Г.ГАНЧИМЭГ
Заан тугаллах гэж байгаа юм шиг бүхэл бүтэн 20 жил дуншиж байж Эгийн голын усан цахилгаан станц барих шийдвэр саяхан гарлаа. Харин одоо бидэнд 10 жил хүлээсэн V цахилгаан станцын ажил үлдэв. Үүнийг хэзээ, хаана барьж эхлэх вэ гэдэг нь одоохондоо тодорхойгүй. Уг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Ургах наран” хорооллын баруун талд буюу Хөлийн голд V цахилгаан станцыг барих 43 га газрын зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар өгчээ. Гэтэл энэ ажил хойшилсоор байгаа шалтгаан нь юу вэ. Үүнийг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

“Ньюком” ХХК-ийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуяг:
ХӨЛИЙН ГОЛД СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙЖ БАЙНА
-Анх тендер зарлахдаа V цахилгаан станцыг III цахилгаан станцын ойролцоо барихаар төлөвлөж байсан юм. Дараа нь газраа өөрчилж, Хөлийн голд барихаар болсон. Үүнтэй холбоотойгоор өмнө нь хийсэн бүх судалгаа, нарийвчилсан үнэлгээг шинэчлэх шаардлага гарсан. Харин одоо Хөлийн голд хөрс, цэвдэг, чичирхийлэл, үер, усны нөөцийн судалгаа гэх мэтээр дахиад бүх ажлаа эхнээс нь хийж байна. Энэ нь V цахилгаан станц барих хугацаа хойшлоход нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр, Монголд төр, хувийн хэвшил хоёр нэгдэж буй анхны томоохон төсөл нь энэ. Тиймээс гэрээ, хэлэлцээр хийхэд багагүй цаг хугацаа шаардагдана.
Эрчим хүчний инженерүүдийн холбооны тэргүүн, зөвлөх инженер Р.Ганжуур: ЭНЭ АЖИЛ УЛС ТӨРИЙН ШАЛТГААНААР СУНЖИРСААР ИРЛЭЭ
-2011 оны есдүгээр сард олон улсын тендер зарлаад 2012 оны долдугаар сард дүгнэсэн. Энэ хооронд УИХ-ын сонгууль явагдаж, шинэчлэлийн Засгийн газар байгуулагдлаа. Мөн газрын асуудал гээд ерөнхийд нь дүгнэвэл улс төрийн үйл ажиллагаатай холбоотойгоор V цахилгаан станц барих ажил сунжирсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, төр засгийн зүгээс V цахилгаан станцыг сул анхаарч байна. Манай үе үеийн Засгийн газар ямаанд 25 тэрбум, шатахуун импортлогчдод 170 тэрбум, барилгын компаниудад 400 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс өгсөн. Тэгсэн мөртлөө тэргүүлэгч салбараа хойш тавьсаар л байна шүү дээ.
ЭХЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Энхтайван: 2005 ОНООС ХОЙШ ГАЗАР ХАЙСАН
-Улаанбаатар хотын бүх газар эзэнтэй болчихсон. Би 2005 оноос хойш V цахилгаан станц барих газрыг хайж, нийслэлийг хэд дахин тойрлоо. Тэгээд 2007 онд Улиастайд 30 га газар авсан юм. Гэтэл тэрхүү Гүнжийн арал газрын гүний хагаралтай буюу станц барихад тохиромжгүй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс III цахилгаан станцыг хуучирсан гэж үзээд нам даралтын хэсгийг нь буулгаж V цахилгаан станцыг барих боломжтой гэж үзсэн. Гэтэл тухайн газарт оршин сууж буй айлууд газраа чөлөөлөх болон нүүрс тээвэрлэж хүргэхэд хүндрэлтэй зэргээс шалтгаалж газрыг бас л өөрчилсөн.
ХОЙД ХӨРШӨӨС 21 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРЧИМ ХҮЧ ИМПОРТОЛЖ БАЙНА
Манай улс түүхэндээ гурван удаа эрчим хүчний хомсдолд орж байжээ. Хуучин нийгмийн тогтолцооны үед буюу 1980-1983 онд эхний хомсдол болсон байна. Харин дараагийнх нь 1990-1996 онд буюу зах зээлийн шилжилтийн үед тохиосон аж. Харин 2010 оноос эхэлсэн эрчим хүчний хямралыг урьдчилан харж, зохицуулах боломж байсан гэж мэргэжлийн хүмүүс үздэг юм билээ. Гэтэл одоо жилдээ 21 сая ам.долларыг ОХУ-аас цахилгаан импортолсныхоо төлөө төлж байна. Өмнө нь гурван сая орчим ам.доллараас давдаггүй байсан энэ тоо ирэх онд хэд болж өсөхийг хэн ч таашгүй. Үгүй ядах нь ээ, төр засгийн зүгээс олигтойхон шиг дэмжээд Тавантолгойд түшиглэсэн цахилгаан станцыг говийн бүсэд барьчихсан бол өнөөдөр Оюутолгой өмнөд хөршөөс цахилгаан импортлохгүй байсан гэж зарим мэргэжилтэн үздэг юм байна.
Эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээгээ дийлэхээ больж буй энэ үед V цахилгаан станц барих ажил дахиад хэр удаан хүлээлгэх бол. Энэ нь эцэстээ гадаад улс Монголд эдийн засгийн дарамт үзүүлэхгүй гэх баталгаа алга гэдгийг зарим мэргэжилтэн хүлээн зөвшөөрөв.