Ж.ЦОГ

С.УЯНГА

Хүнсний аюулгүй байдал харанга дэлдэж буй энэ үед АНУ-д тэргүүлэгч тахианы мах бэлтгэдэг “Foster Farms” фермийн бүтээгдэхүүнээс салмонелла хэмээх гэдэсний савханцрын нян илэрснийг “Лос Анжелос таймс” сонин энэ сарын 11-нд мэдээллээ. Тус улсын Нийтийн эрх ашгийн төлөөх шинжлэх ухааны төвийн хоол хүнсний аюулгүй байдлын хэлтсийн захирал Каролин Смит Дэ Вол “Энэ бол шинэ төрлийн гэдэсний савханцрын нян. Өвчлүүлэх хүч нь ч их. Энэ нян нь фермийн амьтдад антибиотик тарихад бие мах бод хувиралд орсноор өөрлөгдөн үүсч байгаа юм” гэжээ.

Салмонелла Хэйделбергийн энэхүү савханцрын нянгаар өнгөрсөн тавдугаар сараас хойш 18 улсад нийт 300 гаруй хүн өвчилсөн мэдээлэл бий. Иймд АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас “Foster Farms”-ийг фермээ хаахыг шаардаад байна. Гэвч тус яамнаас зах зээлд нийлүүлэгдсэн эдгээр тахианы махыг буцаан татах шийдвэр гаргаагүй аж. Тэд тус фермийн тахианы махыг хамгийн багадаа 165 фаренгейтийн хэмд чанаж болгож идэх учраас эрүүл мэндэд хоргүй гэж тооцоолжээ. Харин “Kroger Co.,” хэмээх тус улсын хүнсний томоохон сүлжээ дэлгүүр “Foster Farms”-ийн фермийн тахианы махыг хэдийнэ буцаан татаж эхэлжээ. Түүнчлэн дэлхийн хүнсний томоохон сүлжээ болох “Costco” ч “Foster Farms”-аас авч зах зээлд нийлүүлсэн тахианы махан бүтээгдэхүүнээ эргүүлэн татах ажиллагаагаа идэвхжүүлсэн байна. Тэд Вашингтон мужийн Кинг каунти дахь Кирклэнд хот дахь нийт 13455 нэгжээс энэхүү тахианы махыг буцаан татах төлөвлөгөөтэй байгаа юм. “Foster Farms” фермийн албан тушаалтнууд ярилцлага өгөөгүй ч тус компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Рон Фостер энэхүү үйлдэлдээ уучлал хүссэн мэдэгдэл бичсэн байна.

 

Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Г.Элдэв-Очироос тодрууллаа.

 

-Америкт илэрсэн нян тахианы махны импортод нөлөөлж байгаа юу?

-Манай улсын таван компани Америкаас тахианы мах импортолдог.Гэхдээ тус  компаниудын бүтээгдэхүүний дээжийг шинжилсэн ч нян илрээгүй. Тиймээс тахианы махны импортыг зогсоох шаардлагагүй гэж үзэж байна. Салмонелла гэх энэхүү нянгаар тус улсын 15 мужид 278 хүн өвчилсөн мэдээлэл байгаа. Одоогоор аль ч улсад нян тархаагүй  гэсэн.

-Энэ нян хүнд яаж нөлөөлдөг юм бол. Сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч байна?

-Манай байгууллага өвчлөлийн талаарх мэдээллийг судалж байна. Мөн  Америкийн Элчин сайдын яамнаас цаг алдалгүй мэдээлэл авч байгаа. Тахианы мах импортлогч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт байнга хийж сэрэмжлүүлэг өгч байна. Тухайн нөхцлөөсөө шалтгаалаад  дараагийнхаа арга хэмжээг авна.