
Нийслэлийн 53 дугаар сургуулийнхан маргааш 40 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна. Хэрэв та энэ сургуулийн төгссөн бол маргааш 14.00 цагт МҮЭСТО-г зориорой. Тус сургуулийн ойн баярын хүндэтгэлийн хурал болсны дараа сурагч, багш, ажилтнууд хамтран та бүхэнд урлагийн тоглолтоороо бэлэг барьж, 40 жилийн түүхэн замналаа дурсах гэж байгаа юм байна.
Тус сургуулийн захирал О.Бат-Өлзий, сургалтын менежер Ч.Наранцэцэг, нийгмийн ажилтан З.Нарантуяа нар үе үеийн төгсөгчиддөө урьсан юм 53 дугаар сургуулийнхан дүүрэгтээ урлаг, спорт, сурлагаараа бусдыгаа манлайлж ойн баяртаа бэлэг барьж байгаа аж. Дунд сургуульд “Авъяас”, “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр ямархуу шатанд хэрэгжиж байгааг эцэг, эхчүүд өөрийн биеэр очиж үзээрэй хэмээн тэд урьж байсан шүү.
Эднийх Англи хэл, биеийн тамир, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги хичээллүүлдэг юм. Төгссөн сурагчдын 80 орчим хувь нь их, дээд сургуульд элсэн суралцдаг байна. Энэ сургуулийнхан сүүлийн зургаан жил биеийн тамир тэр дундаа волейволын гүнзгийрүүлсэн сургалтаараа нэлээн амжилт олж, Монгол Улсын шигшээ багийг бүрдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг болсноороо О.Бат-Өлзий захирал бахархаж ярина лаа. Тэднийхээс төрсөн волейволын аваргууд Олон услын хэмжээнд хүртэл өрсөлдөж төрлөх сургуулийнхаа нэрийг гаргаж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд 53 дугаар сургуулиас УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Гавъяат жүжигчин С.Сүххуяг, “Шинэ Монгол” сургуулийн захирал Ж.Галбадрах, зураач Л.Өнөрчимэг нарын улс төр, урлаг соёлын салбарын олон алдартан төрөн гарчээ.
Үе үеийн төгсөгч нар, ахмад багш нар хамтран сургуулийн ойн баяртаа олон сайхан бэлэг барьж эхэлсэн байна. Тухайлбал, ахмад багш нар анги, танхимаа тохижуулахаар болсон бол зарим төгсөгч хамтран сургуулийнхаа танилцуулга, дурсамжийн номыг хийж, 12 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн гэх мэтээр сургуулийнхаа 40 жилийн ойд хэн юу чаддагаараа бэлэг барьж эхэлжээ.