НИТХ-ын ээлжит бус VII чуулганаар өчигдөр “Аюулгүй хот” төслийг хэлэлцүүлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар завсарлалаа. Энэ талаар НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга С.Ононбаяраас тодрууллаа.
-НИТХ-ын ээлжит бус чуулган болох байсан ч хойшиллоо. Юунаас болов?
-Ээлжит бус чуулганаар “Аюулгүй хот” төсөл, Улаанбаатар хотыг бүрэн камержуулах тухай асуудал орж ирснийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл татаад авчихлаа. Тиймээс чуулган хуралдсангүй.
-Танай бүлэг энэ асуудлаар ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Манай бүлэг төслийг бодлогын хувьд зөв гэж үзэж байгаа. Камержуулснаар ямар үр дүн гарах вэ гэвэл, АСЕМ-аас эхлээд аюулгүй хотын асуудлыг ярьж шийдвэрлэх нь зүйтэй юм. Харин хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ, яаж эргэн төлөх вэ гэдэгт бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, зардлыг хүү, торгуулиас нөхөх боломж бий гэж тайлбарлаад байгаа. Нийслэл 2015 онд нэг сая ам.доллар буюу хоёр тэрбум орчим төгрөгийг хүү,торгуулиас олж байсан юм байна. 2016 онд зургаан сая ам.доллар буюу арав гаруй тэрбум төгрөг олох тооцоо гаргасан байна лээ. Хэдийгээр ийм орлого бүрдүүлж болох ч тэр нь эргээд иргэдийн нуруун дээр ачаа болно шүү дээ. Нөгөө талаар, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахгүйгээр шууд оруулж ирж байгаа нь хууль зөрчиж байна. Тиймээс цаашид энэ асуудлаар манай бүлэг байр сууриа илэрхийлж ажиллана.
-Шаардлага тавина гэсэн үг үү?
-Та бүхэн мэдэж байгаа. 2016 оны нийслэлийн төсөв хүндхэн гарсан. Тиймээс төслийн зардлыг эргэж хар, сайн судал. Ингэхгүй бол хүү, торгуулийн асуудал шууд иргэдийн халаас руу орж байна шүү гэдгийг анхааруулж байгаа. Өнөөдөр иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Хотыг камержуулах төслийн зардал иргэдийн халааснаас гарах гээд байгаа учраас “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит бус чуулганд хяналт тавьж оролцсон. Тодорхой асуудлуудыг шат дараатай тавихаар бэлдсэн байсан ч чуулган хуралдсангүй.
-Төслийг ямар компани хэрэгжүүлэх вэ?
-Дэлхийн 100 гаруй хотод камержуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн Хятадын 100 хувийн төрийн өмчит компани юм билээ. Энэ компани давуу эрхтэйгээр гэрээ хийж байгаа юм байна. Энэ нь Шударга өрсөлдөөний тухай хуулиас эхлээд олон хууль, журмыг зөрчиж байна.
-Камержуулах төсөл ямар хугацаанд яригдсан бэ?
-Энэ асуудал маш богино хугацаанд орж ирсэн. Миний ойлгосноор Тэргүүлэгчдийн хурлаар өнгөрсөн сарын 29-нд орсон юм билээ. Тэгэхээр ердөө 14-хөн хоногийн хугацаанд энэ асуудлыг шийдэж байгаа нь байж боломгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин