С.УЯНГА
Тавантолгой-Сайншанд чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн ажлын бүтээн байгуулалтад оролцох цэргүүд мэргэшиж эхлээд хоёр сар гаруй болж байна. “Монголын төмөр зам” компаниас ирүүлсэн захиалгын дагуу шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцох БХИС-ийн Ахлагч бэлтгэх төвийн 110 сонсогч, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 15 байлдагчийг Налайх дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр мэргэшүүлж байгаа юм. Тэгвэл сар гаруй хугацааны дараа төгсч, төмөр зам барих цэргүүдийн хичээлийн явцыг сонирхсон юм. Төмөр зам барих цэргүүд буюу боловсон хүчин бэлтгэх ажлыг Хөдөлмөрийн яам хариуцаж байгаагийн хувьд Батлан хамгаалах яамтай хамтран материаллаг бааз сайтай мэргэжил сургалтын хэд хэдэн төв дээр цэргүүдийг бэлтгэж байгаа юм.
Сонсогчид болон хугацаат цэргийн албан хаагчид таван ээлжээр долоон хоногийн зургаан өдөр найман цагаар хичээллэдэг байна. Өнгөрсөн хугацаанд суурь хичээлээ судалж дуусаад мэргэших шатандаа явж байгаа гэнэ. Цэргүүд ирэх сарын 15-нд төгсөх учраас шалгалт, дадлага гээд завгүй байлаа. Сургалтын талаар Налайх дахь МСҮТ-ийн арга зүйч О.Гибрат “Цэргүүд хичээлийнхээ 50 хувийг бүрэн судалсан.Мэргэших чиглэлийн хичээлийг сургуулийн дадлагын байранд орж байна. Хэдийгээр богино хугацааных ч гэсэн боломжийн сайн сурч байна” гэлээ.
Төмөр зам барих цэргүүд ч үндсэн мэргэжлээсээ гадна давхар хүнд машин механизмын мэргэжлээр төгсөх болсондоо олзуурхаж байгаагаа хэлж байсан юм. Цэргүүдээс хэрхэн суралцаж байгаа талаарх сэтгэгдлийг сонссон юм.
МӨРӨӨДӨЛ МААНЬ БИЕЛЖ БАЙНА
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байлдагч О.Сүххуяг:
-Налайхаас цэргийн албанд татагдаж ирсэн. Хүнд машин механизмын засварын мэргэжил эзэмшиж байна. Ер нь том техниктэй ажиллах талын бүхий л мэдлэг чадварыг эзэмшиж байна. Багш нар ч хичээлийг ойлгомжтой сайхан заадаг учраас улам л сонирхолтой болж, өөр олон зүйл сурахыг хүсч байна. Би багаасаа цэргийн хүн болох хүсэлтэй байсан ч Батлан хамгаалах их сургуульд орж чадаагүй. Тэгээд мөрөөдлөө биелүүлэхийн тулд цэрэгт явсан. Ур чадвар, бие бялдараас гадна цаашид армид ажиллах чин хүсэлтэй цэргүүдийг сонгож авсан гэж бодож байгаа. Тиймээс миний мөрөөдөл биелж, давхар мэргэжилтэй болж байна.
ХОС МЭРГЭЖИЛТЭЙ БОЛЛОО
Ахлагч бэлтгэх төвийн сонсогч А.Энхболд:
-Сүхбаатар аймгаас Ахлагч бэлтгэх төвд суралцахаар ирсэн. Анх буудагч мэргэжлээр төгсөхөөр ирсэн. Харин одоо давхар мэргэжлээр төгсөх гэж байгаадаа баяртай байгаа. Манай гэр бүлийнхэн ч гэсэн маш их баярлаж байгаа. Суралцаж байгаа цэргүүд бодит юм шиг синлатар дээр ажилладаг учраас техник дээр ажилласнаас өөрцгүй. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцохоос гадна буудагч мэргэжлээрээ давхар сурч ажиллана гэж бодож байгаа.
Хүнд машин механизмын чиглэлээр сурч байгаа цэргүүдэд хамгийн чухал мэдлэг болох Хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны 18 цагийн хичээлийг орж дууссан. Хичээлээр ажилд гарахаас өмнө өөрийн болон бусдын техникийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, осол аваараас хамгаалах гээд анхан шатны техникийн аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэг чадварыг олгосон учраас ажил дээр гараад айлтгүй гэдгийг Г.Чулуунбаатар багш хэлж байлаа.
Мөн удахгүй болох цэрэг татлагатай холбогдуулан хугацаат цэргийн албан хаагчдаас төмөр зарим барих цэргүүдийг мэргэшүүлэх гэнэ. Харин хаанахын цэргийн ангиас хэдэн цэрэг мэргэшүүлэхийг Батлан хамгаалах яам шийдвэрлэж Хөдөлмөрийн яам боловсон хүчнийг үргэлжлүүлэн сургах юм байна.
Монголын төмөр зам” компаниас шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцох эхний ээлжинд найман мэргэжлээр 3362 хүний захиалга ирүүлсэн. Үүнээс техникчийн түвшний 216 мэргэжилтэй ажилтныг төгсөгчдөөс ажиллуулах, 545 туслах ажилтныг мэргэшүүлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд үлдсэн 2601 цэргийн алба хаагчийг таван мэргэжлээр сургаж мэргэшүүлэхээр Хөдөлмөрийн яам сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж батлуулаад байгаа юм
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин