
Р.ОЮУН
Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяатай ярилцлаа.
-Аймгийн хэмжээнд ямар өвчин зонхилон тохиолдож байна вэ. Түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж байна?
-Манай аймагт зүрх судас, амьсгалын зам, шээс бэлгийн замын өвчин давамгайлж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар засмал зам тавигдсантай холбоотой осол, гэмтэл их гарч байгаа. Ослоос болж газар дээрээ нас барах, осол гэмтлийн нас баралт ихэссэн. Хавдрын өвчлөлөөр өндөр аймгийн тоонд ордог. Улсын хэмжээгээр Булган элэгний хорт хавдраар нэлээд анхаарал татсан аймгийн тоонд ордог. Хавдар өвчнийг бууруулах, үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Сүүлийн таван жил Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн үйл ажиллагаануудыг явуулсан байгаа. “Хаан банк сан” санхүүжүүлээд Хавдар судлалын үндэсний төвд хамрагдаад “Хавдрын эсрэг хамтдаа” аяныг Булган аймагт гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
-Танай аймагт эхийн эндэгдэл болон төрөх эмнэлэг нэлээд асуудалтай гэж яригддаг. Төрөх эхчүүдээ Эрдэнэт, Дархан руу явуулдаг юм уу?
-Аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд төрөх тасгийн эмч нар сайн ажилладаг. Сүүлийн долоон жил манай аймаг эхийн эндэгдэлгүй явж ирсэн ч 2011 онд нэг эндэгдэл гарсан. 2013 оны эхний есөн сарын байдлаар эхийн эндэгдэлгүй байгаа. Бидний хувьд онцгой анхаарал татаж байгаа асуудал бол Эрүүл мэндийн сайдын тушаал гарсантай холбогдуулаад эхчүүд аймгийн төвд ирж төрдөг. Суманд төрөлт бага байгаа. Жилд 1100-1200 гаруй ээж төрдөг. Үүний 700-800 нь аймгийн төвд ирж амарждаг. Төрөх тасгийн хүчин чадал муу байсан. 2010 онд С.Ламбаа сайд орон нутагт ирж хөрөнгийн асуудлыг тухайн үед нэг тэрбум 500 сая төгрөгөөр шийдэж өгсөн. Булган аймагт 50 ортой төрөх тасаг барьж байгаа ч хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор ашиглалтад ороогүй байгаа. Гэхдээ арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэсэн гэрээ байгуулаад явж байна. Манай аймгийн хувьд онцгой анхаарал татсан нэг зүйл бол 0-7 хоногтой нярайн эндэгдэл өндөр байдаг. Үүнд Эрүүл мэндийн яам бодлогоороо, дээрээс нь Хүүхдийн эрүүл мэндийн төв онцгой анхаарал хандуулаад зайн оношлогооны төвийн тоног төхөөрөмжийг авчирч байгууллаа. Эмч нараа дадлагажуулж сургасан, мөн НҮБ-ын санхүүжилтээр 100 сая төгрөгийн аппарат, тоног төхөөрөмжийг суурилуулсан. Зайн оношлогоотой болохтой холбогдуулаад ийм сайхан тоног төхөөрөмжтэй болсон болохоор хүүхдийн өвчлөл, жирэмсэн эхчүүдийн хяналт сайжирна гэж бодож байна.
-Оношлогооны төвийг танай аймагт байгуулж амжаагүй. Тиймээс иргэд Эрдэнэт рүү явж үзүүлэхэд хүндрэлтэй байдаг талаар ярьж байсан. Энэ асуудал шийдэгдэх боломжтой юу?
-Манайх Орхон аймгийн бүсийн оношлогооны үйлчилгээний төвтэй 60 км-ийн зайтай байдаг болохоор ороогүй. Аймгийн Засаг дарга Ерөнхий сайдад уламжлал тавьсны үндсэн дээр хоёр тэрбум төгрөгийн аппарат, тоног төхөөрөмжийг манай аймагт шийдвэрлэнэ гэсэн байгаа. Хэрэв энэ тоног төхөөрөмж шийдвэрлэгдээд ирвэл иргэдэд хүрсэн ээлтэй үйлчилгээ болох юм. Үнэхээр эмзэг бүлгийн, амьдрал хүнд хүмүүс тэр бүр Эрдэнэт, Улаанбаатар руу очиж оношлуулахад хэцүү байдаг. Дээр нь Бүсийн оношлогооны төвийнхөн “Манайх Бүсийн оношлогооны төв нэртэй ч өнөөдрийн байдлаар санхүүжилт нь Бүсийн оношлогооны төвийн хэмжээнд биш зөвхөн аймгийн хүрээнд байдаг учраас бидэнд хүндрэлтэй байна” гэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. Манай аймагт Бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулахад эмч нар маань чадварлаг, залуу боловсон хүчин бэлтгэгдэж ирсэн. Сувилагч нарын хувьд ч гэсэн их чадварлаг, аймгийн нэгдсэн эмнэлгийн судалгааны алба бол их сайн ажилладаг. Мөн залуу, чадварлаг, бакалаврын зэрэгтэй эмч нар ажиллаж байгаа болохоор болно гэж боддог.
-Өнөөдөр танай газарт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Нэгдсэн эмнэлгийн яаралтай, гамшгийн үеийн тасгийн тоног төхөөрөмж бэрхшээлтэй байгаа. Мөн энэ тасаг байр байшингүй учраас энэ тусламжийг үзүүлэхэд хэцүү. Осол гарахад бүрэн тоноглогдсон иж бүрэн машингүй. Тиймээс эмнэлгийн тусламж цаг алдах, олон осол гарсан тохиолдолд ганцхан “УАЗ-469” машинтай нь хүндрэлтэй. Тиймээс бид олон улсын нэлээд хэдэн байгууллага руу төсөл явуулсан болохоор 2-3 жилийн дараа шийдэгддэг юм билээ. Мөн энэ асуудлыг яаманд ч гэсэн байнга тавьдаг.