Т.ДАЛАЙ

МҮОНРТ-ын ерөнхий захирал М.Наранбаатар Үндэсний олон нийтийн телевизийн захирал Ч.Даваабаярыг энэ сарын 22-нд үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.   Түүнийг “Цалин, төсөв хэтрүүлсэн, салбарын захирлуудынхаа мөнгө идсэн булхайг илрүүлээгүй,  удирдаж чадаагүй” гэсэн шалтгаанаар ийн ажлаас нь чөлөөлсөн байна. Уг нь түүнд Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанаар захирлуудын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, судлах үүрэг байдаг юм байна. Гэтэл М.Наранбаатар захирал яаран сандран телевизийн захирлаа ажлаас нь шууд халах тогтоол гаргажээ. Ч.Даваабаяр энэхүү тогтоолыг хууль бус, түүний эрхийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн үзэж Үндэсний зөвлөлд гомдол хүргүүлжээ. Мөн тэрээр холбогдох шатны шүүхэд гомдол гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрээр “Энэ эрхэлж байгаа албан тушаал хүн халах, ажилд авах эрхгүй. Зүгээр дамжин өнгөрөх төдий албан тушаал юм. Би энэ суудалдаа үлдэх гээд зууралдаад байгаа юм биш. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж, зөрчигдсөн эрх, нэр хүндээ сэргээлгэх ёстой гэж үзэж байна” гэлээ. Түүний өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг ажиллахаар хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн байлаа. Тэрээр, “Ч.Даваабаяр захирлын зөрчигдсөн эрхийг хамгаалахаар би ажиллаж байна. Иргэнийхээ хувьд тэрээр бусдын адил хамгаалуулах, шүүхэд гомдол гаргах эрхтэй. Шүүхээс ямар шийдвэр гарахыг бид цаг тухайд нь та бүхэнд мэдээлэх болно” хэмээн гэж мэдэгдлээ.