
Ч.Гантулга
Царцаа намжил сүм хийдэд шавилан сууж гурван жил бурхны ном заалгасан ч эрдэм сурахгүй нутаг буцдаг тухай үлгэрийг хүүхэд бүхэн мэддэг. Хүүхдэд зориулсан бүтээл цөөхөн байгаа энэ үед нэгэн таатай мэдээ дуулгая. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Даваадашийн цомнол, хөгжмийн зохиолч Д.Алтангэрэлийн аялгуугаар “Царцаа намжилын паян” хүүхдийн сонгодог дуурь багачуудын хүртээл болоход бэлэн болжээ. Энэ дуурь нь бага насны хүүхдэд зориулсан гэдгээрээ онцлог. Хүүхдийн оюун ухаанд сайнаар нөлөөлөх хоорондын харилцаа, Монгол ёс заншил болон ардын дууны онцлогийг харуулахыг зорьсон гэж уран бүтээлчид нь онцолсон юм. Манай хүүхдийн дуурийн үүсэл 1960 оноос улбаатай. Анх “Аз жаргалын эрэлчин” дуурийг амжтлттай тоглосон. Хамгийн сүүлд 1996 онд “Тэмүүжин” дуурийг тавьжээ. Харин үүнээс хойш 15 гаруй жил энэ төрлийн бүтээл тасалдаад байсан юм. “Царцаа намжилын паян” дуурь бяцхан багачуудын оюуны цангааг тайлж, мэдлэг боловсролд нь сайнаар нөлөөлнө гэв. Тайз засалтын хувьд барууны хэв маягийг дуурайгаагүй, монгол ахуйгаа тодотгосон бол дууны хувьд харилцаа дуу, ари романс зэрэг олон төрлийн дуугаар баяжуулжээ. Найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Б.Болдхүү ажиллаж, Царцаа намжилын дүрийг соёлын тэргүүний ажилтан Г.Ганцог бүтээсэн байна. Дуурь нөгөөдрөөс ирэх сарын 1-ийг дуустал Монголын хүүхдийн ордонд үргэлжилнэ. Тасалбарын үнэ 3000 төгрөг.