С.УЯНГА

Нисэхийн товчоо, Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн шинээр барьсан авто замын явцтай танилцахаар Нийслэлийн Засаг дарга сэтгүүлчидтэй очсон  нь саяхан. Гэтэл нээлтээ хийгээд 14  хонож байгаа шинэ зам эвдэрч эхэлжээ. Бид иргэдийн гомдлын дагуу Шувуун фабрикыг зорилоо. Ажлын өдрүүдэд гурван автобус үйлчилдэг ч амралтын өдрүүдэд ганцхан автобус иргэдийг тээвэрлэдэг. Цаг гаруй автобус хүлээсний эцэст 1500 төгрөгийн хөлстэй  жижиг машинд суулаа. Богино эргэлтээр явдаг болсноос хойш “Эрдэм транс” компани алдагдалтай ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь тоос шороон дунд 2-3 цаг явж хот ордог байсан тосгоны иргэд шинэ замын нээлтийн үеэр сүү өргөн баярлаж байсан. Энэ үеэр хотын удирдлагууд “Хүнд даацын авто машиныг тусгай замаар явуулна.

Өлзийт хорооллын арын толгодын сайжруулсан зам, мөн Эмээлтийн урд талын замаар явуулахаар болсон. Суурьшлын замаар карьерын ганц ширхэг ч машин явуулахгүй” гэж  хэлсэн юм. “Тотал инж” компанийн  гүйцэтгэсэн 22.5 км авто замын суурь хучилтын ажил дуусч хүлээлгэн өгсөн ч  наадмын өмнө өнгөлгөө, гэрэл чимэглэл, бэхэлгээ засварыг хийх  гэрээтэй юм байна. Гэтэл саяхан эзэддээ очсон  зам нөхөөс тавиулж , цөмөрч, хүнд даацын авто машин өдөр шөнөгүй холхиж  байна. Нисэхээс, Био комбинат хүрэх замд хэд хэдэн газар нөхөөстэй, хагарсан бас цөмөрсөн байв. Мөн нэлээд хэдэн газар суурь хучилт хийлгүй шороогоор нь орхижээ. Нисэхээс Шувуун фабрикын эцэс хүртэл  40 минутын хугацаанд 7-8 хүнд даацын машин  зөрлөө. Буцаж явахад мөн л зөрсөөр байх юм. Замын хучилт хийгдээгүй газар өмнөх зам харагдахгүй болтол тоос бужигнуулан хуучин янзаараа.Замын хажуугийн газрыг ухаж элсийг нь барилгын компаниуд зөөдөг аж. Шувуун фабрикын замыг эвдэж сүйтгэдэг ганц зүйл нь карьерын тэрэгнүүд гэдгийг албаныхан, тосгоны иргэд ч хэлж байна. Харин тэднийг хэрхэн хянаж суурьшлын замаар явуулахгүй байх тухай нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Уг нь Нисэхийн товчоон дээр замын пост байсныг зам засварлах үеэр буулгасан аж. Зам дээр зогсч хүнд даацын тэрэгнүүдийг зохицуулах замын цагдаа харагдсангүй. Угаасаа байдаггүй гэнэ.  Шинэ замтай боллоо хэмээн баярласан  Туул тосгоны иргэд хүнд даацын машиныг энэ замаар явуулахгүй бол удахгүй хөгжил ирж нийслэлийн дагуул хот болно хэмээн ярилцаж  байлаа. Хавар болоход энэ зам ямар болохыг хэн ч мэдэхгүй. Тэр тусмаа албаныхан энэ замаар карьерын том тэрэгнүүд тоос татуулан давхих юм бол хэзээ мөдгүй эвдэрч цуурахыг мартсан бололтой.

Энэхүү нөхцөл байдлын талаар нийслэлийн Авто замын газрын орлогч дарга Д.Баясгалангаас тодруулахад “Нисэхээс Шувуун фабрик хүрэх засмалын зарим газар  хучилт хийж амжаагүй. Төлөвлөгөөний дагуу дараа жилийн наймдугаар сард ашиглалтад оруулах ёстой. 22.5 км замыг засварлахад  2-3 жил зарцуулагддаг. Бид шаргуу ажилласны дүнд хурдан хугацаанд суурь хучилтыг дуусгалаа. Технологийн горим зөрчигдсөнөөс зам дээр эвдрэл, гэмтэл гарч магадгүй. Тийм бол хавар дахиад шинэчилнэ. Бид тосгоны иргэдийг тухтай байлгахын тулд замыг өвөл болохоос өмнө ашиглалтад оруулсан. Хүнд даацын машиныг сайжруулсан замаар явах ёстой ч жолоочийн ухамсар тааруу байна. Суурьшлын замаар стандартад нийцсэн хүнд даацын машин явж болно. Мөн одоо хайрга тээвэрлэлтийн үе дуусч байна. Бид хайрга үйлдвэрлэгчидтэй уулзаж карьерын машинаа технологийн замаар явуулах. Мөн хот руу даац багатай машинаар хайрга тээвэрлэхийг санал болгосон. Бүтээн байгуулалтад хайрга чулуу  зайлшгүй хэрэгтэй  байгаа. Карьеруудын эрх зүйн асуудал хүндрэлтэй байна. Одоогоор шийдэгдсэн зүйлгүй. Холбогдох газрууд асуудлыг шийдэх ёстой” гэсэн хариултыг өглөө.