
Э.ОРХОН
Манай улсын эрдмийн ууган уурхай бол яах аргагүй Монгол Улсын их сургууль. Өнгөрсөн долоо хоногт тус сургуулийн удирдах зөвлөл бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаа талаар нийтэд зарласан нь эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
ОДООГИЙН МУИС ЯМАР ВЭ?
МУИС нь өнөөдрийн байдлаар 15 салбар сургуультай, тус бүр нь захирал, хоёр дэд захиралтай данс тооцоотой. 86 тэнхим, 160 хөтөлбөр, 135 дарга, зархиргааны 180 гаруй ажилтантай данхар бүтэцтэй. Их сургуулийн 135 дархтаны 19 нь захирал, 29 нь дарга, 85 нь эрхлэгч. Өөрөөр хэлбэл, дөрвөн багш тутамд нэг дарга ноогддог аж. Мөн хоёр доктор тутмын нэг нь дарга учраас хичээлээс чөлөөлөгдөх хөнгөлөлт эдэлнэ. Үүнээс гадна үйлчилгээний 600 гаруй ажилтан, 630 орчим багштай. Үүн дээр дарга, захирал, эрхлэгч нарыг нэмбэл оюутанд хичээл заах багш нар МУИС-даа цөөнх нь. Мөн дарга, захирлуудынх цалин хөлс 700 сая төгрөг болдог нь 500 орчим оюутны сургалтын төлбөртэй тэнцэх мөнгөн дүн юм.
ТЭГВЭЛ ЯМАР БОЛОХ ВЭ?
Данхар бүтэцтэй болсон тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийснээр Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны, Хуулийн, Хэрэглээний шинжлэх ухааны, Бизнесийн гэсэн дөрвөн сургуультай болох юм. МУИС-д өрнөх чанарын шинэчлэл нь үндсэн гурван тулгууртай бөгөөд нэгдүгээрт, сургууль, тэнхим, хөтөлбөр, хичээлийн бүтцэд өөрчлөлт хийж, давхардлыг нь арилгах аж. 86 тэнхимд дунджаар долоон багш ноогддог. Дөрвөн багштай тэнхим ч байдаг гэнэ. Тэнхим тус бүр салж бутарснаар оюутан хохирдог. Оюутнууд МУИС гэдэг том нэр хүндэд итгэж ордог боловч дөрвөн жил сурахдаа зөвхөн өөрийн тэнхимдээ 60 хувийг нь өнгөрөөдөг. Өөрөөр хэлбэл дөрвөн багшаа сонссоор дээд боловсролтон болж төгсдөг гэсэн үг. Нэгэнт тэнхимийнхээ хараат болсон оюутан багшаа, хөтөлбөрөө сонгох, шүүмжлэх эрхгүй. Хангалттай оюутантай учир чөлөөт сонголт, хяналт, заах хичээл багшаа сайжруулах сонирхол байдагүй. Мэргэжлээ буруу сонгосон бол түүнийгээ өөрчлөх, өөрийгээ нээх боломж оюутанд хомс. Хөтөлбөрт нь салхи орсон эсэх, сүүлийн үеийн мэдээ, баримт, нээлтээр баяжиж байна уу гэдэг асуултыг МУИС-д тавьдаггүй байсаар өдий хүрчээ. Тиймээс оюутан нь хөгжихгүй, нийгэмшихгүй, хязгаарлагдмал хүрээнд дөрвөн жилийг өнгөрөөдөг асуудлыг үндсээр нь өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, оюутан эхний хоёр жил ямар нэг ангид хувиарлагдахгүй өргөн хүрээтэй боловсрол олж авдаг болох юм. Жишээ нь зөв бичдэг, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, илтгэх чадвартай болгох гэнэ. Харин гурав дугаар дамжаанаасаа эхлэн мэргэжлээ сонгодог тогтолцоонд шилжих аж. Хоёрдугаар шинэчлэл нь албан тушаалтан, нэгжийн өөрчлөлт юм байна. Давхардсан сургууль, тэнхим татан буугдаж багш нар заадаг хичээл, мэргэжлээрээ нэгдэх гэнэ. Гуравдугаарт, Санхүү, барилга байгууламжид шинэчлэл хийх юм байна. Дарга, захирал, эрхлэгч нарын тусгайлан суудаг 1400 метр квадрат 36 өрөөг суллаж сургалтын танхим, судалгаа хийх талбар болгох ажээ. Ингэснээр даргын суудаг өрөө багш, оюутандаа зориулагдах юм. Мөн техник, хэрэгсэл, багаж төхөөрөмж, сургалт, судалгааны хязгаарлагдмал орчин тэлэх гэнэ. Нэгдсэн удирдлага, хяналт, судалгаатай, онлайн автоматжуулсан кредит системтэй, цахим номын сан, кампус мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болсноор бүх зүйл амар бөгөөд ойлгомжтой, далд нь ил болох бодлого юм гэдгийг тус сургуулийн Удирдах зөвлөлийнхөн онцолж байсан юм. Хэрэв уг шинэчлэл МУИС-д амжилттай хэрэгжвэл бусад сургуульд гэрэл гэгээ нь түгэх загвар болж болох гэнэ.