С.УЯНГА

Дөрвөн настай хүү гэрийнхээ гадна тоглож байгаад нохойнд бариулж амиа алдсан харамсалтай явдлаас хойш нийгэм даяараа эзэнтэй, эзэнгүй нохдыг зүхлээ. Хүний амь араатнаас дор болжээ, нохойн эзнийг хорих ёстой хэмээн дайрч, давшилж байна. Үнэндээ нийгмийг цочроосон нь л энэ болохоос биш өдөр бүр, өдөрт хэд хэдээрээ хүүхдүүд нохойд бариулж байна, цаана чинь.

Заавал зодоонч юмуу аль нэг үүлдрийн нохойд аймшигтайгаар “идүүлж”, амь насаа алдаж олны анхааралд орохгүй л бол бусад үед хүмүүс дуугарахгүй болж. Өнгөрсөн онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2943 хүн нохойд хазууллаа гэж хандсаны 1144 буюу тал хувь нь хүүхэд байжээ.  Мөн он гараад хоёр сарын хугацаанд 463 хүн нохойд хазуулж эмчилгээ хийлгэсний 23 нь тав хүртэлх насны хүүхэд байгаа юм. Тэдний ихэнх нь гудамжны буюу золбин нохойд хазуулсан гэсэн тайлбар өгсөн байна.

Гэтэл нохойд хазууллаа гэсэн гомдол цагдаагийн байгууллагад маш цөөн ирдэг гэнэ. Тэр дундаа эцэг, эх нь ажилтай  учраас хүүхэд  нь нохойд хазуулсан ч тоодоггүйг цагдаагийнхан хэлж байна. Хүүхэд өөрөө гомдол гаргаж чадахгүй учраас хэнд ч хариуцлага тооцохгүй замхарч, хөсөр хаягдаж байна гэсэн үг. Нэг ёсондоо золбин нохойд хазуулсан бол хүүхдийн хохь болж, эзэнтэй нохойд хазуулсан бол хуулийн байгууллагад гомдол гаргадаггүйгээс эздийн зол болоод өнгөрч байна.

Уг нь гэрийн тэжээвэр амьтан хүний биед гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэлх хугацаагаар баривчилна гэжээ. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бусад хүнд хор уршиг учирсан бол 3-6 сараар баривчлах, таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Энэ оны байдлаар нийслэлд 80 гаруй мянган золбин нохой бий гэсэн судалгаа байна. Тиймээс хариуцдаг байгууллагууд нь золбин нохдыг шуурхай устгаж, эзэнтэй нохойд хазуулсан бол дээрх хуулийн дагуу цагдаад гомдол гаргаж суръя. Хуулийн байгууллагад хандахгүй, нохойд хазуулсны хохь гээд яваад байвал золбин нохой гэлтгүй зоргоороо авирлах нь. Нохойтой хэрнээ сул явуулаад хүүхдийг аюулд оруулаад байгаа эздийг хуулийн өмнө аваачъя. Тэднийг өөгшүүлэхээ больё.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛИАС

501 дүгээр зүйл. Амьтны учруулсан гэм хорыг хариуцах

501.1.  Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.

 Монгол Улсын Эрүүгийн хуулиас

201 дүгээр зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

201. 1. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

201. 2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин