
Д.МЯГМАР, Ч.ОЛДОХ
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Лигдэн гуайг сэтгүүл зүйн гал тогооныхон маань Лийгээ эрхлэгч хэмээн эрхэмлэн дууддаг. Үзэл бодолдоо үнэнч, хийсэн ажилдаа тууштай бас сэтгэлтэй ханддаг нь түүнийг сэтгүүл зүй хэмээх айлын хүрээлэлд багтааж, залуу үеийнхний бахархаж, хүндэлж явдаг хүний нэг болжээ. Сэтгүүл зүйн лухгарууд дотроос 80 насны босго алхсан хэдий ч тэрээр залуу сэтгүүлчдэд урмын үг хайрлаж, бичсэн мэдээ, нийтлэлийг нь уншиж үнэтэй зөвлөгөө өгдөг амьдралын багш болж ирсэн. Түүний зөвлөгөөг харамгүй сонсч, дагаж ирсэн сэтгүүлчид бид өвгөн сэтгүүлчийн гэрт зочилно гэж санаж явсангүй. Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, нэрт сэтгүүлч Б.Лигдэн 40 мянгатын нэг өрөө байранд бусдын адил аж төрж байна. Түүний том охин биднийг угтаж гэрт оруулж, цай идээ бариад “Аав аа, би ойрхон гараад ирье. Яаруу ажил гарлаа” хэмээн биднийг түр орхисноор тавтай гээч нь хуучлав.
Б.Лийгээ эрхлэгч маань Цэргийн сургууль, Намын дээд сургууль, Казахстанд Улс төрийн дээд сургууль, ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи гээд ерөөс эрдэм, номын мөр хөөсөөр энэ насаа элээж яваа буянтай буурал. Хэд хэдэн ном, эрдэм шинжилгээний 200 гаруй өгүүлэл бичсэн нэрт эрдэмтний амьдралын замнал түүний түүхийг сонирхолтой урласан нь дамжиггүй. МАХН-ын Төв Хорооны гишүүн, АИХ-ын депутат гээд тухайн цаг үе, нийгэм, хамт олныхоо итгэлийг дааж олон сонгуульт ажлыг хүлээж ямар ч ажлын оройд нь гарч байж.
-Сайхан намаржиж байна уу. Сэтгүүлзүй гэдэг их айлын хүндэт хойморт суусан буурлуудын нэгтэй зорьж уулзаж байгаадаа баяртай байна. Бид таныг санан дурсдаг шиг та ч бас өнөөгийн сэтгүүлзүйн өнгө төрхийг ажиглаж, тэрхүү халуун гал тогоонд сэтгэлээрээ хамт байдаг байх?
-Энэ жил сайхан намар болж байна. Их сэтгүүлзүйгээс чөлөө хүсч гавьяаны амралтандаа сууснаас хойш гэртээ л байна. Сонин гарчиглахад нүдний хараа хүрэхгүй болсон. Харин хоёр чих маань радио, телевизийн мэдээллийг өнгөрүүлэхгүй шүү. Нэг үеийг бодвол сэтгүүлзүй их залуужжээ. Тэнд сайн ч юм бий, харж үзүүштэй ч юм байна. Жишээ нь, мэдээллийн хурд маш шуурхай болжээ. Саар юм ч байна. Телевизээр явуулж байгаа сонины тоймыг харахад мэргэжлийн хүн байдаггүй бололтой. Б.Наранбаатарыг амьд сэрүүн байхад өөр байсан. Жаахан өөрийн бодлыг оруулаад байдгаас биш хэнээс ч хараат бус чөлөөтэй тоймлочихдог байсан юм. Одоо би Eagle телевизийн мэдээг үздэг. Өдөр шашны нэвтрүүлэг нь гарахаар сувгаа солино доо. Телевизүүдээс NBS-ийг хэсэг үздэг байлаа. Б.Наранбаатараас хойш үзэхээ бараг байсан.
-Зарим хүн дандаа хар мэдээлэл цацаж байна гэж хэвлэлийнхнийг шүүмжилдэг. Та юу гэж харж байна?
- Би харин өөр бодолтой. Нийгэм нь тийм байхад ярихаас өөр замгүй. Энэ сэтгүүлчийн буруу биш. Би хамгийн сүүлд 2003 оны үед “Нийгэм зэрлэгшиж байна” гэж бичээд үзгээ тавьж, Байгаль орчны сайдын зөвлөхөөр ажиллах болсон юм. 2004 оноос гавьяаны амралтаа авсан. Сэтгүүлзүйн тухайд хэлэхэд, аливаа юм олон салаа замаар явж нэг урсгалд ордог. Та бүхний хийж бүтээж буй ажил үйлс улам урагштай сайн яваасай гэж бодож суух юм. Өвгөн ах нь өөр юу бодож хүсэх билээ.
-Телевизийн мэдээ харж байна гэсэн. Монголын Үндэсний олон нийтийн телевизийн мэдээллийн хөтөлбөрийг үздэг биз?
-Үндэсний олон нийтийн телевизийг ер нь үзэхгүй дээ. Яагаад гэвэл, бялдууч маягийн телевиз л дээ. Юун олон нийтэд үйлчлэх манатай, дарга нарын үгийг л дамжуулдаг.
-Одоо сэтгүүлч болоход энэ чиглэлийн олон сургууль бий, боломж, сонголт өргөн болсон гэх үү дээ. Таны үед ямар байсан юм бол. Таны туулсан замнал ямар байв?
-Бидний үеийнхэн бичих, туурвих дуртай байсан. Харин мэргэжлийн талд тиймхэн. Миний хувьд цол хамгаалах сэдвийнхээ хүрээнд, тухайн үед шинээр бий болсон намын байгуулалтын талаар бичиж, туурвих гэж оролдсоор сонин хэвлэлтэй ойртсон. Би 1960-аад оноос судалгааны ажлаа эхэлсэн юм. Тэр үед судалгааны материалаа заавал хэвлэлд гаргаж байж цол хамгаалдаг журамтай. Тэр их дөхөм болж “Намын амьдрал” сэтгүүлээс гараагаа эхэлсэн. Онол, улс төрийн сэтгүүл гаргана гэдэг маш нарийн хэмжүүртэй. МУИС-ийн Хуульзүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч, захирлаар ажиллаж байсан, одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийг тэргүүлж байгаа Н.Лүндэндорж тэр үед салбартаа өсөх ирээдүйтэй залуу байсан. Олон сайхан залуус баг болж байлаа, тэр энэ гэж алийг нь онцлох вэ, миний нэрийг хэлсэнгүй гэж гомдохгүй байх.
-Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ хэр уулзаж байна?
-Саяхан Ц.Хулан зохион байгуулж “Ардын эрх” сонины хууччуулыг уулзуулсан. Олон хүн ирсэн. Дурсах, ярих юм зөндөө байлгүй яахав. Сайхан байсан. Хамт ажиллаж байсан, таньдаг мэддэг хүмүүсээс уулзаж амжихгүй ч утсаар ярьж мэндтэй устай явдаг.
-Таны үеийнхэн 1996 онд АН олонхи болж төр, засгийн эрх барьж байхад сэтгүүлзүйн халуун тогоонд ид буцалж, нийгмийг хамарсан хурц шүүмжлэл бичиж явсан. Өнөөдөр тэр үеийнхэн төр, засагт олуул болж улс орныг удирдаж байна. Өмөөрөхдөө өмөөрч, шүүмжлэх үедээ ч шүүмжилчихдэг байсан хүний хувьд танд ямар бодол, дүгнэлт төрж байна ?
-Тэдний явуулж байгаа бодлого явуургүй байсан учраас л шүүмжилж байсан. Тухайн үед баримталж байсан бодлого нь өнөөгийн шинэчлэлтэй адилгүй, бие биеэ татах, албан тушаалын шатаар өгсүүлэхэд чиглэж байсан юм. Харин түүнийг нь анзаарч, дураар нь сул задгай давхиулаагүй хүн бол Н.Энхбаяр. Тийм ч учраас АН бас ч гэж “хайрцагтай” болсон байх шүү.
