
Б.ЭНХЗАЯА
Үзэгч бүсгүй утсаар холбогдож “Та үнэхээр цоглог шүү” гэсэн үгийг сонсоод нүдэнд нь гал бадарч, хөмсгөө өргөн баясах төрх. Галтай, цогтой төрхөөрөө ард түмнээ баясгаж, эрэмгий хүлгийг магтан дуулдаг “Морины” гэгдэх Г.Батбаяр гуайтай телевизийн ярилцлагын үеэр үзэгчид холбогдон урмын үг хайрлаж буй нь энэ. Г.Батбаяр гавьяатын нэг өдрийн амьдрал ингэж эхэллээ. Түүнийг “барьж авахын” тулд телевизийн ярилцлагын үеэр очсон юм. “Амьдралын тойрог”-ийнхоо энэ удаагийн дугаарт Гэнэнгийн гэхээс илүү “Морины” хэмээн овоглогдсон Гавьяат жүжигчин, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Г.Батбаярыг урилаа.
Бид уран бүтээлийн тухай яриа өрнүүлсээр гэрийнх нь зүг хөдөлсөн. Энэ зун орон нутгаар тоглолт хийсэн, нийслэлийн үзэгч, сонсогчидтой зургаан сар орчим уулзаагүй тухай ярина. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон дуучин Л.Нарантуяагийн тоглолтод урилгаар дуулахад нь үзэгчид дөрөв дахиулсан гэнэ. Ийн ярих зуур бид гэрт нь оччихлоо. Тэднийх Үйлдвэр комбинат чиглэлд “Говь”-ийн баруунтаа хуучин 073 дугаар ангийн суурин дээрх орон сууцнуудын хажууд хаус маягийн хоёр давхар амины орон сууцанд амьдардаг юм байна. Нэг давхартаа студийн өрөө тохижуулж, морины холбогдолтой олон арван цуглуулга өржээ. Г.Батбаяр гуай гурван охинтой юм. Охид нь тусдаа гарч, ач зээ нараараа тойруулсан өнөр өтгөн айл болжээ. Энэ жил хоёр зээ хүүтэй болсноо билэгшээн хэллээ. Хүүхдүүдийнх нь ээж Архангай аймгийн багшийн сургуулийг дүүргэсэн багш мэргэжилтэй нэгэн аж. Гавьяатыг осолд орсноос хойш ажлаа орхин, асарч сувилдаг болжээ. Тэднийх гэр бүлээрээ Увс аймгаас гаралтай. Гэр бүлийн хүн нь Увс аймгийн Хяргас сумынх. Харин Г.Батбаяр гавьяатын аав Малчин сумаар, ээж нь Ховдын Цэцэг сумаар овогложээ. Тэрээр их нутгархаг юм. Энэ жил нутгийнхаа зүг хоёронтоо жолоо залжээ.
“БОРГИЛ ЦЭЭЛ ХООЛОЙ ЭЭЖЭЭС Ч, НУТГААС Ч ЭХТЭЙ”
Г.Батбаяр гавьяатыг нутгийнхан нь Баараа хэмээн авгайлдаг. Баараа багаасаа уралдаан, тэмцээнд оролцож, түрүү байр хүртэж явсан азтай, одтой хүү байж. Ямар ч уран бүтээлийг цээл хоолойгоороо амилуулах тэрээр “Ээжийн минь талаас өвлөгдөж ирсэн авьяас. Миний өвөө Ховд аймгийн уртын дууч Жанглай гэж хүн байсан” гэв. Зөвхөн ижийн талаас өвлөгдсөн биш, нутгийнх нь онцлог шинж авьяаслаг хоолойнд нөлөөлсөн хэмээн хуучлав. Түүний өсч төрсөн нутаг Увс, Хяргас нуурын дунд орших Малчин сум. Гол мөрний чийглэг уур амьсгал чадварлаг хоолойнд нь нөлөөлсөн хэмээн тайлбарлана. Хоолойгоо эвдэхгүйн тулд архи, тамхинаас татгалзаж иржээ. Тэрээр Баян-Өлгий аймагт цэргийн алба хааж байхдаа “Хязгаарын дуу бүжгийн чуулга”-ын 50 жилийн ойн концертод оролцоод дуучин болохоор шийджээ. Ингээд дуучны курсэд суралцан цэргийн ансамбелд дуулж эхэлсэн байна. Анхны уран бүтээл нь “Үүлэн цэнхэр хангай” гэнэ.
