Ч.ГАНТУЛГА     

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн зарим газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах тухай хэлэлцэж байгаа аж. Энэ тухай А хэсгийн хамгаалалтын мэргэжилтэн Э.Цэцэгмаатай ярилцлаа.

-Говийн их дархан цаазат газрын А хэсэг аль нутаг дэвсгэрийг хамардаг вэ?

-Баянхонгор, Говь-Алтай аймгийн таван сумын нутгийг хамардаг. 1990 онд Юнескогийн шийдвэрээр олон улсын шим мандалт газрын бүрэлдэхүүнд бүртгэгдсэн. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий дурсгалт газар . Монголын дархан цаазат газруудаас хэмжээний хувьд хамгийн томд тооцогддог.

-Энэ газрын зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалтаас хасна гэсэн мэдээлэл байсан?

-Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт сум говийн их дархан цаазат газрын онцгой бүст багтдаг. Энд “Талын мэлтэс”, “Хатан суудал” гэсэн алт, хүдрийн илрэл нутаг бий. Энэ шалтгааны улмаас өмнөх засгийн газрын үед тусгай хамгаалалтаас хасна гэсэн шийдвэр гарч байсныг нутгийн ард иргэд, засаг захиргааныхан эсэргүүцэж болиулсан. Харин энэ Засгийн газрын зүгээс энэ сарын 14-нд “Энэ бүс нутгийг тусгай хамгаалалтаас хасахаар Засгийн газар ярилцаж байна, санал бодлоо ирүүлнэ үү” гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан.

-Та бүхэн хүсэлтийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид эсэргүүцсэн санал явуулсан. Учир нь “Хатан суудал” бол мазаалайн өлгий нутаг. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийд ховордоод байгаа мазаалай баавгайг хайрлаж хамгаалахын тулд энэхүү газрыг тусгай хамгаалалтаас гаргаж болохгүй. Мөн “Талын мэлтэс”-д хавтгай тэмээ идээшлэн нутагладаг. Энэ тэмээ нь зөвхөн Монгол болон Хятадад байдаг нэн ховордсон амьтан. Дэлхийн анхаарлын төвд байгаа энэ ховор амьтдын өлгий нутгийг уул уурхайн компаниуд сүйтгэхийг зөвшөөрч болохгүй.

-Эсэргүүцсэн саналаа явуулсан уу?

-Бид хүсэлт ирсний маргааш нь татгалзсан хариу илгээсэн. Төр засгийн зүгээс бидний хүсэлтийг хүндэтгэн, байгаль орчин, ан амьтдаа хайрлан хамгаалж ийм шийдвэр гаргахгүй байх гэж итгэж байна. Нутгийн иргэд болон Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын газрын мэргэжилтнүүд эсэргүүцэж байгаагаа танай сониноор дамжуулан дахин илэрхийлье.

-Санал илгээхээс өөрөөр яаж тэмцэж байна?         

-Бид уирдах албан байгууллага, нутгийн зөвлөл, хариуцсан яамандаа хүсэлтээ илэрхийлээд байна. Мөн байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна.

-Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар залуус ажлын байртай, цалинтай болно. Энэ тал дээр нутгийн иргэд ямар байр суурьтай байна?

-Уул уурхай бол манай улсад хөгжиж байгаа салбар. Энэ чиглэлээр сурч байгаа, сураад төгссөн залуус манай нутагт бий. Гэхдээ түүнээс илүү байгалиа хайрлах, дархан цаазат газраа хадгалан үлдэх сэтгэл нь давамгайлдаг. Бид нутгийн ардуудаас санал бодлыг нь сонссон. 

-Өмнө нь А хэсгийн хамгаалалтын бүсэд хилийн боомт байгуулж байсан гэж сонссон?

-Хятад, Монголын хилийн боомтыг байгуулж байсан. Гэхдээ энэ нь удаан үргэлжлээгүй. Ховордсон амьтдын амьдрах орчинд халгаатай байсан учир хаасан. Мөн манай А хэсгийн тусгай хамгаалалттай газар бусад газрыг бодвол хүний гар хүрээгүй, онгон тансаг хэвээрээ. Тиймээс энэ хэвээр нь авч үлдэхийг чухалчилсан юм билээ. 

-Говийн их дархан цаазат газрын байгалийн баялгийг ашиглах шийдвэр гарвал ямар сөрөг нөлөө дагуулах бол?

-Дархан цаазат газар дэлхийд ховордсон амьтад нутагладаг шүү дээ. Тэдгээр амьтад байгаль орчинтойгоо зохицсон байдаг. Харин амьдрах орчин, өлгий нутгийг нь сэндийчээд эхлэхээр нутгаасаа дайжиж, устах аюул нүүрлэнэ. Газрын хөрс эвдрэх, усны гаралт багасна. Ялангуяа мазаалай болон хавтгай тэмээний өлгий нутагт гар хүрч болохгүй. Хэрвээ олборлолт хийх тушаал гарвал дэлхийн байгаль орчны олон хуулийг зөрчсөн үйлдэл болно.

-А хэсгийн тусгай хамгаалалттай нутагт хэдэн мазаалай байгаа вэ?

-Одоогоор мазаалайг зөвхөн манай улсад байгаа гэж үзэж байгаа. Бидний хариуцсан бүсэд 25-50 гаруй мазаалай бий. Бид олон улсын байгаль хамгаалах газартай хамтраад жил бүр мазаалайд генетик судалгаа хийдэг.

-Мазаалайг үржүүлэх тал дээр танай байгууллагын зүгээс хэрхэн ажиллаж байна?         

-Амьдрах орчинг нь хамгаалах, булаг усыг нь задгайлах хөв байгуулсан. Бид иддэг ургамлынх нь ургацад анхаардаг. Ая тухтай амьдрах бололцоог нь бүрдүүлэхээр ажиллаж байна. 

-Мазаалайгаас өөр ямар ховордсон амьтад байна?

-Хулан, аргаль, янгир, хар сүүлт, цөөн тооны ирвэс бий.