Бидний үеийн сэтгүүлчид тэр үеийн төр, засгийг шүүмжлэхдээ зөв зам руу оруулах гэж бичиж, туурвиж явсан. Аль аль талдаа залуучууд олон, Улсын Бага хурлаас эхлээд УИХ хүртэл үйл явц өрнөж байлаа, тэр үед. Түүнээс өгсүүлээд улс төрийн үйл хэрэг янз бүрийн шугамаар өрнөж ирсэн. Одоо харж суухад, янз бүрийн юм их байна. УИХ-д ч, төрийн эрх барих байгууллагад ч. Дотроо бодож суухаас биш, үзэг цааснаас хөндийрч, нүд ч муудсан болохоор яая гэх вэ.
Сонгууль болдгоороо болоод өнгөрдөг. Түүнд санал өгсөн иргэдийн буруу биш юм. Хэн мөнгөтэй, овсгоотой байна, тэр санал авдаг бололтой. Тэр тухай дэлгэрэнгүй ярих юм алга. Гарч байгаа мэдээлэл, ярьж , хөндөж буй асуудлыг ажиж суухад тийм байна. Харин төр, засгийн удирдлагад чадал, ухаан хоёр хэрэгтэйг хэлэхэд илүүдэхгүй болов уу.
-Ингэхэд “Казиногийн хэрэг” гэх нэр томъёо гарч нэр бүхий эрхмүүд ялд унаж байхад та Д.Энхбаатарыг өмөөрч бичиж байсан санагдана. Ямар үндэслэлийг олж харсан хэрэг вэ?
-Д.Энхбаатар хэрэг хийчих хүн биш. Ленин клубт түүнтэй уулзаж, хэд хэдэн зүйлийг асууж тодруулж байлаа. Сэтгүүлчийн хувьд түүнд зөв тал байгааг олж харсан хэрэг. “Цагаан шонхор”-ийн Т.Энхтайван гээд олон хүн хэлмэгдсэн юм шүү дээ, тэр үед.
-Сэтгүүлчийн ажил цаг наргүй, хүнд хөдөлмөр. Ямар нэгэн золиос байж амжилт гаргадаг гэлцдэг. Залуу сэтгүүлчдэд хандаж та юу хэлэх вэ?
-Миний хувьд янз бүр. ЗХУ-д хоёр ч удаа явж суралцсан. Алматыд дөрвөн жил, Нийгмийн ухааны академид гурван жил суралцсан. Нийгмийн ухааны чиглэлээр цол хамгаалж, найман жилийн дотор доктороо хамгаална гэтэл амждаггүй. 11 жилийн дараа доктор болсон. Тэгэхээр залууст хэлэхэд элдэв бэрхшээл, шалтаг тоочилгүй зорьсондоо хүрэх чухал. Намайг сургууль, номын мөр хөөж хоёр удаа гадагшаа явахад хөгшин маань ар гэр, үр хүүхдээ дааж явсан. Хөгшин маань нэгдүгээр төрөхийн эмч байсан юм. Сэтгүүлч, эмч хоёр танилцаж, айл болж төвхнөснөөс хойш ажил, амьдралын төлөө хамтдаа зүтгэсэн. Анх ганц өрөө байртай болж байсан бол түүнийгээ дөрвөн өрөө байраар сольж, хожоотой наймаа хийж байлаа. Тэндээ олуулаа бужигнаж хэсэгтээ явсан. Манайх хоёр охинтой. Одоо ач, зээ, зээнцэрээ үзэж улам л өнөр болж байна даа.
-Амьдрал хэцүү бас хатуу гэж хүн болгон ярьдаг. Тийм ч биз. Насны өндөрлөгөөс эргээд харж байхад, харамсах, эсвэл ингэх юм сан, ийм байхсан гэж хүсэх зүйл танд байна уу?