ӨВГӨН АДУУЧИН НОГТ БЭЛЭГЛЭЖЭЭ
“Г.Батбаяр хүүхэд шиг цайлган” гэж Гавьяат жүжигчин С.Батсүх нэгэнтээ онцолжээ. Түүний хэлсэнчлэн Баараа гуай яг л тийм ааш, араншинтай нэгэн аж. Энэ зангаа тэрээр “Би олон жил хийморлог амьтны тухай дуулсан болохоор хөнгөн, цоглог талдаа хүн. Тийм болохоор олон зүйл бодохгүйгээр аливаа юманд түргэн шийдвэр гаргадаг зантай. Хүмүүст юм санадаггүй. Түүнийхээ хүчээр ард түмнийхээ дунд өдий зэрэгтэй амьд явна” хэмээв. Уран бүтээл, тэр дундаа морины тухай ярихаараа хөмсгөө өргөж, нүдээ байн байн томсгон тогтож ядан сууна. Яг л тайзан дээр байгаа мэт. Түүний морины тухай уран бүтээл бүр моринд хайртай монголчуудын сэтгэлийн утсыг хөндөж чаддаг. Тиймдээ ч орон нутгийн тоглолтынх нь үеэр унаж явсан мориныхоо мөнгөн хазаарыг бэлэглэх, өөрийн гараар хийсэн ногтоо сэтгэлийн үгтэй дайх өвгөчүүл олон байж. Гавьяатын морины тухай анхны дуу нь “Гал шарын унага”. Энэ дууг амьдруулж чадсанаар морины тухай уран бүтээлд хорхойсч, дуугаа зориулах зохиолчид олон болжээ. Гавьяат жүжигчин Г.Батбаярын морины тухай дуу уран бүтээлийнх нь дийлэнх хувийг эзэлнэ. “Ээжээ зорьё”, “Түрүү магнай”, “Хар дэл бэйсийн унага”, “Адуучин миний жаргал” гэх зэргээр урт дараалал үргэлжилнэ. Тэрээр морь, эр хүн хоёр салшгүй холбоотой хэмээн СТА Б.Батболдтой хамтран уран бүтээлийн тоглолт хийх гэж буйгаа дуулгав. Ойрд тоглолтын ажил гээд завгүй байгаа гэнэ. Гавьяатын хамтын уран бүтээлд олон залуу дуучныг нэрлэж болно. Л.Банзрагч, Э.Төрмандах, Б.Энхмэнд нартай тоглолт хийж байсан нь түүний залуу үеийг дэмжих гэсэн зорилгынх нь илэрхийлэл аж. “Гавьяатууд залуу уран бүтээлчдэд голонгуй хандах тохиолдол бий. Гэвч надад бол эсрэгээрээ. Бид ч залуу байсан. Тэр үед алдар нэртэй хүмүүстэй хамтарч уран бүтээл хийнэ гэдэг бидний хувьд аз завшаан байлаа. Залуу үеэ дэмжвэл ард түмний дунд Г.Батбаярын нэр хүнд тэр хэмжээнд өснө” гэх үзлээр өөрийнхөө нэр хүндэд ихэд хянамгай хандах сэтгэл ажиглагдав.
ТАЙЗАН ДЭЭРХ ҮЙЛДЭЛ НЬ ҮЗЭГЧДЭЭ “БАРИХ” МЕНЕЖМЕНТ
“Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Батбаяр” хэмээн цоллоход гэгэлзсэн, сэмбэлзсэн төрхтэй тайзан дээр гарч ирэх тэр агшин хүн бүрийн нүдэнд тодрох биз. Түүний морио магтан дуулсан цээл хоолойноос гадна уран бүтээлээ амилуулсан үйл хөдлөл, хөдөлгөөн цаанаа л зөвхөн энэ хүнд зохих мэт. Тэр олон жил суга таягтай явсан болохоор тэрүүхэндээ л зогсож дуулдаг. Гэхдээ тэр тайзыг эзэгнэж чаддаг. Цог золбоотой харц, морьдын хөдөлгөөнийг илэрхийлэх, үзэгчдийг уухайлан түрэх хүртэл цөсийг нь хөөргөж чаддаг уран бүтээлч гэдэгтээ хэн бүхэн санал нийлэх биз. Баараа гуайн энэ сэтгэл хөдлөл уран бүтээлийнх нь салшгүй нэг хэсэг гэнэ.
