
Б.СОЛОНГО
Яг одоо бол Айраг сумын чулууны ченжүүд бүгд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандалын боомт руу явцгаасан байгаа. Учир нь Ханги-Мандалын боомт нь улиралд нэг удаа 15 хоногийн турш ажилладаг. Энэ үеэр хятадууд чулуугаа урагш нь гаргадаг гэсэн мэдээлэл аймгийн хууль, хяналтынханд иржээ. Ханги-Мандалын боомт нь намрын улиралд арваннэгдүгээр сарын 16-30-ны хооронд онгойж байгаа. Өдийд хилийн боомтын ойролцоо чулууны наймаа ид оволзож байгаа гэнэ. Энд тэндээс очсон наймаачдын чулууг хятадууд голж шилэн, үнэ хаялцаж хэрэгтэй, хэрэггүйгээр нь ялгах ажиллагаа хилийн боомтын ойролцоо болдог ажээ.
Хамгийн гол нь Монголын чулуу нутгийнхаа хил, гаалиар хэрхэн хэл чимээгүй давсаар байгаа нь гайхшрал төрүүлж байна. Гаалийн ерөнхий газраас авсан мэдээллээр өнгөт чулуу нь улсын хилээр хязгаарлалттай гаргах бараанд тооцогддог юм байна. Өөрөөр хэлбэл, эрдэс баялаг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын газрын тусгай зөвшөөрөлтэйгээр хилээр гаргадаг ажээ. Гэтэл өнгөт чулуунд зориулсан хууль, эрхзүйн зохицуулалт байхгүй өнөөгийн нөхцөлд түүж байгаа нь ч тэр, зөөж байгаа нь ч тэр ямар ч зөвшөөрөлгүй нь тун ойлгомжтой хэрэг юм. Монголын хил дотор орж ирчихээд нутгийн минь чулууг худалдаж авчихаад хэнэг ч үгүй буцаад явчихаж байгаа харийнхны үйлдлийг хэн өөгшүүлээд байна вэ. Үүнд чулууны ченжүүдтэй холбоо сүлбээ тогтоож, сүлжээний нэгээхэн хэсэг болчихсон гаалийнхныг хардахгүй байх арга алга. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр чулууны наймаачид хил давуулахдаа тун олон аргыг хэрэглэдэг гэнэ. Өмнөговь аймгийн цагаан шүр хэмээх чулууг мөн л наймаачид түүсээр дуусгаж байгаа мэдээлэл бий. Тэд Гашуунсухайтын боомтоор чулуугаа гаргахдаа том машинд овоолсон нүүрсний дор хийж гаргаж байсан гэнэ. Энэ мэтчилэн янз бүрийн аргаар нутгийнхаа чулууг урд хөрш рүү нүүлгээд дуусч байгаа нь даанч харамсалтай. Хятадууд эндээс авсан чулуугаараа төрөл бүрийн гоёл чимэглэлийн зүйл хийж олон улсын зах зээлд гаргадаг байна. Монголоос авсан чулуунууд гоёмсог хээтэй, өнгө хэлбэртэй, хамгийн гол нь жинхэнэ байгалиараа байдаг нь тэдэнд асар их ашиг авчирдаг гэнэ. Түүнчлэн түүсэн жижиг чулуунуудыг тээрэмдэж гурил болгоод буцаагаад гоёмсог чулуу болгодог байна. Эндээс маш хямдхан авсан чулуу харьд очоод ямар их үнэ хүрдгийг манайхан төсөөлөхгүй биз. Өнгөрсөн жил “Өнөөдөр” сонины нэгэн дугаарт Дорноговь аймгийн Айраг сумаас олдсон нэг метр гаруй урттай чүнчигноров Хонгконгийн чулууны биржид нэг сая ам.доллар хүрсэн тухай мэдээлэл гарчээ. Харин манай чулууныхан иймэрхүү хэмжээтэй чүнчигноровыг тухайн үедээ 200 мянган төгрөгөөр борлуулсандаа олзуурхаж суусан гэх. Хятадад байгалийн чулуугаа ашиглахыг хориглочихсон байдаг юм гэнэ лээ. Тэд өөрсдийн нутгийн чулууг хайрлаж, хүний нутгийн чулууг зөөж байна. Үүнд чулуугаа харамлах сэтгэлгүй бид л буруутай. Нутгаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог гэсэн өвгөдийн үг байдаг. Аялал зугаалгаар явахдаа газраас битгий чулуу аваарай гэж аав, ээж минь захиж өсгөсөн. Гэвч энэ бүгд улиран одож, говь нутагт талаар нэг гялалзан байдаг эрдэнийн чулуу зөвхөн зурганд л түүх болон үлджээ. Дорноговь аймгийн Айраг, Их хэт, Даланжаргалан сум, Дундговь аймгийн зарим сум, Өмнөговь аймгийн зарим сумдад чулууны бизнес хэрээс хэтэрснийг нутгийнхан бидэнд мэдээлсээр байна.
