Д.Оюун

Нийслэл анх удаа ирэх оны төсвийн төсөлд иргэдийнхээ саналыг авахаар “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажлыг эхллүүллээ. 12 хоногийн турш үргэлжлэх энэхүү хэлэлцүүлгийн дүнд нийслэлийн 2014 оны төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулан, төсвийг үр ашигтай зарцуулж, амьдрах орчин нөхцөлөө өөрсдийн оролцоотойгоор сайжруулах боломж бүрдэх юм. Иргэдийн оролцоог хангаж, санал авахаар өнөөдөр, маргааш нийслэлийн өрх бүрт тухайн хороонд шаардлагатай ажлыг таван чиглэлээр бичсэн дараахь саналын хуудсыг 152 хороогоор өрх бүрт тараана. Иргэд тухайн саналын хуудсыг зааврын дагуу бөглөж, хороондоо хамгийн хэрэгцээтэй гэж үзэж буй бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ зэргээс сонгон будна. Харин хорооны ажилчид энэ сарын 7-10-нд саналын хуудсыг цуглуулан нэгтгэж,  зориулалтын автомат машинд уншуулснаар хамгийн олон санал авсан ажлуудын нэрсийг гаргана. Тухайн ажлуудыг ирэх оны төсвийн төсөлд оруулах эсэхийг  энэ сарын 12-14-нд хороо бүрт зохион байгуулах “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгээр нийслэлийн удирдлагууд иргэдтэй нээлттэй хэлэлцэх юм. Энэ ажлыг цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга захирамж гаргахаар болжээ.