Д.ЦЭРЭННАДМИД

 

ОРШИЛ БУЮУ ОНЬСОГО ҮГ

Тийм ээ би зэрлэг хүнтэй уулзсан. Тэгээд их сонин түүх ярилцсан гэж байгаа. Тэр хүн ой хөвчид нар, ус, агаарт ойн амьтан шиг тарвалзаж арваад жилийн нүүр үзсэн. Яг л эртний хүн шиг гэмээр. Уул хаданд зоргоороо тэнэж ан амьтны мах, ургамал ногоо хорхой шавьжаар хооллож байснаараа шүү дээ. Түүн шиг бидний хэн нэгнийг чи энэ могойн мах түүхийгээр нь ид, хорхой залги, амьтны цөс, цус уу гэвэл чадах уу. Мэдэхгүй. Тэгвэл миний уулзсан зэрлэг хүн бол сохор хорхойноос эхлээд чийгийн өт, модны улаан шоргоолж, баавгай, чонын түүхий мах бүгдийг хоол хүнсээ болгож байж. Агаар, салхиар хувцаслаж явсан ч удаатай. Тэгэхээр ийм хүнийг зэрлэг хүн гэсэн минь ононо бизээ. Харин амьдралын сайн сайхан юм бас элдэв зовлонг багагүй туулсан хашир толгой л доо. Зэрлэгшихийнхээ өмнө боловсрол олж, бага, том алба хашиж нийгмээс нийгэмд өөрийгөө өөрчилж амьдарсан ч гэж болно. Түүний тухай цөөнгүй хүн гадарлах байх. Гэхдээ алтан амийг нь аваад одохоор завдсан аюулт өвчнийг ямархуу эр зориг сэтгэлийн хатаар давж чадсаныг нь тийм сайн ухаж ойлгоогүй л дээ. Тиймээс энэ тухай уншигчиддаа лавтай мэдүүлэх гэж үзэг цаас шүүрсэн минь энэ ээ.

 

ЗЭРЛЭГ ХҮН БУЮУ ЖАМСРАН ГЭЖ ХЭН БЭ?

Яагаа вэ элэгний тухайд эмчээс илүүг хэлдэг, бичдэг хурандаа Жамсран л даа. “Амьдралын тойрог” буландаа түүнийг урих редакцийн даалгавартайгаар тэднийд очлоо. Ерэн насны босго давсан гэхээргүй тэнхлүүн өвгөн байна. Гэр орны нь байдал бидний төсөөлснөөс огт өөр өнгөлөг. Үзэж сонирхмоор юмс элбэгтэй. Ер нь багахан музейд ороод ирсэн юм шиг л санагдав. Үүднээсээ эхлээд жаазтай дурсамж, диплом өргөмжлөл, элдэв зураг бичиг сэлт алаглана. Хадаг зүүлттэй нохойн том баримал цаашлаад харахад ширээн дээр бас хэдэн тоглоомон нохой өрөөстэй. Бас нэг хурандаа цолтны цээж баримал бусдаас содон. Энэ нь Жамсран гуайн Ардын армид ажиллаж байсан үеийн дүр төрх. Өөрийн дүрийг өөрөө бүтээсэн нь тэр юм билээ. Түүнтэй зэрэгцээд бурхан тахил ч харагдах шиг. Тэр бүгдийг тоочих илүүц гэж бодлоо. Ж.Жамсран гуай бидэнд цай аягалан барихдаа.

-За өвгөн гуай нь өөрийнхөө уудаг бор цайг л өгч байна. Гэхдээ “эрдэмтэй цай” шүү гэлээ. Эндээс л бидний яриа эхэлсэн юм. Хүний амьдралыг нэгэн том тойрог гэвэл төрөх, төгсөх хоёр нэг цэгт л уулзалддаг гэж болно. Ингэж бодсон чинь Жамсран гуайн туулж өнгөрүүлсэн амьдрал, тэмцлийн түүхийг сонссоны дараа зарим хүмүүн ганцхан биш дахин тойргоор аялж амьдардгийг ухаарлаа. Яагаад гэвэл олны нэрлэдгээр “зэрлэг” хурандаа маань ид бүтээж хөдөлмөрлөж байсан үедээ аюулт өвчин тусч тэр нь Монголдоо ч гадаадад ч яваад тусыг эс олж эдгэрэлгүй ямар ч эмчилгээгүй гэсэн бараан тамга эрлэгийн дуудлага бичигт даруулаад зөвхөн хойд насныхаа тухай төсөөлөн явсан нэгэн. Гэвч үзсэн дуулснаа эргэн санаж төрсөн нутгийнхаа уул усыг бараадан очоод зэрлэгшин амьдарч өвчин зовлонгоосоо салж үхлийг ялсан нь амьдралын үнэн юм билээ.

