Б.ЭНХ
Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар саяхан малчдад туслах “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж, тоглолтынхоо орлогыг өвс, тэжээл болгон орон нутгууд руу илгээсэн билээ. Увс аймгийн хувьд энэ жил өвөлжилт хүндэрч, хамгийн олон мал хорогдсон юм. Одоо ч тус нутагт хаваржилт хүндрэлтэй байгаа. Тэгвэл дуучин С.Жавхлангийн өлгий нутаг Увс аймгийнхан тусламжийн өвс, тэжээлийг малчдадаа худалдаж байгаа мэдээлэл цахим орчинд түглээ.
Энэ талаар Увс аймгийн Улаангом сумын орлогч дарга Гомбосүрэнгээс тодруулахад “Улаанбаатараас ирэх өвс, тэжэээлийг онцгой байдлын газраас тухайн орон нутаг нь тээврийн зардлаа хариуцаад авч болно гэсэн. Манай аймгийн хувьд тээврийн зардал гаргах боломжгүй, төсөв хүрэлцэхгүй байгаа. Тиймээс хувь жолоочтой тохиролцон зээлээр авахуулсан. Энд ирсэн өвс, тэжээлийг иргэдэд тараахад бас зардал орох учраас жолоочийн тээврийн зардлыг нөхөх үүднээс орон нутгаас 50 хувь, малчид иргэдээс 50 хувь гаргуулахаар худалдаалж байна. Нэг шуудай тэжээл 6000, нэг боодол өвс 3000 төгрөгөөр худалдаалж байгаа. Зах зээлд бол энэ үнээс хоёр дахин үнэтэй байгаа. Тиймээс энэ бол ташаа мэдээлэл” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