-Би амьдралаас хүссэн бүхнээ авсан, сэтгэл дүүрэн амьдарсан. Миний зорьсон, хүссэн бүхий л зүйл бүтэлтэй явж ирсэн. Тийм болохоор надад туулсан амьдралдаа харамсах, амьдралаас бас хүсэх зүйл алга. Хүссэн ажлаа хийлээ, гавьяа зүтгэлээ төр, засгаараа үнэлүүллээ, эрдмийн зэрэг, цол хамгааллаа. Түүний нөлөө, гэрэл гэгээ надад хангалттай туссан. Одоо гавьяаны амралтаа эдэлж,үр, ачаа тойруулаад сууж байгаа маань хамгийн сайхан аз жаргал. Сүүлийн жилүүдэд том охин маань намайг харж асарч байгаа. Бие жаахан тааруу байсан бол энэ намраас овоо байна.
-Ач, зээ нартаа хэр номлол айлдаж байна?
-Буруу юм хийвэл хэлнэ. Хичээл тасалж болохгүй гээд сургалгүй яахав. Өвөө мэдчихдэг юм байна гэж боддог шиг байгаа юм, тэгээд хичээдэг ч биз. Давгүй яваад л байдаг юм.
-Үеийн хөгшчүүлтэйгээ хамт гадаа сууж яриа хөөрөө өрнүүлдэг байх. Ямар сэдвээр ярьж байна, нийгмийн асуудлууд хэр хөндөгдөж байх юм?
-Хөгшчүүлийн яриа, мах сүүний үнээс эхэлж байгаа юм. Үнэ дэндүү өсч байна. Ерөнхий сайд өөрийгөө “Би зохицуулагчийн үүрэгтэй” гэж байсан шиг уг нь зохицуулдаг юм чинь энэ шүү дээ. Түүнээс биш тэнд байгаа хэдэн сайдыг зохицуулж албан тушаал хуваарилах юу ч биш. Ард түмэндээ мах, сүү, талхных нь үнийг зохицуулж өгөх хэрэгтэй. Монголбанкны Ерөнхийлөгч инфляц нэг оронтой тоонд шилжиж байгаа, он дуусахад бараг бүх зүйл болчихно гэсэн утгатай юм яриад байсан. Хөгшчүүл хууртахгүй шүү дээ, худал ярьж байна гэж л дүгнэж суугаа. Угаасаа худал ярьж байгаа нь мэдрэгдээд байгаа юм чинь.
-“Ам.долларын ханш өссөн ч, өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй” гэж Ерөнхий сайд хэлснийг та дуулсан байх. Түүнтэй санал нийлэх үү?
-Яалаа гэж санал нийлэх вэ. Ер нь санал нийлэх хүн ховордсон байна шүү. Албан тушаал хашиж байгаа хүмүүс худал ярих олширсон нь харамсалтай хэрэг. Ерөнхий сайд маань ер нь өөрийнх нь хэлснээр чардайгаад байдаг л хүн бололтой юм. Чадал нь хүрэхгүй байгаа юм болов уу даа. Зарим хүн “Нүүрсчин” гэж шүүмжилсэн байна лээ, Н.Алтанхуягийг. Тэр нь ч бараг оносон нэр юм шиг ээ. Түрүү жил Багануурын нүүрсийг хямд үнээр хот руу зөөлгөж байна л гэсэн. Энэ жил үргэлжилж байна. Зарим телевиз хагас хугас дурьдаад өнгөрсөн дөө, Багануурын нүүрсний уурхай Ерөнхий сайдын мэдэлд байдаг гэж. Үнэн бол өөрийнхөө нүүрсийг л тэгж борлуулж байгаа юм болов уу даа. Ингээд бодохоор тэр хүнийг Ерөнхий сайд гэж хэлэхэд хэцүү санагдана. Танхим нь хорь орчим сайдтай, яам тус бүрдээ хоёр дэд сайтай боллоо гээд л шуугиж байсан. Тэр арай хэтэрнэ. Би 2000 онд “Парламентын түрэмгийлэл” гэж бичиж байсан юм. УИХ-ын гишүүн сайд болж байгааг шүүмжилсэн. Н.Энхбаяр тэр үед сэтгүүлчдийг цуглуулаад “Парламентын түрэмгийлэл болоогүй, энэ бол цаг зуурын асуудал” гэж байсан. Тэр үед М.Энхсайханыг авч хаяж, дараа нь Ц.Элбэгдоржийг огцруулж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар ч тэдний араас бас л албан тушаалаасаа мултарч байсан үе шүү дээ. Р.Амаржаргал ухаантай хүн болохоор надтай уулзаж байлаа. Би хоёр л юмыг ил тод хэлсэн. Эхнийх нь Орост төлөх өрийг багасгах, дараагийнх нь улс төрийн намуудын дуу хоолойг сонсох тухай. Хожим Р.Амаржаргалтай сайн танил болсон. Сүүлийн үед “АН засаг бариад гаргасан алдааныхаа төлөө хариуцлага хүлээхгүй бол би УИХ-ын гишүүнээсээ огцоръё” гэж мэдэгдээд байгаа нь түүний зөв. Харин тэр асуудлаа Ховдын намын хороонд тавьж байгааг нь ойлгохгүй сууна, Р.Амаржаргал, Л.Гантөмөр хоёр өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар дүүргээс гарсан шүү дээ. Андуурах гэж баймгүй, тэгэхээр нэг зорилго байгаа юм байлгүй.
-Та бидний ярилцаж суугаа энэ үед Монголын томоохон улс төрийн хүчин МАН их хурлаа хийж байна. Энэ намын гишүүн, улс төрийн нам, түүний тогтолцоог олон жил судалсан хүний хувьд энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна?
-Намайг 1990-ээд онд энэ чиглэлд бичиж байхад МАН цөөнх болчихсон байсан. Одоо мөн байдал өөр болсон. Олонхийн байр сууриа алдчихлаа. З.Энхболд дарга тийм ааш авир гаргана гэж яаж мэдэх вэ. Төсөвөө МАН-ыг оролцуулалгүй нууцаар баталчихсан байна шүү дээ.Энэ төрийн жолоодлого биш, ёстой сэлүүргүй завь гээч л болчихоод байна.
-МАН-ын дотоодод намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөн хүчтэй өрнөж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өрсөлдөөн хүчтэй байх шиг байна. Даргыг гаргаж ирж байгаа аль нэг тал нь хүнээ зөв олох л чухал. Хоёр Энхболд нэр дэвшлээ гэсэн. Аль алинд нь туршлага бий. Генсекийн тухайд ч нэлээд ач холбогдол өгч байх шиг. Намын гал тогоо учраас анхаарахгүй байж болохгүй. Нэр дурьдагдаж байгаа Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарын аль нь ч чадалтай залуу боловсон хүчин. Д.Цогтбаатар Байгаль орчны сайдаар хэдхэн сар ажиллахдаа тэр салбарын цогц хуулийг батлуулсан. Ж.Сүхбаатар хүнийхээ хувьд ч, боловсон хүчний хувьд ч сайн залуу, намын гал тогоог аваад явж чадна.
-Н.Баганбанди гуайг Ерөнхийлөгч байхад туслах нь байсан Т.Аюурсайхан гэдэг залуу намын даргад нэр дэвшиж байгаа?
-Мэдэхгүй юм байна, таних ч үгүй.
-Нэг хэсэг нь “Ө.Энхтүвшингээс өөр нам аваад явчих хүн байхгүй тул суудалд нь үлдээе” гэдэг. Нөгөө хэсэг нь намаа сонгуульд ялагдуулсаны хариуцлагыг хүлээлгэх ёстой гэлцдэг. Энэ талцлын аль нь зөв бэ?
-Нам аваад явчих хүн гэдэг нь ортой үг байж магадгүй. Намын анхан шатны байгууллагуудаас тийм үг цухалзаж байна гэнэ лээ. Ер нь бол намын даргад туршлагатай хүн хэрэгтэй. Туршлагатай хүн бол багцлаад гаргачихсан бодлоготой, түүнийгээ олон түмнээр хэлэлцүүлж дүгнүүлж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, намын лидер ийм байх учиртай. Харин лидерийн хомсдол гэж ярьж байгаатай би санал нийлэхгүй. Лидерийг хаанаас ч олоод гаргаад тавьчихаж болно.
