
З.БАЙГАЛЬМАА
Сургуулийн автобусанд хүүхдүүдийн инээд хөөр дунд аялснаар шинэ ажлын өдрийн сайхан өглөө эхэллээ. Энэ удаад өдөр бүр ажил руу минь хүргэж өгдөг автобусанд суусангүй. Чиглэлээ өөрчлөн Толгойтын Нарангийн голын эцсийн буудал дээр очлоо. Тэнд миний суух, бас хүүхдүүдийн сургуульдаа явах том автобус ирэх юм. Нийслэлийн Тээврийн газраас долоо хоногийн өмнөөс эхлэн сурагчдын автобусны шинэ маршрутыг туршиж эхэлсэн. Тодруулбал, нэг чиглэлд зам дагуу сургуулиудын хүүхдүүдийг тусгай автобусаар тээвэрлэх ажлыг эхлүүлсэн юм. Туршилтын анхны чиглэл нь Толгойтын Нарангийн голын эцсийн буудлаас хөдөлж Сонгинохайрхан дүүргийн 107, 42, 65, 62 дугаар сургуульд хүүхдүүдийг нь хүргэж өгдөг аж. Ингээд сургуулийн бяцхан жаалуудтай зэрэгцэн тусгай автобусаар зорчиж үзсэнээ ийн тэмдэглэв.
Захын дүүргүүдэд амьдардаг хүүхдүүд нийслэлчүүдийн заримыг нойрноосоо сэрээгүй байхад аль хэдийнэ босоод автобусны буудал дээр зогсож байдаг. Өглөөний найман цагт сургуульдаа амжиж ирэхийн тулд өөр арга байхгүй юм. Биднийг эцсийн буудал дээр 07.00 цагт очиход автобусаа хүлээсэн жаал хэд хэд зогсч байлаа. Ингээд урд шилнийхээ баруун доод буланд, мөн дунд хаалганыхаа хажууд “Хүүхдийн автобус” гэсэн таних тэмдэг хадсан том оврын автобус ирж зогслоо. Автобус цагийн хуваариа яг барьдаг тул хоцорч болохгүй. Хуваарийн дагуу 07.20 цагт Нарангийн голын эцсээс хөдлөөд замаараа буудлууд дээр зогсч хүүхдүүдийг авлаа. Өчигдрийн ээлжинд нийтдээ 40 гаруй сурагч суув. Тэдний ихэнх нь Нарангийн голын эцэс болон Толгойтын эцсээс суусан юм. Энэ автобусанд том хүн суухгүй. Харин туршилтын автобусны тариф 200 төгрөг. Дээр дурдсан дөрвөн сургуулийн хүүхдүүд туршилтын автобусаар үйлчлүүлж байгаа. Тэгвэл тус дөрвөн сургуулийн нийгмийн ажилтнууд өглөө бүр ээлжлэн хүүхдүүдээ бүртгэж хамт явдаг ажээ. Аль сургуулиас хэдэн хүүхэд үйлчлүүлж байна, түүнчлэн ямар буудал дээр олон сурагч хүлээж байна гэхчлэн туршилтын энэ ажлыг цаашид үргэлжлүүлэхэд үнэтэй санал, судалгаа нийгмийн ажилтнуудаас гарах нь гарцаагүй. Тэд хүүхдүүдээ бүртгэхээс гадна буудал дээр зогсоход “Хүүхдийн автобус” шүү гэж орилж явна. Тэгэхгүй бол зарим сурагч автобусаа танихгүй өнгөрөөчих гээд байдаг гэлээ. Өчигдөр 107 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Ц.Оюунгэрэлийн ээлж байлаа. Түүнээс сурагчдын шинэ маршрут, туршилтын автобусны чиглэл хэр байгааг сонирхсон юм. “Миний бодлоор маш зөв ажил болж байна. Цаашид олон чиглэлд ийм автобус явуулбал илүү олон хүүхэд эрүүл аюулгүй зорчино. Харин тасалбарын үнийг 100 төгрөг болговол зүгээр байна. Яагаад гэвэл бүх нийтийн тээврийн хэрэгсэл 200 төгрөг авдаг шүү дээ. Тэдгээрээс ялгараад тарифаа арай бага болговол сурагчид ч илүү суух байх. Зорилготойгоо нийцсэн ажил болно гэж бодож байна” гэж нийгмийн ажилтан Ц.Оюунгэрэл ярилаа. Хэдийгээр нийгмийн ажилтнууд буудал болгон дээр зарлаж байгаа ч хүүхдүүд сайн мэдэхгүй байгаа бололтой. Зарим нь туршилтын автобус явж эхэлснээс хойш алгасалгүй үйлчлүүлсэн байхад зарим нь анх удаагаа сууж байв. Өчигдөр дөнгөж мэдсэн гэсээр 65 дугаар сургуулийн сурагч А.Мөнх-эрдэнэ орж ирлээ. Тэр гуравдугаар ангид сурдаг. Өглөө бүр эцсийн буудлаас автобусанд сууж хичээлдээ явдаг гэнэ. Түүнээс сэтгэгдлийг нь асуулаа. “Гоё байна. Чихэлдэхгүй, суудалтай” гээд инээлээ. Ниитийн автобусанд суухаар өглөө эрт хүн ихтэй, чихэлдээд буудал дээрээ бууж чадахгүй хоцорчих гээд байдаг гэнэ. Сурагчид автобусандаа дуртай, таатай байгаа нь илт. Тэдний царай тайван, тухтай гэгч нь инээмсэглэнэ. Үйлчлүүлж буй хүүхдүүдийн ихэнх нь бага ангийнхан байна. 86 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч О. Номинсолонго охин багшаасаа мэдээд нэлээд олон өдөр үйлчлүүлж байгаа юм байна. “Автобус хүлээхгүй амар байгаа. Гэрээсээ цагаа тааруулж гарч ирээд суучихдаг. Буудал дээр зогсож даарахгүй, бас суудалтай болохоор уначихна гэж айхгүй. Том автобусанд чихэлдээд явахад хэцүү байдаг, микронд бараг багтдаггүй юм” гэв.
Ингээд бид замаасаа хүүхдүүдийг авч, заримыг нь сургууль дээр нь буулгасаар 07.50 цагт хамгийн сүүлийнх болох 62 дугаар сургууль дээр ирэв. Хөдөлснөөсөө хойш хийсэн 30 минутын хугацаанд хийсэн аялал ингээд дууслаа. Сурагчдын автобус сүүлийн хүүхдээ буулгаж дуусгаад цааш чиглэлийнхээ дагуу иргэдэд үйлчлэхээр явлаа. Нийслэлийн Тээврийн газраас өдөр бүр хаанаас, хэчнээн хүүхэд сууж байгаа талаар судалгаа авч байгаа юм байна. Туршилтын хугацаа энэ долоо хоногт дуусна. Иргэд энэ үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа болохоор цаашид тогтмол болгохоор төлөвлөж байгаа гэнэ. Улмаар Бэлх, Сэлх, Нисэхийн хүүхдүүдийг тээвэрлэх автобусны тусгай маршрут гаргахаар судалгааг хийж байгаа ажээ.