Хэрвээ Жамсран гуай эр зориг гаргаж өвчинтэйгөө тэмцээгүй бол алин хэдий нь тэнгэрт одсон байх байсан нь бас нэг үнэн. Тийм болохоор Жамсран гуайг үхэж босоод дахин амьдарсан гэж ч болмоор. Энэ утгаар нь аваад үзвэл энэ хүн амьдралынхаа хоёр дахь тойрогт ороод явна гэж хэлэх гэсэн юм.

 

ЦАГДААГИЙН ПОГОНОО ХУРАНДААГИЙНХААР СОЛЬСОН НЬ

-Би арваадхан насандаа Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Хэрлэнгийн хийдэд шавилан сууж байснаа нуудаггүй юм даа гэж Ж.Жамсран гуай ярихдаа хэнгэрэг уран дэлдэгч нэртэй жаал л байж. Харин үзсэн дуулснаа хүлээж авах мэдрэмж тэндээс олж авсан гэж билээ. Тэгтэл дараа нь цаг төр өөрчлөгдөхөд 11 настай Жамсран Цэнхэрмандал сумын сургуульд оржээ. Басхүү “Өндөр жааяа” нэртэй ангийн дарга байсан гэдэг. Бага сургуулиа төгсөөд хотод ирээд удаагүй 17 настайдаа цагдаа болж. Энэ цаг төр, засгийн албаны хүмүүстэй ойртож дотносох замыг нь нээсэн юм билээ. Тухайлбал тухайн үеийн удирдлагууд С.Янжмаа, С.Бумцэнд бас Ж.Самбуу Ю.Цэдэнбал нартай нэг л мэдэхдээ танил нь болсон байв. Тэгсний хүчээр намын шинэ хүчний дээд сургууль, намын дээд сургуульд элссэн гэдэг. Арван наймхан настай бага боловсролтой залуу намын том сургуульд элсэхэд тун ярвигтай байсан ч С.Янжмаа гуай санал гаргаж Ю.Цэдэнбал дарга дэмжсэнээр тус сургуулийн хамгийн залуу сонсогч болсон байна. Сургуулиа төгсөөд ирэхэд нь намын төв хорооны шийдвэрээр Булган аймгийн намын хорооны боловсон хүчний тасгийн даргаар яв гэж.

Жамсран: Би тийм том албанд очоод чадахгүй байх гээд байснаар МХЗЭ-ийн төв хорооны мэдэлд шилжиж. Тэгээд Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр даргаар “туугдсан” гэх. Дараа нь Дорноговьд ажиллаад удалгүй МХЗЭ-ийн төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргаар дэвшсэн байна. Ингээд л залуучуудын байгууллагад гялалзтал ажилласан учир Казахстанд хууль цаазны дээд сургуульд явсан юм билээ. Мөн сургуулиа төгсөөд иртэл Засгийн газрын зохион зааварлах хэлтсийн орлогч даргаар тавьчихаж. Тэгтэл Жамсранг нэг өдөр Бал дарга дуудаж. Очсон чинь,

