Ц.БАЯР

УИХ, ЗГ-ын шийдвэрийн дагуу 2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж тариаланчдад 2 жилийн хугацаатай, 12.5 хувийн хүүтэй зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкнаас гаргалаа. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.

-25 тэрбум төгрөгийн зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-100 тэрбум төгрөгний зээлээс Хөгжлийн банк эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдсэн. Энэ зээл хоёр жилийн хугацаатай  жилийн 12.5 хувийн хүүтэй. ХХБ, Голомт, Хаан гэсэн гурван банкаар дамжиж олгоно. Хөгжлийн банк сонгогдсон гурван банктай бодлогийн гэрээ байгуулна. ХХААЯ-аас нийт хамрагдах  аж ахуйн нэгжийн мэдээллийг банкуудад өгсөн байгаа. Аж ахуйн нэгжүүд дээрх банкуудад зээлээ судлуулах нөхцөл нь ирэх долоо хоногоос / 04.05 -аас / бүрдэж байгаа болохоор зээлийг мөн олгож эхэлнэ.

- Дутагдалтай байгаа улаан буудайн хэдэн хувийг импортоор авч байна вэ?

5689195d6afabfccoriginal-Манай улсад жилд 320 мянган тонн улаан буудай буюу 240 мянган тонн гурлын хэрэгцээ бий. Үүнээс энэ жилийн тухайд 180 мянган тонн улаан буудай дутагдалтай байгаа. Сүүлийн таван жилийн дунджаар дутагдалтай байгаа улаан буудайг  гурил хэлбэрээр 30-40 мянган тонныг импортолж байсан туршлагатай юм билээ. Энэ тоон үзүүлэлтийг үндэслэж 125 мянган тонн улаан буудай, гурил дутагдана гэж Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж баталуулсан. Зөвшөөрлийн дагуу 125 мянган тонн буудайны  квотыг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Одоогоор улаан буудайн 60 гаруй хувийг нь  аж ахуйн нэгж импортлож байна. 2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6.4 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдүүлсэн бөгөөд үрийн буудайн дутагдалтай байдлыг харгалзан 4 аж ахуйн нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан нэмж 8.0 мянган тонн үрийн буудайг импортоор авч 10-30 хувийн урьдчилгаатайгаар олгох ажлыг зохион байгуулж байна.

-Квотыг ямар аж ахуйн нэгжүүдэд олгож байна. Хэдхэн тооны компаниудад өгч байна гэсэн шүүмжлэл байдаг?

-Квотыг хуулийн дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын сонин  болон веб сайтуудаар нээлттэй зарлаж байна. Энэхүү зарлалын дагуу аж ахуйн нэгжүүд оролцож байна.

-Үрийн буудайг хэдхэн аж ахуйн нэгжид өгсөн бусдад нь өгөхгүй байна. Хаврын тариалалт оройтсон.  Жагсаал цуглаан хийнэ гэж мэдэгдээд байна?

- Үрийн буудайг авч эхлээгүй байна. Аж ахуйн нэгжүүд авах эрх нь нээлттэй. Тариалан эрхлэлтийг дэмжих санд өнгөрсөн жилийн дотоодын ургацаас авсан 6500 орчим тонн үрийн улаан буудай бий. Тариалан эрхлэлтийг дэмжих санд ОХУ-аас 8000 тонн үрийн буудай дамжуулан зээлдүүлэх гэрээгээр нийлүүлэхээр болсон. Аж ахуйн нэгжүүд ачаад эхэлсэн. Улсын онцгой нөөцөд 5000 орчим буудай байна. Тариаланчдад тодорхой хэмжээний нөөц байгаа учраас хүрэлцээтэй гэж үзэж байна. Өнгөрсөн жилийн ургацаас томоохон аж ахуйн нэгжүүд үрийн буудай мөн нөөцөлсөн. Хэрэв зээлийн асуудал шийдэгдэхгүй бол хоорондоо борлуулах төлөвлөгөөтэй байсан.

- Дэмжлэгийн үр дүнд ирэх жилд гурлын үнэ нэмэгдэх үү, хэвийн байх уу гэдэг шалтгаална энэ тухайд?

-Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлдэг уламжлалт дэмжлэгүүдийг өнгөрсөн оныхоос бууруулахгүйгээр олгохоор төлөвлөж байна. 2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд нийтдээ 5.5 мянган тонн шатахууныг 50 хувийн, 7.9 мянган тонн, нийлмэл бордоог 1 тонныг нь 400.0 мянган төгрөгөөр тооцож 75 хувийн, 447 тонн ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгоно. Нийлбэр дүнгээрээ 2016 оны тариалалтад импортын 8 мянган тонн үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцлөөр олгохоор шийдвэрлээд байна. Мөн 2015 оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд 4 дүгээр сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшууллыг олгоно. Тариаланчдад төрөөс үзүүлж буй хуучин дэмжлэгүүдийг энэ жил ийнхүү  үзүүлж байна. Ямар нэгэн байдлаар юмны үнэ өсөөгүй. Тиймээс гурлын үнэ өснө гэж хэлэхгүй.

-  Үр тариа эрхлэгчидийн холбооноос хоёр жилийн хэрэгцээний улаан  буудайг импортолж нөөцлөх квот олгосон гээд байна?

 -Тус холбооноос өнгөрсөн жил ургацынхаа 80 хувийг алдсан. Нөгөө талаар 600 мянган тонн улаан буудайн нөөцлөх квот олгосон гэж яриад байна. Энэ хоёр тоон мэдээлэл нь хоорондоо авцалдахгүй байгаа юм. Аливаа хэлж байгаа тоонууд дээрээ анхааралтай, хариуцлагатай  хандах хэрэгтэй. Ямар нэг квот олгоогүй. Энэ дашрамд хэлэхэд  энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар төлөвлөж, хаврын тариалалтын бэлтгэлийг хангаж байна.

Эх сурвалж:www.zms.mn