
Б.ЭНХЗАЯА
Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танайх жил бүр дулааны асуудалд орсон дуулддаг. Дулааны хоёрдугаар станц баригдсан гэсэн. Энэ асуудал яагаад нэг тийш болохгүй байна вэ?
-Энэ жил иргэд, малчиддаа “Иргэний үүргийн даалгавар” хүргүүлж өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангасан. Увсад олон жил маргаан дагуулж байгаа асуудал бол дулаан. Манайд хувийн дулааны станцын үйлдвэрлэсэн дулааныг орон нутгийн өмчит компаниар дамжуулж, дулааныг бууруулж зардаг гажиг тогтолцоо олон жил үргэлжилж байна. Бид энэ байдлыг өөрчлөхөөр ажиллаж байна. Дулааны хоёрдугаар станцын хувьд ашиглалтад орох боломжгүй. Тухайлбал, хоногт 12-20 тн үнс гаргана. Гэтэл үнс зайлуулах байгууламж нь шийдэгдээгүй, түлш дамжуулах системийн хөдөлгүүр буруу суурилагдсан, 50 хэмээс дээш температурт галлахад тогоонд нь чичиргээ үүссэн, дулаан дамжуулах төвөөс хэрэглэгч хүртэл ямар ч шугам байхгүй. Гүйцэтгэгч компани эдгээрийг өнөөг хүртэл гүйцээж дуусгаагүй байна. Тиймээс бид мэргэжлийн инженерүүдтэй ярилцаж үйлдвэрлэгчээс хэрэглэгчид очиж байгаа дулааны бууралтыг багасгахаар ялтсан бойлуур тавьж байна. Энэ ажлыг хийхэд Засгийн газраас 221.6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ өвөл Увсчууд дулаан өвөлжихөд уг бойлуурт найдвар тавьж байна.
-Та Увс аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд ямар өөрчлөлт гарсан бол?
-Бид өмнө нь ч, сонгуулиар ч Увс аймагт бодлогын нэлээн хэдэн шинэчлэл, өөрчлөлт хийхээр төлөвлөж байсан. Бүтээн байгуулалтын ажил, бодлогын шинэчлэлийг хийхдээ иргэн, хувийн хэвшлийнхэнд түшиглэн хэрэгжүүлэхээр зорьж байна. Эхний ээлжинд Увс аймагт хариуцлагыг бий болгохоор архидан согтууралтыг цэгцэллээ. Би аймгийн Засаг даргаар томилогдсон анхны өдөр аймгийн төрийн байгууллагын төвшинд архидан согтуурахтай тэмцэх тухай захирамж гаргасан. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын байран дээрээ ажлын цагаар эсвэл олон нийтийн газарт архидан согтуурвал үг дуугүй ажлаас нь чөлөөлөх захирамж юм. Торгох, сануулах гэсэн зөөлрүүлсэн арга хэмжээ байхгүй. Одоо манай аймагт төрийн байгууллагад баяр ёслол тэмдэглэдэг, томилолтоор хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийг угтаж авдаг, үдэж гаргадаг, дайлж цайлдаг явдал цэглэсэн. Манайхан захирамжийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаа. Түүнчлэн архи худалдаалдаг үйлчилгээг татварын бодлогоор зохицуулахыг эрхэмлэж байна.
-Увс аймгийг төрийн байгууллагуудын төсөв, санхүүг ил тод болгож чадсан жишээг Ерөнхий сайд дурдаж байсан?
-Хоёр дахь бодлогын шинэчлэл төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах “Шилэн халаас” хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагууд тухайн сарынхаа санхүүгийн тайланг дараа сарын 5-ны дотор олон нийтэд нээлттэй болгох ёстой. Энэ бодлогын хүрээнд төсөв дамжсан хулгай зогссон. Нэг талдаа төсвийн хөрөнгийг үрэн таран хийдэг байдлыг зогсоож, нөгөө талдаа хүмүүсийг гэмт хэргээс сэргийлж буй хэрэг. Саяхнаас төрийн бүх байгууллагын нягтлан бодогчдыг хооронд нь сэлгэн ажиллуулж эхэллээ. Цалин, шатлалыг нь бууруулахгүйгээр ажлын байрыг нь сольж ажиллуулж байгаа хэрэг. Нэг газарт олон жил ажилласан нягтлангууд байгууллагын даргаас илүү эрх мэдэлтэй болчихсон байдаг. Дараагийн хийх ажил нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс” хөтөлбөр юм. Энэ бол өмнөх хөтөлбөрийн үргэлжлэл. Үүний үр дүнд тухайн байгууллагын данс олон нийтэд ил тод болно.
