
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Монголын уламжлалт анагаах ухааны салбарын “Нэвтэрхий толь” гэгддэг академич Ш. Болдыг эрүүл мэндийн салбарынхан төдийгүй энэ хүний эрдэм мэдлэгийн ачаар эдгэж, илааршсан олон хүн андахгүй сайн танина. Өдгөө хамтарсан болон бие даасан 400 орчим бүтээл туурвисан гэх энэ эрхэм уншигч танаа бас нэгэн бүтээлээр бэлэг бариад байна. Тэрээр “Монголын анагаах ухааны түүх”-ийн дөрвөн боть номыг эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүд болон эрхэм уншигч таны гарт хүргэхэд бэлэн болжээ.
“History and Development of Traditional Mongolian Medicine “ ном анагаах ухааныг, эрүүл мэндийн салбарын түүхт он жилүүдтэй холбосон энэхүү номын зөвлөх, редактор, шүүмжлэгчээр АШУ-ны доктор, профессор Ц.Мухар, анагаах ухааны академич, АШУ-ны доктор, профессор Б.Оргил, анагаах ухааны академич, АШУ-ны доктор, профессор Б.Дагданбазар, Түүхийн ухааны доктор, профессор Д.Эрдэнэбаатар болон анагаах ухааны магистр Ж.Тогтохбаяр нар хамтран ажилласан байна. Энэхүү бүтээл нь судлаач нүүдэлчдийн эрүүл мэндтэй холбоотой ёс заншил, хууль цаазын бичиг, дом, бариа засал, гавлын ясанд хагалгаа хийх 35 арга зэрэг түүхэн баримтыг архелогийн ховор олдворуудтай хослуулан бүтээж, туурвисанаараа шинэлэг болжээ. Академич Ш.Болдын энэхүү судалгааны бүтээл нь монголчуудын анагаах урлаг засал, эрүүл амьдрах ухааны талаар асар их зүйл бүтээснийг судалгааны төвшинд бүрэн гаргаж чадсан, Монголын анагаах ухааны түүхийг бүрэн илэрхийлэх бүтээл болсон гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Сүүлийн 20 гаруй жил судалгаа хийж буй түүний бүтээлүүд Англи, Япон, Монгол-Төвд, Монгол бичгээр хэвлэгдэж, олон улсад Монголын анагаах ухааны түүхийг таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Тухайлбал, профессор Ц.Мухар “Академич Ш.Болд нь түүх судлалын аргыг төгс эзэмшиж, үндэсний анагаах ухааны түүхийг 5000 гаруй жилийн өмнөх үе рүү хандуулж байгаа нь дээрх бүтээлүүдийн үр дүн” хэмээн дүгнэж байв. Эрүүл мэндийн салбар, анагаах ухааны түүхийг бид 90 гаруй жилийн түүхтэй гэж үздэг байсан бол өнөөдөр 5000 жилийн тэртээх баримтыг энэхүү бүтээлээс харж болох нь. Монголын анагаах ухааны түүхийг 5000 жилээс цааших үеийг судлах нэгэн шинэ зам гаргаж өгсөн энэ бүтээлийг эрхэм та сэтгэл, оюундаа тунгаагаарай.