-Ж.Бямбадорж: Сэтгэцийн өвчтэй иргэдийг анхаарах цаг болжээ-
Б.ЗАЯА
Хүний эрхийн үндэсний комисс 2015 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөө хэрхэн хангагдсан, ямарасуудал тулгамдаж байгааг тусгасан 15 дугаар илтгэлээ УИХ-д өргөн барилаа. Тус газраас илтгэлдорсон онцлох асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ 1000 ОРЧИМ ХҮНИЙГ ХАРЖ ХАНДАХ БАЙГУУЛЛАГА АЛГА
Энэ удаагийн илтгэлд эрүүдэн шүүлтийн асуудал дахин тусгагджээ. 2008 оноос хойш ХЭҮК энэ асуудлыг онцолж, Монгол Улсад эрүүдэн шүүлт байсаар байгааг баримт судалгаагаар гаргаж ирсэн билээ. Гэвч хүчний байгууллагуудад тэр дундаа цагдан хоригдож байгаа хүмүүсийн хувьд сэтгэл санааны болон бие махбодийн эрүүдэн шүүлт байгаа гэж үзжээ.
Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асуудлыг 15 дугаар илтгэлд шинээр оруулж иржээ. Энэ төрлийн өвчтэй хүмүүс манай улсад 1000 орчим байгаа бөгөөд тэднийг асрах, сувилах байгууллагыг татан буулгаснаас анхаарлын гадна үлдэх болжээ. Одоогоор тэднийг СЭМҮТ-өөс өөр харж, хандах газаргүй болсон нь эрсдэл дагуулж байгааг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ярилаа. Тэнд хараа хяналт, хамгаалалтгүй амьдарч байгаа нь гэмт хэрэг үйлдэх, бусдыг хохироож болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Энэ асуудлыг УИХ-д тавьж Байнгын хорооноос шийдвэр гарсан нь одоо хүртэл ажил хэрэг болоогүй байна. Энэ асуудлын дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд, тэднийг хамгаалж байгаа төрийн байгууллагын ажилтны ажиллах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгааг илтгэлээс онцоллоо.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын харъяа Түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хүлээн авдаг болсон. Тус төвд өмнө нь хараа хяналтгүй хүүхдүүдийг хүлээж авдаг байсан ч тэдгээр хүүхдийн асуудлыг ХАХНХЯ, түүний харьяа хэлтсүүд хариуцахаар болсон. Гэвч энэ ажиллагаа бүрэн дүүрэн хэрэгжихгүй, хараа хяналтгүй хүүхдүүд Түр хамгаалах байранд ирсээр байгаа ажээ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалахаас гадна тэдгээр хүүхдэд анхаарал тавих ажил давхар гарснаар цагдаагийн ажилтнуудад хүндрэлтэй байгаа гэнэ. Түр хамгаалах байрны асуудал үүгээр зогсохгүй барилгын чанар алдагдсан нь хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болжээ. Дондогдулам хатны цайны өрөө байсан 100 гаруй жилийн насжилттай байранд амьдарч, ажиллаж байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байгааг УИХ анхааралдаа авах цаг болжээ.
П.Оюунчимэг: ХӨХҮҮЛ ЭМЭГТЭЙГ ХОРЬЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛЬ БАЙХГҮЙ
Комиссын энэ удаагийн илтгэлд эрүүдэн шүүлтээс гадна цагдан хоригдож байгаа иргэдийн эрхийн асуудал дахин хөндөгджээ. Ялангуяа, сэжигтэн яллагдагчдын өмгөөлүүлэх, хууль ёсны эрхүүдийг мөрдөн байцаах, прокурор, шүүхийн шатанд зөрчсөөр байгааг Комиссын гишүүд шүүмжлэв. Тэр дундаа сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор барих төслөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдсан УИХ-ын гишүүн Х.Баттулгын зөвлөх Г.Түвшинжаргалын тухайд Комиссын гишүүн П.Оюунчимэг “Эрүүгийн байцаан шийтгэх хууль, олон улсын конвенцид хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг хорьж болохгүй гэсэн заалт байхгүй. Ялангуяа хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжигтэн оргон зугтахыг завдсан, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд хорих заалт нээлттэй. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэгт дээрх шалтгаанууд байхгүй бол хорихгүй байж болно гэсэн заалт л байгаа. Манай улсын нэгдэж орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенци хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаална гэсэн заалттай. Гэхдээ шүүхийн болон эрх бүхий байгууллагуудын хүчин төгөлдөр шийдвэрээс бусад тохиолдолд эцэг, эх, хүүхдийг салгахыг хориглох заалттай. Бид процессын хуулиа дагах ёстой” гэлээ. Гэхдээ 1990 оноос өмнө хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг онцлон анхаардаг хууль тогтоомж байсан ч үгүй болжээ. Тиймээс энэ асуудлыг дахин оруулж ирэх шаардлагатай гэж тэд үзэж байв.
Эдгээр асуудлаас гадна хүчний байгууллага, тэр дундаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхэд хийсэн хяналт шалгалт, судалгаанаас үндэслэн зайлшгүй шийдэх ёстой асуудлууд байгааг хурал зохион байгуулагчид ярилаа. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тушаалаар сэлгэн ажиллуулдаг. Улаанбаатарт ажиллаж байсан хүнийг Ховд руу шилжүүлэх жишээтэй. Өнөөдрийн мөрдөж байгаа журмаар хэрэв тэд эсэргүүцвэл сахилгын арга хэмжээ авах шийтгэлтэй. Энэ бол хүний эрхийн том зөрчил. Онцгой нөхцөлд албан хаагчийн саналыг авахгүйгээр шилжүүлж болно. Үүнээс бусад тохиолдолд хориглох ёстой. Тэр хүний цаана амьдрал, гэр бүл, хүүхэд бий. Энэ асуудалд УИХ шийдвэр гаргаж өгөх ёстой” гэж Комиссын дарга Ж.Бямбадорж ярилаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин