Б.ЭНХЗАЯА

Хар тарвагатайн уурхай Увс аймгийн Тариалан суманд бий. Энэ уурхай өөрийн болон Ховд аймгийн нүүрсний хэрэгцээг хангадаг юм. Баруун бүсийн хэмжээнд ярьж байгаа уурхайн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд холбогдох хуулиудтай харшилдах болсонд нутгийн иргэд зэмлэнгүй хандах болжээ. Энэ тухай Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга С.Цолмонтой ярилцлаа.

 

-Танай нутагт стратегийн орд болох Хар тарвагатайн уурхай ажилладаг юм байна. Илчлэг ихтэй чулуун нүүрстэй гэдгээрээ алдартай биз?

-Манай сумын Толь, Тарвагатай багийн нутаг дэвсгэрт орших Хар тарвагатайн уурхайг 1960-аад онд нээж олборлолт хийж эхэлсэн. Хүрз, жоотуу бариад анхны нүүрсийг гаргаж байсан ахмад уурхайчид манай нутагт одоо ч бий. Монгол орны баруун чиглэлд нүүрсний илчлэг чанар сайн, ялангуяа Хар тарвагатайн уурхайн чулуун нүүрс илчлэг сайтай. Өдөрт хоёр удаа л галлахад 24 цагаа барих чанартай, ашигт малтмалтай нутаг. Чанар, нөөцөөс нь хамаарч зэргэлдээх аймгуудаа нүүрсээр хангаж ирсэн юм.

-Сүүлийн үед нутгийн иргэд ашигт малтмалынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаад бухимдах болсон гэсэн үү?

-Энэ уурхай 1998 онд хувьд шилжиж, “Хар тарвагатай” компани эзэмших болсон. Компанийн үйл ажиллагаанаас болж нутгийн иргэд газрын баялгаа адил тэгш хүртэж чадахгүй байгаад ихээр бухимдах болсон. Харилцаа холбоо өндөр хөгжсөн энэ үед тэртээх сумын иргэд ч гэр дотроосоо хууль тогтоомж, мэдээллийг шуурхай авдаг болж. Ашигт малтмал, нутгийнхаа газрын баялгийг эрх тэгш хүртэх эрх, үүргээ ухамсарладаг болчихож. Тиймээс сумын удирдлага бидэнд удаа дараа энэ уурхайн талаар гомдол шаардлага тавих болсон. Бид ч “Хар тарвагатай” компанид хуулийн дагуу санал, шаардлага хүргүүлсэн ч үр дүнд хүрэхгүй байна. Иргэд маань аргаа барахдаа сумын удирдлагууд авилга авдаг байж магадгүй, нутгийн газар шороон дээр байгаа аж ахуйн нэгжид халдаж чадахгүй байна гэсэн ойлголттой болж байна. Энэ нь ч аргагүй юм. Манай нутагт, ялангуяа “Хар тарвагатай” компанид хууль, журам гэж хэрэгжихээ болиод удаж байна.

-Тэд ямар хууль, журмыг зөрчсөн юм бэ?

-Ашигт малтмалын тухай хуулиар орон нутагт олборлолт явуулж байгаа компани тухайн нутгийн удирдлагуудад уулын ажлын төлөвлөгөөг жил бүр гаргаж өгөх ёстой байдаг. Мөн нутгийн иргэд, удирдлагуудын хамтарсан Олон талт хамтын ажиллагааны гэрээг зайлшгүй байгуулах ёстой. Гэтэл эдгээр хууль, журмын нэгийг ч хэрэгжүүлэхгүйгээр барахгүй, бидний тавьсан шаардлагыг эс тоодог болсон. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын газар, түүний хэвлий, ой, ус, ан амьтан ургамал болон бусад байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг гэж заасан. Хүссэн хүсээгүй энэ компанийн үйл ажиллагаанд ард иргэд хяналт тавих эрхтэй. Гэтэл эрхээ эдэлж чадахгүй олон жилийн нүүр үзэж байгаад иргэд бухимдалтай байна. 

-Тэгвэл энэ компани орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулдаггүй гэсэн үг үү?