-Иргэдийн өргөдөл гомдлыг нээлттэй хүлээн авч, санал бодлыг сонсдог босон тухай нутгийнхан ам сайтай байна лээ. Мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхээр шатахууны үнийг бууруулсан гэсэн байх аа?
-Аймгийн ЗДТГ, бүх сумдад Иргэний танхим байгуулагдаж, нээлттэй утас ажиллаж эхэлсэн. Иргэний танхимын дэргэд “Иргэний зөвлөл”-ийг байгуулж, өргөдөл гомдлыг шийдвэрлэх шинэ журам боловсруулсан. ЗДТГ-ын дэргэд 70452222 нээлттэй утас, www.70452222.mn цахим хаяг нээж “Удирдлагын цогц систем”-ийн программыг нэвтрүүлэн төрийн байгууллагад цаас ашиглахгүй байх, цаасанд зарцуулдаг төрийн мөнгийг хэмнэж цахим сүлжээг ашиглах өргөн боломжийг бүрдүүлсэн. Үүнээс гадна иргэдийнхээ өрхийн болон бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор шатахууны үнийг 80 төгрөгөөр бууруулсан.
-Бүтээн байгуулалт хэр өрнөж байна. Бусад аймагтай холбогдсон дэд бүтэцтэй болсон уу?
-Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрт аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөөд ажиллаж байгааг та бид мэднэ. Манай аймгийн хувьд энэ жил Хяргас нуур аймгийн төв чиглэлийн 88 км зам ашиглалтад өглөө, ирэх жилээс энэ замын үргэлжлэл 100 гаруй км замыг гүйцээнэ. Мөн Завхан аймгийн Сонгино чиглэлд 172 км замын ажлыг хийхээр төлөвлөж байна. 2016 он гэхэд Ховд руу ч хатуу хучилттай замаар холбогдохоор төлөвлөөд байна. Манай найзууд болох ОХУ-ын Тува улсынхан М-54 гээд олон улсын зэрэглэлийн замыг манай хил рүү тавьж эхэлсэн. Ийм гурван томоохон зам тавигдахаар Увс аймаг Ази Европыг холбосон авто замын гол зангилаа болно. Манай улсын эдийн засагт ч багагүй үр өгөөж өгнө шүү дээ. Үүнийг дагаж 60 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Увс аймагт барихаар УИХ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Саяхан Эдийн засгийн хөгжлийн яамныхан ТЭЗҮ-ийг боловсруулах хөрөнгийг нь шийдлээ. Энэ ажил ирэх оноос эхэнэ. -Увсчууд орон сууцанд амьдрах боломж хэр бүрдэж байна вэ?
-Энэ жил 160 айлын орон сууц ашиглалтад орж байна. Манайд “Орон сууц” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Бид улсын төсвөөс нэг ч төгрөг зарлагадаагүй. Хувийн хэвшил, бизнесмэнүүдэд эрх чөлөөг нь олгосон. Газраа өндөр үнээр худалдаж авчихаад, байрныхаа үнийг нэмэх замаар ард түмний нуруун дээр тодорхой ачаа үүрүүлдэг байсан өмнөх жишгийг халсан. Шулуухан хэлэхэд үдээс өмнө өргөдлийг нь хүлээж аваад, үдээс хойш газрыг нь шийдэж байна. Тэдэнтэй харин нэг зүйлийг тохирдог. Та бүхэн газар худалдаж авахгүй шүү, нөгөө талдаа барилгынхаа үнийг хөөрөгдөж болохгүй шүү гэж. Манай аймагт орон сууцны ам метрийн үнэ 1.1-1.2 сая төгрөгт хэлбэлздэг. Аймгийн хэмжээнд 1000 айлын орон сууцны хэсэгчилсэн төлөвлөгөө хийсэн.
-Таныг саяхан Тайвань явсан гэж дууллаа. Аймгийн брэнд бүтээгдэхүүн чацарганаа гаднын зах зээлд борлуулах талаар хэлэлцсэн гэл үү?
-Увс аймгийн гол брэнд бол чацаргана. “Чацаргана” хөтөлбөр амжилттай хэрэгжээд дууссан. Одоогоор 800 мянга орчим модтой болсон. Ирэх зун гэхэд нэг сая болчих байх. Найман чацарганын үйлдвэр ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө Тайвань улс руу яваад ирлээ. Тайванийн группүүдтэй хамтран чацарганыг гадны зах зээлд гаргаж борлуулахаар тохирлоо. Үнэ, нийлүүлэлтээ ярьчихсан. Мөн Увс аймаг давсаар баялаг. Давсаа ч Тайванийн зах зээлд борлуулахаар ярилцаж байна.