-Энэ намд лидер байна уу. Өш хонзон, өгөө аваа, өмч хөрөнгийн төлөөх томчуулын тэмцэл өрнөөд байгаа юм биш үү?
-Тэр үнэн. Үнэхээр өмч хөрөнгийн төлөөх тулаан явагдаж байгааг хэн хүнгүй харж байна. Хэвлэл, мэдээллээр цацагдаж байгаа мэдээллүүдийг харж байхад тийм бодол төрж байна.
-МАН-ын өнөөдрийг хүртэлх үйл явц намын нэр сольсонтой холбоотой. Удирдлагуудынх нь зүгээс “Нам нэрээ солиод ялагдвал хариуцлагыг би хүлээнэ” гэж мэдэгдэж байсан тэр үед танд юу бодогдож байв?
-Ингэж хэлж байдаг ёстой дүүрчихсэн хүн юм даа гэж бодсон. У.Хүрэлсүх тавьтаргүй хүн. Нэг хүний сэтгэл хөдлөлөөр нам буруу юм хийсэн. Нам хөдөлвөл 2000 онд л хөдөлж болох байсан. Сүүл рүүгээ цаг үе нь биш болсон. Гэхдээ сонгуулийн дүн яг яаж гарсаныг мэдэхгүй, ямар будлиан орсныг хэлж мэдэх биш дээ.
-Тэгвэл энэ намд цаашид ирээдүй байна уу?
-МАН-ын гишүүний хувьд намдаа найдлага тавиад хараад сууж байна. Ийм учраас одоогийн их хурал лидерээ зөв сонгож тавих хэрэгтэй. Учир мэдэхгүй нэгэн, сураг ч байхгүй залуус гарч ирээд хэрэггүй. Бужигнуулж чадах ч бүтээл муутай байх нь ойлгомжтой. Нам гэдэг барж идэх “хоол” биш.
-МАХН-ын тухайд та юу хэлэх вэ?
-Тэр бол нийгмийн, улс төрийн нэг л үзэгдэл. Юм, юм л бий байх. Харин тэдний тавьж байгаа асуудалд буруу юм байхгүй.
-Хоёр нам нэгдэх болов уу?
-Нэгдэх асуудал байх ёстой. Байх, байхдаа магадгүй Н.Энхбаярыгаа эргүүлээд намын даргаар тавих хувилбар бий. Өнгөрсөн хугацаанд МАН ямар үедээ цөөнх байв, хэрхэн өндийж ирэв гэдгээ эргэж харах ёстой. Эрч хүчтэй дарга манай намд үгүйлэгдэж байна.
-Ингэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж бужигнаж, түүнийг тойрсон үйл явдал жил тойрлоо.Суллагдаад удаагүй байна. Та тэр үйл явлдын талаар юу бодож суув?
-Тэр ер нь их заваан юм болсон. Нэг хүнийг баривчлахдаа 500 цагдаа авч очоод сүр бадруулаад байхдаа яахав дээ. Тэр үймээнээс би арчаагүй засгийн дүр төрхийг олж харсан. Хуулийн байгууллагууд, Авлигатай тэмцэх газар төрийн өндөрлөгийн дохио, зангаагаар ажиллаж байна. Нэг хэсэг Б.Хурцыг эрэн сурвалжилсан. Тэр эргэж ирээд яаж өш, хонзон санаж байгааг бүү мэд. МАН-ын хэдэн гишүүн ар араасаа явах нь л дээ. Ё.Отгонбаяраас эхлээд зөндөө л хүмүүсийг дуудаж байцааж “аав”-ынд аваачих нь л дээ. Төрийн өндөрлөгүүд, намын лидерүүд нийлээд элдэв юм зохиогоод байх шиг санагддаг
-Сүүлийн үед С.Баярын нэр МАН-ын даргад дуулдаж байсан. Тэр лидер мөн үү?
