахим системийг нэвтрүүлж Uniface программыг ашиглаж байсан ба тогтолцоог сургалтдаа нэвтрүүлж салбартаа үнэхээр том алхам хийсэн гэдэг. Энэ хамт олон гол мэргэжлийн хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн гавъяатай. Тухайлбал, худалдааны менежмент, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн менежмент, зочид буудал зоогийн газрын менежмент, бизнесийн эрх зүйн мэргэжлийг магадлан итгэмжлэлээр оруулж төгсөгчид нь ажлын байраар бүрэн хангагддаг байсан юм. Хаана ч гэсэн дээд сургуулийн ажлын үр дүн нь төгсөгчид нь ажлын байртай болох явдал шүү дээ.
ШИНЭЧЛЭЛТ ХИЙСЭЭР
Дээд боловсролын шинэчлэл гэдэг нь хөгжлийн өмнөх төвшнөөсөө ухрахыг хэлэхгүй биз ээ. Энэ хамт олон шинэчлэл, нэгтгэлийг үгүйсгэлгүй, Засгийн газар, салбарын сайдын шийдвэрийг хүлээн авснаар хохирох, буруудах учиргүй. Б.Батсайхан, Г.Занданшатар, Д.Оюундэлгэр нар ажил, амьдралын гараагаа Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулиас анх эхэлж өнөөдөр бусдын өмнө нүүр улайхааргүй сайхан аж төрж байгаа нь үнэн. Ийм атал тэд яаж сургуулиа бусниулж, өмч хөрөнгийг нь хувийн зорилгодоо ашиглаж чадаж байна аа. Тэд эргээд уулзахгүй юм шиг сургуулийнхаа хамт олны нүүрийг яаж харна даа. Нэгтгэл нэрийн дор 90 жилийн түүхтэй энэ сургуулийн сургалтын үйл ажиллагаа доголдсоныг удирдлагууд, багш нар нь хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ. Тэд эл хэргийн талаар бодит байдлыг өгүүлсэн албан бичгийг Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдад хаягласан байх юм. Асуудлыг газар дээр нь цаг алдалгүй шийддэг “11-11” төвийнхөн энэ мэт бусармаг хэргийн талаар эрх бүхий хүмүүсийн сонорт хүргэж учрыг нь олж хужрыг нь тунгаагаасай билээ. Зах зээл хямарч буй өнөө үед Монгол Улс худалдааны салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гол сургуулиа 90 насных нь босгон дээр шунаг эрхмүүдийн аминчхан, сувдаг зангаас болж нүд аниулах гэж үү.