Д.БИЧЭЭЧХҮҮ

Саяхан амралтаар хөдөө яваад ирсэн оюутан ач хүү нь өвөөтэйгөө ингэж ярьж байх юм гэнэ. За миний хүү хөдөө сайхан байв уу гэх өвөөгийнхөө асуултад хариулахдаа.

-Би хөдөө очоод мори унаад хонид явдаг байлаа. Олон хонины захад аги үнэртсэн талд таны өгч явуулсан “Олиг цэцний дуули” номыг уншаад л. Нэг өдөр хуучин танил УИХ-ын гишүүн Ж.Батсуури гуай ирлээ. Тэр сонгогчидтойгоо уулзахыг зориж яваа гэнэ. Манай ахын хани Дари эгч сонгинын халис арилгаж сууснаа би гишүүнтэй цуг явах мини. Бушуухан дээлээ солиё гэхэд би ч хария гэж бодсон гэх зэргээр дуржигнуулав. Тэгэхэд өвөө нь “Чи чинь харь орны монгол хэл муу сурсан амьтан шиг ямар хачин ярьж байгаа юм гэж ундууцлаа. Ач нь мөчөөгөө өгсөнгүй. Монгол хэл бичгийн дүрэмд хийж байгаа өөрчлөлтийг та мэдээгүй юм уу? Зөөлний тэмдэг “й” мэт хэдэн үсгийг бичгээс хасч байгаа. Иймээс би тэр өөрчлөлтийн дагуу ярьж сурахыг хичээж байна. Харин та тэр хэлбичгийн хуучин номнуудаа хаягдал цаасанд өгөөрэй. Би түүнийг чинь үзэхийг болилоо гэж мэдэмхийрэв. Амьдралд яг л ийм юм бол эхлэв дээ. Монгол хэлний зөвлөлийнхөн гэх хэсэг хэсэг бусаг нөхөд монгол хэлний дүрэмд өөрчлөлт хийж цагаан толгойн дөрвөн үсгийг хасна гэснээс хойш маргаан дэгдэж хэл ярианд тусч байгаа нь тэр юм байна л даа. Түүхийг сөхвөл 1940-өөд онд монгол шинэ бичгийн дүрмийг бий болгоод хэрэглэж эхэлснээс хойш 70 гаруй жилд Монгол улс дэлхийтэй хөл нийлүүлж чадсан билээ.

Манай үе үеийн түүх ч энэ л бичгээр үлдсэн. Тиймдээ Монгол улс тусгаар тогтнолоо дархлаажуулж ирсэн. Ер нь Монгол хэл бичигтэй байснаар бид монголоороо гайхуулдагсан биш үү. Ингээд бодохоор улс орны аюулгүй байдал ч үндэсний бичиг, соёлтойгоо нягт холбогдоно. Гэтэл өөрсдийгөө эрдэмтэн хэмээн цоллуулах дуртай хэдэн хүн олон арван жил мөрдөж, олон мянган хүнд зааж ирсэн хэл бичгийн дүрмээ эвдэхээр болжээ.

Энэ нь бүхнийг өөрчлөх гэж оролддог өнөөгийн нийгмийн, одоогийн төр засгийнхны сэтгэлгээнд туссан олон хазайлтын нэг юм шиг. Монгол хэлийг гадаад хэлээр сэглэж дуусч байхад юм хэлээгүй тэр хүмүүс яахаараа хэвшиж хэлмэгдсэн аялгуу сайхан гэгддэг хэл рүүгээ халдаж эхлэв.

“Хэрэв эх хэл маань мөхвөл би маргааш нь үхнэ” гэж нэг ухаантан хэлсэн гэдэг. Үүнээс ухварлан бодвол өөрийн гэсэн түүхтэй хэлгүй, соёлгүй бол ямар гээчийн улс орон, ард түмэн байх юм бэ?

Монгол хэл түүх соёл бол өнөөгийн бидний өмч төдий биш өвөг дээдсийн минь бүтээж өгсөн өв хөрөнгө. Хүн төрөлхтний соёлын санд нэмэрлэсэн үнэт эрдэнэ. Тэгвэл бид зуунаас зуунд дамжин хэрэглэж ирсэн бичиг соёлоо тийм амархан эвдэх гэж үү. Цаад утгаар нь аваад үзвэл дөрөвхөн үсэгтээ биш Монгол улс, өнөөдрөөр төрж өссөн монголчууд төрөл арилжсан мэт болох нь. Энэ санаа ер нь хаанаас эхтэй юм бэ? гэдэгт гайхах юм. Нөгөө олон мянган шавь нараа сургаж байсан эрхмүүд яагаад гэнэт иймийг сэдэв. Сураг сонсвол тэдний өөрсдийн толгойгоор сэдсэн санаа биш юм байна л даа.

Монгол хэлний дүрмийг өөрчилье гэсэн санаа бүр дээрээс өгсөн шийдвэртэй гэж тулхтай эрдэмтэн Ш.Чоймаа хэлсэн байна билээ. Тэгэхлээр Монгол хэлний дүрэмд гар дүрэх гэсэн санаа нь өнөөгийн саваагүй улс төрийн монгол дархлаанд ухвар мөчидөөр халдах оролдлогын нэг болж таарч байна. Одоогоос бараг дөрвөн жилийн өмнө болж дээ.

