
Ч.ГАНТУЛГА
“Яваад ороход оосор бүчгүй орд цагаан өргөө манайх” хэмээн өмнийн говийнхон элгэмсэг, зочломтгой зангаар ирсэн гийчдээ угтдаг ажээ. Ялдам инээд, урмын үгээр тэтгэж, манай нутагт дахиад заавал ирээрэй гэсэн сайхан үгээр үддэг аж. Бидний эхлүүлсэн “Эко аялал” Өмнөговь аймгийн байгалийн сайхан, түүх, дурсгалын газраар үргэлжилсний эцэст мод тарих тэр тусмаа цөлжилтийг бууруулдаг заг тарих үйлсэд хүчин зүтгэж яваа Ч.Одсүрэн ахын заган ойд очсон юм. Энд Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл хэрэгжиж байв. Өмнөговь аймгийн газар нутгийн 70 гаруй хувийг цөлжилт иджээ. Өнгөн хөрс тэжээл, шимгүй болж шинэ өвс ургамал ургахад бэрхшээлтэй байгаа аж. Явсан газраар шаргал элс хөлд орооцолдон, багахан хэмжээний салхинд хуй болон босох юм. Байгаль хамгаалах газрын ажилчид энэ талд анхаарч хүрээлэн буй орчиноо ногооруулах аяныг зохион байгуулж байв. Аян үр дүнгээ өгч өрх айлууд болон албан байгууллагууд хүрээлэн буй орчиндоо мод тариад буй нь харагдсан. Харин цөлжилтийг барьж, тогтоодог хамгийн тустай мод нь заг гэнэ. Загийн үндэс хөрсөн доогуур гүн ургаж, нүүж буй элсний тархалтыг зогсоодог тустай гэв. Хүрэхэд гар гулгамаар хэрнээ бүдүүн салаатай, энэ мод хэдэн жилийн өмнө элбэгт тооцогддог байсан тухай нутгийн ардууд хуучилсан юм.
БОРТГОНД ТАРЬСАН ЗАГ ХАМГИЙН САЙН УРГАДАГ
Заг модны үндэс хөгжил сайтай, бөх бат байдаг аж. Түүний үндэс газрын гүнд дунджаар таван метр хүртэл ургадаг. Хэрвээ ус үүнээс хол байвал 10 гаруй метр сунах тохиолдол байдаг гэнэ. Заг ямар ч ган гачигтай үед бахим үндсээрээ гүний усанд хүрч чаддаг гайхалтай мод юм. Энэхүү мод таван настайгаасаа салхины хүчийг бууруулан, элсний нүүдлийг тогтоох хаалт болж эхэлдэг байна. “Ногоон хэрэм” төслийн шугамаар Өмнөговь аймагт 350 га-д заг тарьсан байв. Төслийн мэргэжилтэн Ч.Одсүрэн ах эко элч хүүхдүүдэд заг тарих аргыг зааж өгсөн юм. Загийг байгальд нь тарихад ургац муу байсан тул бортгонд тарьж эхэлжээ. 20 см гаруй өндөртэй бортгонд хөрсний шороо хийж, үрийг суулгана. Үрээ гэмтээхгүйн тулд болгоомжтой хандаж, үндсийг нь гэмтээхгүйгээр шороог нүхэлж, 10 гаруй см-ийн гүнд суулгадаг аж. Ийнхүү бэлдсэн бэлдэцээ тусгайлан ухсан нүхэд булна. Хөрсөнд суулгасны дараа шууд усалгаа хийх хэрэгтэй гэв. Харин эхний усалгааны дараа хэдэн өдөр өнжиж болдог гэнэ. Ч.Одсүрэн ах бидэнд бортгонд тарьсан суулгацаа задалж үзүүлсэн юм. Тэгэхэд бортгонд суулгасан жижигхэн үр хэдэн салаа болж урагасан байв. Энэ нь заг мод хөрсөн доогуур маш эрчимтэй ургадаг гэдгийг батлав. Загийн хөрсөн доогуур ургасан тэр салаа мөчрүүд элсний нүүдлийг хазаарлаж, тогтоодог нь ийм учиртай гэв. Ч.Одсүрэн ах зөвхөн заг тарихаас гадна хайлаас, улиас зэрэг Өмнөговь аймгийн хөрсөнд ургахад тохиромжтой моддыг тарьдаг аж.
20 ГАРУЙ ЖИЛ МОД ТАРЬСАН БУЯНТАН
Өмнөговь аймагт цөлжилтйн эсрэг тууштай тэмцэж, хамгийн их мод тарьсан хүн бол Ч.Одсүрэн. Амьдралынхаа 20 гаруй жилийг энэ үйлсэд зориулж өдрийн ихэнх хугацааг тайлбайдаа өнгөрөөдөг гэв. Тэрээр “Ногоон хэрэм” төсөлд ажиллахаас гадна гэрийнхээ ойролцоох талбайд мод тарьж, ой бий болгосон байна. Түүний хамгийн сайн хийж чаддаг, сэтгэл зүрхээ зориулсан үйлс нь мод тарих гэв. Тэрээр “Хүн амьдралдаа заавал 20 мод тарих ёстой” гэж хэлсэн юм. Мод агаарыг цэвэршүүлж, хүмүүст цэвэр агаар бэлгэлдэг. Тиймээс амьдралынхаа турш амьсгалсан агаарынхаа төлбөр болгож ядахдаа 20 мод тарих хэрэгтэй шүү гэж захисан юм. Түүнээс мод тарих хэцүү юу гэж асуухад “Энэ хорвоо дээрх хамгийн сайхан бас тэвчээр шаардсан ажил” гэж хариулсан. Учир нь нэг мод тарьчихаад маргааш нь шууд ургадаггүй, хэдэн жилийн дараа үр үндэс нь цухуйдаг учраас олон жилийн тэвчээр шаарддаг гэв. Тарьсан модных нь үндэс цухуйсан байхыг хараад өөрийн эрхгүй баярлаж, жаахан хүүхэд шиг хөөрдөг тухайгаа ч нуугаагүй юм. Тэрээр удам дамжсан байгаль хамгаалагч. Аав нь энэ үйлсийн төлөө насаараа зүтгэсэн тухай ярьсан. Мөн түүний охин Монгол Улсын их сургуульд байгаль хамгаалах чиглэлээр сурдаг гэнэ. Удахгүй төрөлх нутагтаа ирж, аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх зорилготой гэв. Мод тарих үйлст дурлаж, ханийхаа адил цөлжилтийн эсрэг тууштай тэмцэгч бол түүний гэргий Нараа эгч. Тэрээр хувийн мод үржүүлгийн газраа удирдаж, талбайдаа улиас, хайлаас зэрэг ган гачигт хамгийн тэсвэртэй моддыг тарьдаг тухайгаа ярьсан. Гэр бүл болсон цагаасаа нөхрийнхөө ажлыг дэмжиж, хамгийн сайн зөвлөгч, туслагч нь байсаар иржээ. Тэдний мод үржүүлгийн талбайд очиход хангайд ирсэн юм шиг моддын анхилуун үнэр үнэртэж, ой модонд зугаалж байгаа юм шиг сайхан мэдрэмж төрөх юм билээ. Улиас, хайлаасууд нь 6-8 метрийн өндөртэй харагдана. Тэд жилийн дөрвөн улиралд модоо арчилж, сэтгэлийн таашаалыг авдаг гэсэн шүү.