
Ч.ЗОТОЛ
Хөрсний бохирдол, үйлдвэрийн хаягдлаас үүдсэн халдварт шар өвчний голомт болсон Хан-Уул дүүрэгт дахин шинэ цэг үүсч байна. Тэр нь тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь “Хавай таун”, “UB таун”, “Тайж таун” зэрэг орон сууцны хотхон, Визарьд, Хасу, МИАТ-ийн байрыг хамарсан хороолол бөгөөд тэнд бохир нь байнга хальж оршин суугчид амьсгалах аргагүй, цонх салхивчаа нээх эрхгүй болжээ. Мөн хажууханд нь байдаг 115 дугаар сургууль, “Миний найзууд”, Жаргалан” цэцэрлэгийн ойр орчимд ч бохир алдагдсан байна.
Дулаан, цэвэр бохир усны шугамын даац хэтэрснээс ийнхүү орон сууцны байруудын дунд бохир нь усан оргилуур шиг олгойдож, тэр нь хүмүүсийн хөл, машины мөрөөр хотын нэг хэсгээс нөгөө хэсэг рүү өвчний нян үүсгэх вирус болон тарах болов. Сүүлийн үед “Хавай таун” 56-гийн “Б” байрны гарааш руу бохирын ус урсч орох болжээ. Ингэснээр тус байрны хонгил тэр чигээрээ өмхий үнэртэй болж, 1-2 давхрын айлууд амьдрах аргагүй болжээ. Мөн машины зогсоолоос урагшаа урсч буй ус хөрсөнд шингэж, цааш Туул гол руу нэвчин нийлж байгаа нь харамсалтай. Холбогдох газар, мэргэжлийн байгууллагууд үүнийг анхаарахгүй ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил огт хийлгүй өнөөдрийг хүрлээ.
Байдал яагаад ийм болов гэвэл дулааны болон цэвэр, бохир усны өргүүрийн нэг насост 23 байр холбогдсон. Тэдгээрийн зарим нь зөвшөөрөлтэй, зарим нь зөвшөөрөлгүй гэнэ. Танил тал, авлига хээл хахуулын байдлаар холболт хийлгэсэн байж болзошгүйг оршин суугчид хэллээ. Энэ байдлыг даруй цэгцлэхгүй бол удахгүй хотын хүн амын олонхи нь халдварт өвчинд өртөх аюул Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооноос ийнхүү эхэлж байна.