-Яахав, сар шинийн баяраар өндөр настнуудад хэдэн шуудай нүүрс өгдөг, ахмадын баяраар 70-аас дээш насны ахмадад 50 мянган төгрөг өгдөг юм. Гэхдээ энэ бол ард иргэдийг өнгөц зүйлээр хуурах төдий үйлдэл. Жилд тэрбум гаруй төгрөгийн ашиг олдог компани орон нутгийнханд ийм хэмжээний тусламж үзүүлж байгаа нь иргэдийг хэтэрхий басамжилж байгаа хэрэг. Нутгийн жолооч нарт ч хүнд сурталтай үйлчилдэг, хэдэн хоногоор дараалал үүсгэдэг тухай гомдоллодог. Гэтэл ижил төрлийн үйл ажиллагаатай бусад уурхай тухайн нутагтаа хувь нэмэр оруулж байгаа жишээ байна. Тухайлбал, манай аймгийн Бөхмөрөн суман дахь Хотгор шанага, Хотгорын уурхайнууд тухайн нутгийнхаа өрх бүрт өвлийн нүүрсний хэрэгцээг нь үнэ төлбөргүй хангадаг. Мөн Ховд аймгийн Хөшөөтийн уурхай ч тэр. Гэтэл манай сумын баялгаас хүртэж байгаа “Хар тарвагатай” компани цөөн тооны иргэдэд багахан зүйл өгч, үүргээ биелүүлж байгаа мэтээр ярьдаг. Олон жилийн турш хүнд даацын автомашинаар нүүрс тээвэрлэлтээ шороон замаар хийж ирсэн. Ядаж засмал зам тавьж, байгаль орчныг хамгаалж болно шүү дээ.

-Энэ тухай хяналтын байгууллагад хандаж байсан уу?

-Аймгийн Засаг дарга болон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж байсан. Тэд шалгалт хийж үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч байсан. Шалгалтаар энэ компанид мэргэжлийн ажилтангүй, уулын ажлын болон байгаль хамгаалах төлөвлөгөөгүй зэрэг ноцтой зөрчил илэрч байсан. Гэвч одоо хүртэл энэ хэвээрээ ажиллаж л байна. Сумын удирдлагууд бид ч энэ компанийн үйл ажиллагаанд хяналт тавьж, уурхайд хөл тавих эрхгүй болтлоо дархлагдчихаад байна. Өөрөөр хэлбэл, нутаг орон дахь вант улсыг бий болгочихож. “Та нар бидэнтэй харьцах шаардлагагүй, бид дээд газраас зөвшөөрөлтэй” гэх хариулт бидэнд өгдөг.

-Уул уурхайн компаниуд тухайн нутаг орны иргэдийн тодорхой хувийг ажлын байраар хангах ёстой. Танай сумын иргэд энэ компанид ажиллаж байна уу?

-Манай сум 4200 хүн амтай, 1000 гаруй өрхтэй. Дэд бүтэц сайн хөгжөөгүй учир ажилгүйдэл, ядуурал тодорхой хэмжээнд бий. Сумын хэмжээнд хамгийн томоохонд тооцогддог “Хар тарвагатай” компани иргэдийг маань ажлын байраар хангавал хүн амын багахан хэсэг нь ч амьдралаа залгуулах боломжтой шүү дээ. Гэтэл тийм биш. Бид сумын үйлдвэрлэлийг дэмжиж нэг байгууллагатай хамтран ажиллаач гэж гуйдаг. Ядаж сумын иргэд, хоршоололтой гэрээ байгуулж ажилчдынхаа бээлийг хангаж болно. Гэтэл ийм хувь нэмэр битгий хэл сумын бүтээн байгуулалтыг үрэн таран хийсэн компани.

Хар тарвагатайн уурхай хувьчлагдах үеэр уурхайг түшиглэсэн томоохон суурин баг байсан юм. Захиргаа, сургууль, цэцэрлэг, соёлын төв, хэд хэдэн хороололтой Тарвагатай баг гэж байлаа. Гэтэл хувьчлагдсанаас хойш энэ баг балгас болж л хоцорлоо. Улс орон сумаасаа, бүр багаасаа хөгжих тухай ярьж байна. “Хар тарвагатай” компани зөв менежменттэй ажилласан бол Тарвагатай баг одоо “Жишиг баг” болон мандах боломжтой байсан. Гэтэл бүхэл бүтэн багийн хөгжлийг орвонгоор нь эргүүлсэн нь энэ компанийн хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагийн тод илрэл. Тиймээс энэ компанийн хууль бус үйлдлийг зогсоож хамтран ажиллаж нутаг оронд бүтээн байгуулалт хийж, газрын баялгийг тэгш хуваарилахыг иргэд шаардаж байна.

Компани энэ чигээрээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байвал сумын иргэд жагсаал цуглаан хийж эсэргүүцэл үзүүлэхэд бэлэн болчихоод байна.