Ш.Үнэнтөгс Dr.Sc/PhD

Үндсэн хуулийн цэцийн даргыг илт хууль бус, Үндсэн хуулийн бус аргаар огцруулж байгаа нь 1990 оноос эхэлсэн Ардчилсан чиг баримжаатай улсын Төрийн байгууламжаа санаатайгаар нураан унагааж буй үйлдэл, эс үйлдэл мөн.

Төрийн эрх мэдэл хуваарилалт, түүний тэнцвэрийг хянан балансжуулах цор ганц үүрэгтэнээ  ийм хялбархан гэгч, хэн нэгэнд захидал явуулсан гээд татаад унагачиж байгаа нь үндсэндээ том утгаараа Монголын Төр институт-байгууламжийн хувьд оршин тогтнохоо болиход хууль зүйн агуулгаараа боломжтой болсон гэсэн үг.

Үүнийг хэлэх шалтгаан нь хувь хүний фактор хамаагүй бөгөөд Үндсэн хуулийн үндсэн бүтцийн ерөнхий онолын хүрээ хязгаарт хамааруулан ойлговол зохино.

Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд-Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хууль бус үйлдлийг хазаарлан тас цохих функцээ Хяналт тавиулдаг нөгөө хэд нь хамтраад нухчив.

Энэ ямар зүйлийн эхлэл, бэлтгэл ажил юм бүү мэд, тун их эргэлзээтэй!

Холын бус ойрхны жишээ татахад, 1919 оны арваннэгдүгээр сарын 17-нд Богд хаант Монгол Улсын Автономитын эрхийг Монголын ихэс ноёд өөрсдөө санаачлан Улсын Дээд Хурлаараа хэлэлцэн татан буулгаж устгаад, Хятадын Анфу бүлэглэлийн хулгай генерал Сү Шү Жанг цэрэгтэй нь урьж авчирч байсан.

Энэ мэт улс орны минь хувь заяа, эрх ашгийг хөндсөн ноцтой зүйл Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд-Засгийн газрын аль нэг нь үйлдэхэд хэн яяналт тавьж, зоригтойгоор хоншоорыг нь тас цохиж чадах юм бэ?

Эцэст нь хэлэхэд, Цэцийн дарга хэн байх нь ямар ч хамаагүй, энд хувь хүний фактор хамааралгүй, харин Монголын төрийн институт-байгууламж нуран унаж буйг хэллээ.