-За хө баруун зүгт хоёр бух мөргөлдөөд байна. Чи очиж тэрнийг намжаана даа гэсэн гэнэ. Даргын энэ хошигнон хэлсэн “даалгавар” юу байв гэвэл Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга С.Балган, аймгийн дарга Сүхбат нар хоорондоо жаахан таарамжгүй байсныг хэлсэн байлаа. Тэгээд Жамсран ийн аймгийн дарга болсон түүх Завханаас эхэлж. Дараа нь Дорнод аймгийн даргаар цөөнгүй жил ажиллахдаа аймаг, орны ажлыг гүйцэд өөд татснаар сайн дарга гэсэн үнэлгээг Бал даргаас сонсож байсан төдийгүй улмаар Намын төв хорооны гишүүн. Ардын Их Хурлын депутат болжээ. Жамсрангийн ажил амьдралд хожим дурсууштай сайхан юм зөндөө тохиолдож байсан гэдэг. Түүний нэг нь Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нар тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Москвад Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд оролцсон явдал байлаа. Энд олон сайхан хүмүүстэй уулзаж. Их Сталин Зөвлөлтийн иргэний дайны баатар Ворошилов, Будённыйгаас эхлээд сансрын анхны нисгэгч Ю.А.Гагарин, Титов гээд олон хүнтэй гар барьж амжсан. Тэр дотроос нэг онцгой, эрхэм хүнтэй танилцаж гарынх нь үсгийг аваад их баяр хөөр болсон тухай одоо өвгөн Жамсран гуай дурсан ярих дуртай юм билээ. Тэр нь сансрын хөлөг зохион бүтээгч А.К.Королёв байжээ. Энэ хүний гарын үсэгтэй ил захидал одоо Жамсран гуайд нандин нь аргагүй хадгалагдаж байдаг аж. Хөдөөд олон жил сайн ажилласан Жамсран тэр нэгэн жил Засгийн газарт хуучин албаа хаах болоод байж. Тэгтэл нэг өдөр Бал дарга дуудлаа л юм болов. Орсон чинь Жамсранд,

-За чи одоо армид очноо гэж. Би цэргийн хэрэг мэдэхгүй шүү гэсэн тайлбарыг дарга үг гэсэнгүй “явж бай” гэж. Маргааш улс төрийн товчооны хурал дээр дуудаад л Армийн улс төрийн газрын орлогч гэдэг албан тушаалд томилчихсон байна. Шууд хурандаа цол олгож. Ингээд цэргийн дарга болоод гялалзтал ажилласан хүний нэг нь Жамсран байлаа. Варшавын гэрээний орнуудын цэргийн хээрийн сургуульд явжээ. Нэг онцгой үйл явдал Армийн 50 жилийн ойг тэмдэглэх ажилд Жамсран хурандаагийн үүрэг роль маш их байж. Сайн ч гүйцэтгэсэн гэх юм билээ. “Монгол ардын арми 50 жил” гэсэн том альбомыг гардан хийж. Гэхдээ Бал даргын удирдлага дор альбом хийх их ажлыг амжуулсан юм шүү дээ гэж  ярьж байсан. Мөн эвлэлийн байгууллагад ажиллаж байхдаа дэлхийн залуучууд оюутны их наадмыг зохион байгуулахад ихийг хийсэн тухай түүхэн тэмдэглэл Жамсран гуайд бий. Ийнхүү цагдаагаас хурандаа болсон түүхийг товчлон хэлбэл ийм. Гэтэл хэлж ирдэггүй хийсч ирдэг сүрхий өвчин Жамсран гуайг ээрч эхэлсэн байдаг. ЗХУ, Болгар, Герман гээд өндөр хөгжилтэй орнуудад очиж эмчлүүлсэн ч дээрдээгүй. Харин эмчилгээгүй гэсэн оноштойгоор буцаж ирж. Энд өөрөөр нь хэлүүлэхгүй бол болохгүй нэгэн түүх бий.

-Би чинь элэгний ходоодтой холбогдсон судсуудын өргөсөлт гэдэг айхтар өвчин туссан хүн шүү дээ. Эмнэлгийн хэлээр бол “барикоз” гэдэг өвчин.

Би Германаас онгоцоор буцаад ирж явахдаа цусаар бөөлжиж явсан хүн. Зовсон хүн элдвийг боддог юм билээ. Намайг балчирхан амьтан Хэрлэнгийн хүрээнд ахархан хугацаанд сууж байхад Сэрээтэр гэдэг том лам байлаа.

-За хүүхдүүд минь хүн цус, ус хоёроо л сайн бодож явах хэрэгтэй шүү гээд биднийг цус алдсан хүнийг аврах юм байдаг уу гэхэд.