Л.Гүндалай УИХ-ын танхимд сууж байхдаа цагаан толгойн онцгой дөрөв гэж нэрлэгддэг үсгүүдийг хасъя гэж байсан. Тэр санааны үр хөврөл одоогийн улс төрийн хүрээнд хоргодогсод буюу зарим саармаг нөхдийн төлөөллөөс сэргэлттэй байж ч магадгүй нь ээ. Түүнийг нь Ж.Баянсан, Ц.Өнөрбаян, Д.Төмөртогоо нарын хүмүүс өөрсдийгөө шинэчлэгч гэж нэр­лүүлэхийн тулд хувийн ашиг, амбийцдаа хөтлөгдөн шүүрч авсан бололтой юм. Тэд өөрсдийгөө Монголын суут хүмүүс Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ш.Лувсан­вандан, Я.Цэвэл нарын жишигт аваачих гэж байгаа юм байна л даа.

 

Д.Төмөртогоо хэлэх нь

-Дөрвөн үсгийг хасах нь үсгийн дүрэмд оруулах өөрчлөлтийн өчүүхэн хэсэг нь гээд хуучин дүрэм Ц.Дамдинсүрэнгийн өмч биш. Үсгийн дүрэмд зохиолчийн эрх гэж байхгүй гэжээ. Өмнө нь 30-40 жил өөрсдөө шинэ үсгийн дүрмийг Ц.Дамдинсүрэн 1941 онд зохиосон гэж зааснаа мартаж. Бас хүний юмаар хүүдэгнэхдээ өөрчлөх биш гээд боловсруулах гэсэн үгээр халхавчилж байна. Үсгийн дүрмийг өөрчилснөөр хуудам монголоо мэдэхгүй хүмүүс хэлд орох гэж заваарнаа даа. Эдийн засгийн хохирол ч их. Юуны түрүүнд сурах бичгээ шинэчилж таарна.

Батсуурь, Дарьсүрэн мэтийн олон мянган хүн нэрээ өөрчлөн бичиж иргэний үнэмлэх, гадаад паспортаа солиулах болно. Монголд суурьшаад олон жил болсон Олега гэдэг орос авгай өөрийгөө Олигоо гэж дуудуулах нь. Ингэхэд иргэний бүртгэлийн арван газар ч байгаад багадах биз. Өнөөгийн алба хааж байгаа хүмүүс бүгд бичиг, соёлын талаар хуучирч бичиг үсэгт дахин тайлагдах жишээтэй.

Албан газрууд хаягаа, тамга тэмдгээ шинэчлэх болж таарна. Энэ бүхэнд гарах зардлыг тооцвол их тоо хэлэх болно. За яахав. Энэ бүхнийг давах мөнгө хөрөнгө бий гэх биз. Харин Монгол Улсын гэх нэр хүндэд, нийтийн бичиг, соёлд будилаан тарьсан алдааг хэчнээн зуун тэрбумаар нөхөмгүй. Доктор Ц.Өнөрбаян “Энэ өөрчлөлтийг хийхэд олон түмний саналыг авах шаардлагагүй” гэжээ. Тэгвэл монгол түмнийг нэгтгэдэг монголоороо байхад тусалдаг хүчтэй зэвсэг монгол бичиг, хэл яриаг эзэмшсэн хоёр сая гаруй бичигтэн болон монголчуудад бүгдэд хамаатай биш үү.

Бас нэгийг хэлбэл их зохиолч Д.Нацагдоржийн зохиолыг Монгол хэлний төгс төгөлдөр жишээ гэдэг “Миний нутаг” шүлгийг “Шувуун саарал” өгүүллэгийг нь “Учиртай гурван толгой” дуурийг нь шинэчилсэн дүрмээр бичээд үзвэл ямар дүр зураг харагдах бол. Монгол хэлбичгийн автор Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан бас Я.Цэвэл нарын гар бичмэлүүд болон үгсийн санг үзэж дуулаагүй өнөөгийнхөн юу мэдэхэв.

Боловсролын системийн сүүлийн жилүүдийн гажуудлаас болж тэд монгол хэлний хичээл заалгаагүй юм чинь хони, мори гээд бичээд эхэлнэ. Хуудам Монголоо ч гадарлахгүй болохоор огт шинэ гэж бодно. Харин дунд, ахмад үеийнхэн дахиад нэгдүгээр ангид суухаас өөрцгүй хэрэг мандана. Эцэст нь хэлэхэд алив үндэстнийг үгүй хийх, сөнөөх оролдлого эх хэл бичиг, соёлыг устгахаас эхэлдэг гэдэгсэн. Тэгвэл хэдэн эрдэмтний бүтэл муутай оролдлого сүүл сүүлдээ Монголоо баллах аянд нэмэр өгөхөд хүрч магадгүй биш үү.

Саармаг шинэчлэлийн садааг зах зухаас нь хэлэхэд ийм байна.