НУТАГ ХЭССЭН ЧУЛУУНЫ НАЙМААЧИД
Өнгөт чулуугаар мөнгө олж гаршчихаад нутаг хэсэн доншуучилж явдаг бүлэг хүмүүс бий болсон талаар Дорноговь аймгийн байгаль орчны байцаагчид хэллээ. Байгалийн чулууг түүж хятадуудад наймаалж байгаа хүмүүсийн багахан хувийг л нутгийн ажилгүй, амжиргааны доод төвшний иргэд эзэлж байна гэнэ. Харин үлдсэн хувийг энд тэндээс ирсэн, чулуугаар дагнасан наймаачид эзэлдэг байна. Айраг суманд л гэхэд Өмнөговь, Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Чойр гээд олон аймгаас ирсэн хүмүүс чулуу түүдэг аж. Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уулын баяжуулах үйлдвэр хаагдсанаас болж тэнд ажиллаж байсан 200-300 хүн шууд л чулуу түүгсдийн эгнээнд шилжжээ. Дорноговь аймгийн Их хэт суманд энэ хүмүүс байнгын хөдөлгөөнд байж чулуу түүж амьдарч байна. Нутгийн байгаль орчны байцаагчид тэдэнтэй яг л муур, хулгана мэт хөөцөлддөг тухайгаа учирласан юм. Чулуу түүж байгаа хүмүүсийг зохицуул гээд гаргаад өгчих шатахуун байхгүй, барьж авлаа гэхэд арга хэмжээ авах эрхзүйн актгүй ч гэсэн байгаль орчны байцаагчид, цагдаагийнхантай нийлэн байнгын хяналт, шалгалтыг хийдэг гэлээ. Байгаль орчны тухай хууль, хөрсний тухай хууль гэх мэт бусад хуулинд заасан журмын дагуу торгууль ногдуулж, чулууг нь хураадаг ч цөөхөн байцаагчид бүгдийг нь хянаж дийлэхгүй байгаа нь бодит үнэн юм. Их хэт сумын байгаль орчны байцаагч М.Ганбат ингэж ярилаа. “Манай сумын хувьд өнгөт чулуу ихтэй. Ерөнхийдөө таван жилийн өмнөөс чулуу түүж эхэлсэн байдаг. Өнгөрсөн жилээс Бор-Өндөрийн фабрик зогссоноос болж улам ихэссэн. Хамгийн хэцүү нь тэд байгаль орчинд маш их хор хөнөөл учруулж байна. Энд тэндгүй салаа зам гаргаж байна. Бэлчээр талхалж, малчдын худаг, ус, нуур, булаг, шандыг бохирдуулдаг. Санаатайгаар түймэр гаргах тохиолдол ч гарсан. Бид хяналт, шалгалтыг байнга л хийж байна. Барьж аваад хөрс бохирдуулсан, хог хаясан гэх мэт бусад хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нугалж торгууль ногдуулдаг. Чулуу түүгсдийн портерууд дандаа дугааргүй байдаг. Хүмүүс нь бичиг баримтгүй. Суманд байгаа дугааргүй машинуудыг журамлаад үзвэл бас багасах болов уу гэсэн гарц харагдаж байгаа. Малчид чулуу түүж байгаа хүмүүст дургүй. Бид хэдий хөөцөлдөөд байгаа боловч энэ өргөн уудам нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт нь хүрч чадахгүй шүү дээ” гэж ярив. “Чулуу түүж байгаа хүмүүс дунд яг манай орон нутгийнхан тэр бүр байхгүй. Энд тэндээс ирсэн, чулуугаараа дагначихсан ченжүүд л хэргийн эзэн. Яахав орлогогүй, ядуу орон нутгийнхан цөөн тоогоор байгааг үгүйсгэхгүй. Тиймээс түүж байгаатай нь биш, авч байгаатай нь тэмцэх хэрэгтэй гэж бид боддог. Хятадаас хүмүүс ирж авч байна. Айраг сумын төвд бидний хараанд орчихсон 4-5 хүн байна. Тэр хүмүүстэй хайр найргүй тэмцэж байгаа. Манай сумаас хойшоо 80 км зайд байх Өндөр шил гэдэг газрын Өнгөт бараат чулуун дээр гэхэд Говьсүмбэрээс, Чойроос, Дундговиос, Өмнөговиос ирчихсэн ченжүүд олноороо байна. Хил, гаалийнхантай сүлжээтэй болчихсон. Тэд хүний нутгийг хайрлахгүй байгаа байхгүй юу” гэж Айраг сумын байгаль орчны байцаагч Т.Бямбацогт хэлсэн юм.
СУМЫН ЗАСАГ ДАРГА ХОРИГЛОСОН ЗАХИРАМЖ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ЮУ?
Нутгийн иргэд энэ асуултыг орон нутгийнхаа удирдлагуудаас их асуудаг гэнэ. Айраг сумын нутаг дэвсгэрээс өнгөт чулуу түүх, олборлохыг хориглоно гэсэн захирамж гаргаад түүнийгээ бариад хянаж, шалгавал илүү бодитой биш үү гэж асуудаг байна. Байгаль орчин, цөлжилт яриад явахаас ийм захирамж бариад очвол арай өөр байх гэж иргэд нь ярьж байна. Энэ талаар Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын орлогч Ж.Мөнхсэргэлэн тайлбар өгсөн юм.
Үргэлжлэл бий.