-Уулын хаан амьтан л (баавгайг хэлж байв) тус болно доо гэсэн нь бодлын хязгаараас тодорч санагдсан. Тэгээд л түүнийгээ тунгаан бодсоор алс нь ууланд гарч амьдран өвчнөө мартах нь зөв гэсэн санаа олсон юм даа гэж Жамсран гуай ярьж билээ.

 

БУРХАН ХАЛДУН УУЛ “САВДАГ”-ТАЙ БОЛЖ ГЭНЭ

1970-аад оны дундуур ийм яриа гарсан гэдэг. Яахав Жамсран гуайг таньдаг нь “зэрлэг хурандаа” гэж байхад таньдаггүй нь “Уулын савдаг” хэмээн нэршүүлжээ. Түүий уулын хүн болох эхлэл бас сонин гэдэг. Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт байсан хүнд өвчтэй хүний  “Би Мөнгөнморьт” явна гэсэн үг олон хүнд хачин сонсогдсон гэх юм билээ. Бал дарга хүртэл “Юу гэсэн үг вэ Жамсраан” гэж зэмлэнгүй байсан ч сүүлдээ нисдэг тэрэг гаргаж өгч хүргүүлсэн байдаг. Тэгээд байж байтал нэг өдөр хотоос нэг том дарга ирлээ гэсэн нь Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсан гуай байж. Тэр,

-За Бал дарга өөрийг чинь эргээд, салхи савирт нэг сайхан гаргаад ир гэсэн гэжээ. Морь мал ч зэхчихсэн байв. Нутгийн хоёр хүнтэй хэдүүл Бурхан Халдунд гарчээ. Уулын оройд гарч идээ будаа өргөн арц хүж уугиулж байгаад Лувсан гуай хэлж байна гэнэ. Жамсраан намайг Чехэд Элчин сайд байхад энэ бууг бэлэглэсэн юм. Буудаж ч үзээгүй. Энд нэг ёслочихвол яанав гэж. Тэгье баръя болсон чинь хоёр, гурав дараад нөгөө буу нь авалцсангүй. Лувсан гуай,

-Өө үйлдвэрийн гологдол юм байлгүй гээд л өнгөрч. Уулнаас буугаад явах үед унаа морьд сэрвэлзэхээр хартал том хүрэн  баавгай гараад ирж. Тэгсэн Лувсан гуай буугаа шагайж байна гэнэ. Жамсран гуай бодож. Авалцдаггүй буугаар баавгай төхөөрнө гэдэг ч дээ гэх аясын юм бодох үед буу тасхийж баавгай унасан гэнэ. Энэ үед Жамсран гуайд ухаант хүн Сэрээтэр ламтны хэлсэн,

-Уулын хаан амьтан л тус болно доо гэсэн үг санаанд нь ил санагдаж бас уулын орой дээр дуугарч болоогүй буу баавгай унагасан нь нутгийн шүтээн уул нь өглөг болгосон мэт билэгшээл хоёр давхацсан байна. Энэ тохиолдлоос л Жамсран гуайн зэрлэг амьдрал эхэлсэн байх юм. Баавгайн цөс ууж хэрэглэсэн өдөр нь ч тэр байв. Уулын хүн болсон өдөр нь маргааш нь гэдэг. Нутгийн Дөлнэрэн гэдэг хүнээс нэг морь худалдаж авч Цагаадай гэж нэрлэж дээ. Тэгээд ууландаа гарчээ. Нэг өдөр модонд явж байтал нь олон нохой давхиад байж. Хойноос нь эзэн нь ирсэн нь Дадал сумын нэг анчин байв. Тэгээд тэр хүн Жамсран гуайг урьд нь сураг мэдэхийн учир тус болох гэж нэг овчарк нохой өгч. Түүнийгээ Тигр гэдэг болж ингээд л хурандаа Жамсран, Цагаадай морь, Тигр нохой гурав Бурхан Халдун уулын эзэн болсон түүхтэй. Тэд ижилсэж дассан ч гэж жигтэй, бие биедээ жинхэнэ нөхөр нь байж. Морь, нохой хоёр эзнийгээ л гэх Жамсран гуай ч тэр хоёртойгоо хүнтэй хэлцэж байгаа юм шиг ярина.