-Таныг дуулах үед нүднээс тань гал бадрах мэт болдог. Дөрөв, тавхан минутын хугацаанд тийм сэтгэлийн хөдлөлтэй дуулахад их эрч хүч шаардана биз?
-Ард түмэн Г.Батбаяр гавьяат өнөөдөр ямар үйлдэл хийх бол, гараа хөдөлгөх болов уу, “чуу” гэх болов уу, малгайгаа хазгайлдах болов уу гэж хүлээдэг болчихож. Энэ бол ард түмний хүсэн хүлээлт учир дараагийн уран бүтээлдээ хэрхэн үйлдэл хийх талаар байнга боддог.
-Тэгвэл энэ таны уран бүтээлийн нэг менежмент байх нь ээ?
-Тийм. Хэрэв би эрүүл саруул байсан бол илүү ихийг хийх байсан. Харин одоо би муу хөлтэй. Таягтай хөл дээрээ хэрхэн түшиглэж дуугаа дуулж болох талаар байнга бодож сэтгэж явдаг. Муу хөл дээрээ урагшаа тэмүүлэх зэрэг хөдөлгөөн хийж давтдаг шүү /инээв/. Сагсуурч байгаа үйлдлээр маань ард түмэн хүлээж байдаг болсон. Үүнийг цааш хэрхэн үргэлжлүүлэх талаар ч бодож байна. Тайзан дээр гарах бүртээ өөр өөр үйлдэл хийж үзэгчдийг сэргээх ёстой” хэмээн хуучлав.
Монголчууд шандаст хүлгээ дээдлэн шүтэж биширч явах, сэтгэлд хөг нэмж хувь нэмэр оруулж яваа хүн бол Гавьяат жүжигчин Г.Батбаяр мөн. Түүний уран бүтээлийн зам 30 жилийн турш дардан байсангүй. 1996 онд энэ гэр бүлд том гамшиг тохиолдож, автомашины осолд орсон харамсалтай мэдээг олонд дуулгасан юм. Энэ үед Монголын ард түмэн түүнийг хурдан эдгэрэхийг залбирч, уран бүтээлээрээ эргэн золгох мөчийг хүлээж суусан нь гарцаагүй. Тиймдээ ч үзэгч, сонсогчдоо чилтэл хүлээлгэсэнгүй. Ард түмнийхээ сэтгэлийн дэмээр хөл дээрээ босч, суга таягтай тайзан дээр гарч ирсэн нулимстай, баяртай үеэ дурсахдаа нүдэнд нь нулимс цийлэгнэдэг юм. Харин жилийн өмнөөс суга таягаасаа салжээ.
УРАН БҮТЭЭЛИЙН 30 ЖИЛ ТҮҮНД ЗӨВХӨН ЭХЛЭЛ БАЙЖ
Урлагийн тогоонд 30 жилийн турш “амьд” уран бүтээл туурвиж яваа энэ хүмүүн гэр бүлдээ ч үнэтэй юм. Охид нь бүгд урлагтай холбогдож, том охин нь Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаачийн мэргэжлээр дүүргэжээ. Харин удаахь охин нь СУИС-ийн бүжиг дэглээчийн ангид суралцсан. Хүргэчүүд нь ч урлагтай холбогдсон учир өнгөрсөн жил гэр бүлээрээ тайлан тоглолт хийж байж. Тэрээр одоо зуугийн талыг насалчихаж. Уран бүтээлийн 30 жил түүнд зөвхөн эхлэл байж. Цаашид морио магтан дуулсаар л байх уу гэсэн асуултад минь “Гадаадын том уран бүтээлчээс “Та 50 гарчихлаа. Цаашид юу хийх вэ? гэхэд нь Би жинхэнэ дуулдаг уран бүтээлээ эхэлж байна” гэж хэлж байсныг санаж байна. Надад ч адил юм. Миний уран бүтээл одоо л эхэлж, хоолойны өнгө жигдэрч байна. Амьдрал уран бүтээл минь тэг дундаа өрнөж байна” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Тэрээр оройн тоглолтдоо бэлдсээр хоцров. Уран бүтээлч хүний амьдралын тойрог ийм л байдаг биз.