-Далд утгаар яригдаж байх шиг билээ. Гэхдээ тэр лидер биш. Яахав, хоёр намыг нэгтгэж засаг барьсан зурвас үе түүнд бий. Тэр түүхэнд сонин үзэгдэл хэдий ч эхнээсээ явцгүй зүйл байсан.
-Одоо ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. АН-ын боловсон хүчин тааруу байгааг хийж байгаа ажлаас нь хараад хүмүүс хэлдэг. Өөрсдөө ч хийж байгаа ажлаараа ямархуу чадвартайгаа харуулдаг. Шинэчлэлийн Засгийн газарт та ер нь ямар дүн тавих вэ?
-“Шинэчлэлийн Засгийн газар” гэж нэг их сайхан нэр өөрсдөдөө өгсөн байна лээ. Тийм нэр өгөх хэрэг байсан юм уу, бодох л асуудал. Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд шууд бүх зүйлийг шинэчилчихлээ гэж харагдсангүй. Хүнээр бол энэ засгийн малгай нь томдсон юм уу даа. Шинэчлэл иргэн Лигдэн надад ер мэдрэгдэхгүй байна. Юмны үнэ тэнгэрт хадсан. Энэ засгийн тэргүүн тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх юм болов уу гэж бодож суухаас өөр зүйл бидэнд анзаардагдсангүй. Юмны үнийг дор дор нь шинэчлээд нэмээд байгаа юмуу. Бид өглөө бүр сүү, мах талх, худалдаж авахдаа үнийн нэмэгдлийг мэдэрч байна. “Эртэч Монгол” гэж санаа гаргаад ажлыг 8.00 цагт эхлүүлээд, дарга нартайгаа уулзаад явдаг болчихож. Энэ шинэчлэл биш. Хөдөөнийхөн цөм энэ “эртэч Монгол” бодлогыг үе дамжин хэрэгжүүлж ирсэн. Зусланд ч гэсэн айл бүр эртэч маягаар ажиллаж, амьдардаг хэвээрээ байгаа шүү. Энэ бол эргэлт биш юм. Малчдаас сурах юм их бий. Төрд очоогүй төрийн бус бодлого малчдын цээжинд л байна.
-Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд төрийн албан хаагчдын тоог бууруулна гэсэн атлаа өдгөө яам, агентлагийн тоог нэмж, дарга, сайдын тоог нэмлээ. Данхайсан бүтэцтэй боллоо гэж шүүмжлүүлж байгаа?
-100 ямаанд 60 ухна гэгчээр л юм болоод байна. Олон дарга байлаа гээд төрийн мөнгө урссан уу гэхээс биш ард түмний аж амьдрал сайжрахгүй шүү дээ.
-Бидний өвөг дээдэс хэдэн мянган жилийн өмнөөс л малаа адгуулж ирсэн. Таван хошуу малынхаа шим, буянаар монголчууд өдий зэрэгтэй аж төрж байна. Тэдэнд заавал “Малчин” энгэрийн тэмдэг олгох шаардлага байна уу?
-Тэр тааруухан ажил юм даа. Үүний өмнө нь малыг ээмэгжүүлэх ажил хийлээ. Энэ бол байж болох асуудал. Малчдыг тэмдэгжүүлснээр өмнө нь байсан малчид юу болж таарах уу. Олсон хэдэн төгрөгөө яаж барах вэ гэж байгаа юм шиг л санагдлаа.
-Та хэрэв Ерөнхий сайд байсан бол ингэж ажиллах байлаа гэсэн бодол төрж байсан уу?
-Наадах чинь хүнд сэдэв байна. Би Ерөнхий сайд байсан бол гэж огт бодож байгаагүй юм байна. Харин үе үеийн Ерөнхий сайд нартай уулзаж үгийг нь дуулж, ярилцаж байснаас биш өөр санаа төрж байсангүй.
-Сүүлийн үеийн хүмүүс чинээлэг амьдрах гэж бүх зүйлийг орхиж тэмүүлдэг болж. Монголчууд таван ханатай гэртээ хүүхдүүдээ өсгөөд болоод л байсан. Одоо гэр бүлийн гишүүний тоогоор машинтай, тансаг байшинтай, өндөр алба хаших гэж зүтгэдэг болж. Насны өндөрлөгөөс харж байхад хүний амьдралын утга учир юунд орших юм бэ?