-Би уулын хүн болж хэдэн жил амьдрахдаа мал, амьтан дотроос морь, нохой хоёр шиг үнэнч хань байхгүйг мэдэрсэн. Бас өдрөөс өдөрт өвчин зовонгоо мартаж улмаар эрүүлжээд ирэхээр хүн байгаль хоёр хүн холбоотой юм шүү гэдгийг яс махандаа мэдэрсэн хүн дээ гэж өвгөн Жамсран гуай ярьж сууналээ. Ингээд зарим зүйлийн талаар бид хоёр бүр лавшруулан ярилцлаа.

-Та ууланд амьдарч байхдаа сонссон хүн хирдхийм сэжиглэмээр юм идэж ууж байсан гэдэг. Энэ тухай ч номондоо бичсэн байсан. Номыг чинь уншаагүй хүн сонин байх болов уу?

-Ер нь байгалийн юм гэдэг өвс ургамал ч бай жинхэнэ цэвэр байдаг юм шүү дээ. Тиймээс сэжиглэх нь юу байхав. Ангийн мах тэр дотор могой, чоно, баавгайн мах, цөс цусыг түүхийгээр нь хэрэглэж байв. Махыг болгож идэхэд чанар нь мууддаг.

-Түүхий мах зажилна гэдэг хэцүү юм даа?

-Махыг гурван янзаар идэж болно. Зажилж бас залгаж, шимж гээд. Би дан залгиж иддэг байлаа. Жижиг зүсээд хэлнийхээ уг дээр тавиад залгидаг.

-Бас хорхой шавьж их идсэн гэдэг юм билээ?

-Тиймээ. Чийгийн өт, жараахай, сохор хар, янз бүрийн өт хорхой, гүрвэл, шоргоолж гээд олон л амьтан хүртсэн дээ. Өвчин зовлон минь өдрөөс өдөрт алга болж байлаа. Ургамлаас идээгүй нь ховор. Цөмөөрөө л надад эм болсон. Харин энд хэлэхэд эмчилгээнд маш сайн хус модны онгол (чага мөөг) чанаж уухын сайныг би анх олж мэдсэн. Би нээсэн ч гэж болно. Сүүлд нь цайнд хүртэл хэрэглэх болсон байналээ.

-Одоо та тэр бүхнээсээ олж хэрэглэдэг үү?

-Өөрөө яваад олж түүнэ гэж байхгүй болчихож. Энэ жил нэг хүн чийгийн өт гайгүй олныг авчирч өгсөн. Сайхан байлаа. Баярласан.

-Одоо та хоол, цайгаа бусдаас өөр бүтэцтэй хэрэглэдэг үү?

-Би өөрт чинь цай өгөхдөө “эрдэмтэй цай” гэж хэлсэн шүү дээ. Миний уудаг цайнд загасгал, говийн гоёо, нохойн хошуу, боролзгоны цэцэг болон задь ордог. Тогтмол ийм цай ууна. Харин сүүтэй цай ууддаггүй.

-Сүү огт хэрэглэдэггүй гэсэн үг үү?

-Огт хэрэглэдэггүй биш хааяа аяга сүү уудаг. Өөр юмтай холилгүй дангаар уух бас л эм дээ.

-Хоолондоо бас олон юм хийдэг биз?

-Хойлогийн мах байвал сайн. Халгай, жамц давс, улаан сармис заавал хийнэ.

-Ямар малын мах идэж байна вэ?

-Дан хонины мах иддэг.

-Хонины мах холестрин ихтэй муу л гэцгээх юм билээ?

-Энэ бол худлаа. Монгол хүн монгол хонины махаа идэж байсан цагт хийдэж хуйдна гэж байхгүй. Бас л эрдэмтэй эд гэж хэлнэ. Зарим эмч нар үхье гэвэл хонины мах ид гэсэн тухай дуулддаг. Тэгвэл би үхэхгүй л гэвэл хониныхоо махыг ид гэж хэлнэ.

-Архи уудаг байсан уу?

