
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Маргааш төрийн албан хаагчийн шалгалт Засгийн газрын 11 дүгээр байранд болно. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн ахлах рефрент Д.Баатарсайханаас тодрууллаа.
-Төрийн албан хаагчийн шалгалтыг хэдийд авдаг болсон юм бэ?
-2009 оноос өмнө жилд нэг удаа шалгалт авдаг байсан. Одоо цахим хэлбэрээр авдаг болсон учир жилд хэдэн ч удаа авах боломжтой. Тухайн байгууллага төрийн албан хаагч сонгон шалгаруулах хүсэлтээ манайд ирүүлсний дагуу зохион байгуулдаг. 2013 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 752 ажлын байр зарлуулсан. Шалгалт өгөхөөр 5410 хүн бүртгүүлснээс 1510 нь тэнцсэн. Маргааш Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын ажлын байранд 40 гаруй иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байгаа.
-Шалгалтын бүтцэд өөрчлөлт орсон болов уу?
-Шинэ журам батлагдсантай холбоотой өөрчлөлт орсон. Монгол хэл зүй, сэтгэн бодох чадвар, нийгэм, эдийн засаг, төрийн удирдлага, түүхийн сэдэвтэй асуулт шинээр орж байгаа. Сорилын шалгалт 60 асуулттай. Үүний 40 нь хууль, эрх зүйн асуулт.
-Хэдэн оноо цуглуулсан тохиолдолд шалгалтад тэнцэх бэ?
-Эхний шалгалтаас 36 оноо авсан тохиолдолд дараагийн шат болох ур чадварын шалгалтад орох эрхтэй. Ур чадварын шалгалтаас 15 оноо авах ёстой. Үүнээс есөн оноо авбал тэнцэнэ. Дараа нь ярилцлагад орно. Ингээд гурван шалгалтын нийлбэр дүнгээр 60 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэн гэж үзэж нөөцөд оруулдаг.
-Ойрын хугацаанд орон нутагт төрийн албан хаагчийн шалгалт авах уу?
-Ирэх сард Булган, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Архангай, Төв аймагт төрийн албан хаагчийн шалгалтыг авахаар зарласан байгаа. Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хаягаар ороход шалгалтын журам, бүртгэлийн явц зэрэг хэрэгтэй бүх мэдээлэл бий. Мөн шалгалтад орох хүмүүст зориулаад 40 хууль, эрх зүйн нэрийг жагсаасан байгаа. Эдгээрийг унших шаардлагатай. Иргэн шалгалтаа цахим хэлбэрээр өгч байгаа учир хэдэн оноо авснаа тухайн үед нь харах боломжтой. Харин шалгалтын дараа төрийн албаны зөвлөлийн хурлаар хэлэлцдэг. Ингээд тав хоногийн дараа дүнгээ гаргадаг.
-Гадаадад амьдарч байгаа эсвэл ирж амжихгүй хүмүүс гэрээсээ шалгалт өгөх боломжтой юу?
-Шалгалт өгөх нөхцөл нь бүрдсэн. Гэвч иргэд бүртгүүлэхдээ мэргэжил, ажилласан хугацаагаа буруу бөглөдөг. Мөн сорилоо хийхдээ гарын авлага, ном ашигладаг учраас заавал өөрийн биеэр ирж өгнө.