-Даварсан үйлдэл гэж наадахыг чинь хэлнэ. Монголчууд тансаглалд дуртай болжээ. Би түрүүн хэлсэн дээ, өөрийн туулсан амьдралдаа сэтгэл хангалуун явдаг гэж. Хийхээр зорьсон ажлуудаа сэтгэл амар бүтээлээ. Хүн зорилготой амьдарч, түүнийгээ бүтээхэд л болно доо.
-Туулж өнгөрүүлсэн он жилүүдийг тунгаавал сэтгүүлзүйгээс та юуг амсч, эдлэв?
-Олон жил сэтгүүл зүйгээр хоолоо олж идлээ. Анх 1944 онд байхаа “Пионерийн үнэн” сонинд хүүхдийн тухай өгүүлэл нийтлээд Г.Дэлэг гуайгаас “Идэвхтэн бичигч”-ийн үнэмлэх гардаж байхдаа их баярласан. Намын төв институт гэж байсан. Төв хороонд ажиллаж байлаа. Лувсанцэрэн гэж философийнх хэрнээ бичгийн эрдэм сайтай, найруулга зүйтэй бичдэг, хэллэг сайтай хүн байсан. Тэр миний анхны багш.
Анх Хэнтий аймгийн Баянмөнх суманд найман настай сургуульд орж төгсөөд, аймгийн дунд сургуульд сурахаар тавдугаар ангид дэвшиж байсан. Тавдугаар ангид байхад ээж минь, “Миний хүү мал маллаж чадахгүй, номын хүн болох юм байна” гэж байсан. 1943 онд ээж минь их залуудаа өөд болсон доо. Би 1944 онд хөдөө гарсан. 1944 оны мичин жилийн зуднаар “Под” нэртэй тарган азарга, уургийн цагаан морьтойгоо хойд эцгийнхээ хамт хөдөө гарсан юм. 1945 оны намар Гэгээрлийн яамны тушаал гарч бага сургуулийн багш болсон. Удалгүй цэрэгт татагдаж Цэргийн ерөнхий сургуульд гурван жил алба хаасан. Нутагтаа буцаж ирээд аймгийн намын хороонд зааварлагчаар ажиллаж байгаад Намын дээдийн бэлтгэл ангид орсон. Сүүлд Мэдээлэл радиод ажиллаж байгаад Намын төв хороонд зааварлагчаар ажилласан. Дундуур нь Алмата руу сургуульд явсан. Монцамэ-гийн нэр дээр сэтгүүлчийн сургуульд явахаар бэлтгэж байтал Намын төв хорооноос дуудсан. Очтол Алматы руу сургуульд явна гэсэн. Ингэж л би сэтгүүл зүйн хүн болсон доо. Эрдэмтэй хүмүүсийн хажууд байсан учраас 1950-иад онд докторын зэрэг хамгаалсан. 1980-аад оноос сэтгүүл зүйн гал тогоонд орж ажиллах болсон. 1990 онд “Ардын эрх” сонины эрхлэгч болсон. 1993 онд “Ардын эрх” сонины ажлаа Ц.Балдорж эрхлэгчид хүлээлгэж өгсөн. Тэд ч намайг зүгээр явуулаагүй хэсэг хамт ажилласан. 1998 онд тогтоол гарч “Өнөөдөр” сонинд гурван жил, “Зууны мэдээ” сонинд 2000 оноос мөн гурван жил ажилласан. Удалгүй Байгаль орчны сайдын зөвлөх болооч гэсэн санал ирсэн. Тэгээд удалгүй гавьяаны амралтаа авсан.
Лийгээ эрхлэгчтэйгээ бид ийнхүү хуучиллаа. Мэдээлэл дунд бужигнаж яваа биднээс ч илүү цаг үеийн мэдээллийг авч байдаг нь азаарагдсан. Тэрээр биднийг гарахад үдэж өгөөд “Хүүхдүүд ажлаа сайн хийгээрэй” хэмээн үлдлээ.