Б.ЭНХЗАЯА

УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлагаар 2010 оноос барьж эхэлсэн 1000 оюутны байрыг энэ намар ашиглалтад оруулахаар өнгөрсөн зунжин зарласан. Гэвч одоо хүртэл оюутнаа хүлээж аваагүй, ханхайсан хоёр барилга нийслэлийн төвд сүндэрлэсээр. Үүдээ нээхийг хүлээсэн оюутнууд энд тэнд ах дүүгийндээ болон түрээсийн байранд хоног төөрүүлэн, төлбөрийнхөө хэдэн төгрөгөө барж явна. Өнгөрсөн хавраас захиалга авч хичээл эхлэхэд жигдэрнэ гэсэн байр одоо ч таг чиг. Найм, ес, аравдугаар сар бүтэн өнгөрөхөд албаныхан ашиглалтад орох болоогүй гэж мэдэгдсээр байна. Тиймээс оюутны байр хэзээ ашиглалтад орох боломжтой, ямар асуудал үүсээд байгааг сурвалжиллаа.

Шинэ байр Арслантай гүүрний дэргэд оюутнуудын хуучин байрнуудын дунд боссон. Улсын төсвөөс 4.5 тэрбум төгрөгийн өртөгөөр боссон байр А, Б гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Барилгын ажлыг “Хан хөхий”, “Хөвсгөл геологи” компани тус тусдаа гүйтэтгэж байна.

Гаднаас нь харахад байр аль хэдийнэ бос­чихож. “Хөвсгөл геологи” компанийн хариуцсан Б байр ашиглалтад ороход бэлэн болжээ. Харин А байр нь дотоод засал чимэглэл, монтажаа хийж байна. Ажилчдын хэлж буйгаар байрыг дулаан, цахилгаан, цэвэр усыг нь холбож өгөхгүй байгаагаас ашиглалтад оруулах боломжгүй болжээ. Байранд дулаан, цахилгааныг нь холбож болох ч цэвэр усанд холбоход шугам сүлжээ нь ачааллаа дийлэхгүй байгаа гэнэ. Өмнө нь хэд хэдэн удаа цэвэр усанд холбосон ч хоолой нь хагарчээ. Бусад зүйлийн хувьд жин тан болж оюутнуудаа хүлээн авахад бэлэн гэв. Оюутнууд өдөр бүр байранд ирж хэзээ орох боломжтойгоо лавлаж байна. Гэвч тэдэнд барилгын компанийн ажилчид шийдтэй хариу хэлж чадахгүй байна. Харин хариуцсан албаны хүмүүс байранд хааяа ирдэг аж. Дулааны шугам сүлжээ нь ачааллаа дийлэхгүй байгааг өнгөрсөн баасан гаригт албаны хүмүүс ирж үзэж хараад явжээ. Энэ талаар МОХ-ны олон нийттэй харилцах мэргэжилтэн  Э.Батжаргалаас тодруулахад “Барилга гүйцэтгэгч компани болон МОХ-ноос хариуцсан бүхий л ажлаа хийчихсэн. Манай зүгээс сургуулиудын оюутны квотоо гаргаж, өрөөнүүдийг тохижуулчихсан. Гэтэл БШУЯ-ны Барилга захиалагчийн албанаас улсын комисс оруулж өгөхгүй байна. Тэд цахилгаан, дулаан, усанд холбогдох мөнгө төгрөгийг нь төлөөгүй юм билээ” хэмээн шугам сүлжээ ачааллаа дийлэхгүй байгаа гэснийг үгүйсгэлээ. Энэ талаар МОХ-ноос салбарын яамтайгаа удаа дараа уулзаж хэлэлцсэн гэнэ. Хамгийн сүүлд уржигдар ярилцахад, ирэх сарын 1, 2-ны үеэр ашиглалтад оруулна гэж яамны Барилга захиалагчийн ажлын албанаас мэдэгджээ.