-Саяхан аймгийн төвүүдийг хот болгох асуудлаар Засгийн газрын хэмжээнд хэлэлцсэн. Улаангом сумыг хот болгоход та бүхэн хэрхэн анхаарч байна?
-Ирэх оноос Улаангомыг шинэ хот болгох хөтөлбөр эхэлнэ. Засгийн газар, Барилга хот байгуулалтын яаманд нухацтай яригдаж байгаа сэдэв бол энэ. Дээр нь аймгийн төвд ногоон байгууламж нэмэгдүүлэхээр төсөв хуваарилсан.
Ерөнхий сайдын багцаас хуваарилсан гурван тэрбум төгрөгөөр битүү зах барьж эхэлсэн. Ирэх сард ашиглалтад өгөхөөр тооцоолж байна. Мөн иж бүрэн оношлогооны төвийг ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын тал дээр энэ ажлуудыг хийхээс гадна боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн анхаарч байна. Энэ салбарын материаллаг талд өмнөх он жилүүдэд засч янзалсан, додомдсон ажил нэлээн байдаг. Бид харин одоо үйл ажиллагааны хүрээнд шинэчлэл хийх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс “Авьяас”, “Ном” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хүүхдийн ном бичих уралдааныг улирлын хугацаатай зарласан. Шилдэг 20 бүтээлийг ном болгон хэвлэж олон нийтийн хүртээл болгох юм. Дараа нь үргэлжлүүлээд эцэг эхийн ном бичих уралдааныг зарлана. Хэн ч ороод саатмаар аятайхан номын дэлгүүртэй болохоор зорьж байна. Ном уншсан хүний амьдрал цэгцтэй, аливаа шийдвэрийг гаргахад ухаалаг байдаг. Нийгэмд оролцох оролцоо ч сайн. Тиймээс номоор дамжуулж сэтгэлгээний шинэчлэл хийхээр оролдож байна.
-Залуусын боловсролын чиглэлд хийж буй шинэчлэлээсээ дурьдахгүй юу?
-Сум бүртээ чөлөөт, жудо бөхийн клуб байгуулах эхлэлийг тавьсан. Гурван жилийн дараа гэхэд Увс аймгаас тив, дэлхийн аваргууд, алдартай спортын хүмүүс төрнө гэдэгт итгэж байна. Манайхан ардын язгуур урлаг, бий биелгээ, морин хуураараа Монголд алдартай. Саяхан манай Хөгжимт драмын театрынхан “Ээрэн хүрээ” гэж том хэмжээний дуулалт бүжгэн жүжиг тавилаа. Монголд сүүлийн 20 жил ийм том бүжгэн жүжиг тавигдаагүй. Ирэх жилээс бүх сургуулиудыг тус бүр таваас доошгүй төгөлдөр хуур, баян хууртай, хийл хөгжим, үлээвэр найрал хөгжимтэй болгохоор төсвийг нь шийдэж байна. Манай аймгийн хүүхдүүд сонгодог урлагаар улс, дэлхийн хэмжээнд өрсөлддөг байх ёстой.
-Ирэх жилүүдэд танай аймаг ямар өнгө төрхтэй болсон байх бол. Увс аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон гэсэн?
-Бид жил орчим ажиллалаа. Төсвийн хөрөнгөд шүтсэн, төсөв харсан, төсвөөр хийж байгаа ажлыг өөрийнх мэтээр ойлгож, ярьдаг байсан нь бидний хамгийн том алдаа. Бид хөгжлийг өөр өнцгөөс харах, төр бүх асуудлыг шийддэг юм шиг байдлаасаа татгалзах цаг болсон. Манай аймаг ирэх жилүүдэд хувийн хэвшлээ дэмжсэн, түшсэн эдийн засгийн нээлттэй бодлого явуулах тухай удахгүй зарлана. Бид хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа болгон хөгжүүлнэ. Аялал жуулчлалын бааз байгуулах боломжтой түүх дурсгалт, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар олон бий. Тэдгээрт өөрийн хөрөнгөөр аялал жуулчлалын бааз байгуулаад ажиллуулах дотоод, гадаадын компаниудад Увс аймаг нээлттэй болсныг энэ дашрамд дуулгая. Манай аймаг баруун бүсийн газар тариалангийн төв бүс нутаг. Тиймээс газар тариаланг ч эрчимтэй хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнд түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуй, хил гаалиа түшиглэн гадаад харилцааг хөгжүүлэх олон боломжит хувилбаруудыг судалж байна. Миний нутгийн ард түмэн бидэнд итгэл хүлээлгэсэн. Бид итгэлийг зүтгэлээр, зөв шударга ажил үйлээр, тэгш боломжоор, шинэ санаачлагаар, чанартай бүтээн байгуулалтаар хариулна.