-Буруу зуршлаас би ангид хүн шүү дээ. Архи тамхи хэрэглэж байгаагүй ээ.

-Та ууланд зэрлэгшиж амьдраад шинжлэх ухааны хүчээр эмчилгээгүй гэсэн өвчнөө эдгээж чадсан. Тэгэхээр тэр ууж идэж байсан байгалийн ориг зүйлүүдээс чухам аль нь их тустай байсан бол?

-Бүгд л тус болсон. Тэр дотроос баавгайн цөс, цус онцгой гэж боддог. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд мод ургамал, амьд амьтай бүхнийг хайрлаж байх сэтгэлийг л би амьдралаасаа олж авсан юм даа гэлээ.

 

Ж.Жамсран:

ХҮН СЭТГЭЛЭЭРЭЭ Л АМЬДАРДАГ ЮМ ШҮҮ

-Сурвалжлагынхаа төгс­гөлд хэлэхэд Жамсран гуайг үхлээс айсандаа тийм амьдрал туулсан гэвэл үгүй гэдгийг хэлмээр байна. Харин нэгэн үе сонирхож байсан шигээ хэлсэн үг бүхнийг нь нягтлан үзэж ардын эмчилгээнд ашиглаад үзсэн бол хэрэгтэй байж магадгүй байжээ. Германд очсон хүнээс германууд танай нөгөө хурандаа хэр удсан бэ гэж асууж байсан гэдэг.

Тэгж амьдраад эдгэж байгаа гэхэд гайхаж “Тэр хүнтэй чинь очиж уулзахсан. Бараг дэлхийд ховор тохиолдол юм байна” гэжээ. Манайхан болохоор Жамсран гэдэг хурандаа элгээ өөрөө эмчилсэн юм гэнэлээ гээд л ярих төдий. Харин элэгний өвчтэй цөөнгүй хүн Жамсран гуайн жишээгээр өвчинтэйгээ тэмцсэн юм билээ. Жамсран гуай ч өөрийн амьдрал, тэмцлийнхээ тухай дөрвөн ч ном бичиж уншигчдын хүртээл болгосон. Гурван сая шахам төгрөгийн өртгөөр бүтсэн номоо хот, хөдөөд хүргэхийн тулд улсын нийтийн номын санд үнэгүй бэлэглэсэн байдаг. Энэ нь түүний “олон түмэн, ах дүүстээ тус больё” гэсэн санаа юм. Жамсран гуай одоо тавин мянгатын хуучин байранд амьдардаг. Нас өндөр болоод асран хамгаалагчаа дэргэдээ байлгахын тулд нэг өрөө байраа томсгох санаа төрөх болж. Армийн улс төрийн газарт хүсэлтээ хэлж очиж. Тэгсэн тэндхийн нэг дарга нь огт тоосон шинжгүйгээр “боломжгүй” гэж. Үүнд өвгөн жаахан гомдонгуйхан “Би уг нь армид ажилласан шиг л ажиллаж байсан даа. Даанч генерал цол хүртэл өгөхийн даваанд өвдчихсөн. Одоогийн дарга нарт өвчин тусахаа байсан юм байлгүй. За тэгээд их наслах ч хэрэг байна уу даа гэж шогширч сууна. Гурван зуу гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэрнийгээ болж байна гэж байсан. Харин нэг сонин бичиг үзүүллээ. Тэр нь тахир дутуугийн группэд байгаа Жамцын Жамсранд 700 төгрөгийн тусгай тэтгэвэр сар бүр олгож байх тухай Засгийн газрын тогтоол байна. СнЗ-ийн дарга Ж.Батмөнх, хэрэг эрхлэх газрын дарга Д.Бадарч гэсэн гарын үсэгтэй тэр тогтоолыг гарсан үед Жамсран гуай төр, засаг надад ингэж анхаарал халамж тавьж байгаа нь сайхан юм. Баярлалаа. Би тэр тэтгэмжийг аваад яах вэ гэсэн гэдэг. Тухайн үед хүний сайхан сэтгэл мөнгөтэй зүйрлэмгүй юм шүү гэдгийг санасан хэрэг байсан юмсан уу.