Б.ЭНХЗАЯА
УИХ-ын гишүүн асан, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Ганбямбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед танай холбоо нэлээд хөдөлгөөнтэй байна. Цахилгаан, дулаан түгээгч компаниуд хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа үйлдлийг илчилсэн. Хэрэглэгчид бусад салбараас ч ийм “но”-г илчлэхийг хүлээж эхэллээ?
-Бид хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа салбар руу бүтэц зохион байгуулалтаа чиглүүлж, тэдний эрх ашгийг хамгаалахаар салбар нийгэмлэгүүд байгуулсан. Ойрын үед банкны салбарыг барьж байна.
Монгол Улсын хуулиар, тухайлбал, Банкны тухай хуулиар зээлийн үндсэн төлбөр нь хүү байна гэсэн байдаг. Гэтэл манай банкууд дээрээс нь шимтгэл авдаг тогтолцоотой. Тухайлбал, Дорж 10 сая төгрөгийн зээл авлаа гэхэд шимтгэл өгч 9.9 сая төгрөг гар дээрээ авдаг. Банк нь хүүгээ 10 сая төгрөгөөс нь тооцдог. Ингэхээр Дорж алдагдал хүлээдэг. Хуульд зааснаар зээлийн үндсэн төлбөр нь хүү байна гэсэн учир шимтгэл авч болохгүй гэсэн үг. Тиймээс банкуудын энэ үйлдэл хууль бус, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн. Төр засгийн байгууллагууд хуульд заасан үйл ажиллагаа явуулах ёстой, харин иргэд эсрэгээрээ, хуульд хориглоогүй бүхнийг хийж болдог.
-Зөвхөн банк ч биш ломбардны үйлчилгээ ч банктай ижил төстэй юм биш үү?
-Ломбардны өндөр хүүтэй зээлийг хөндөхөөр төрийн зүгээс хоёр хуулийн этгээдийн тохиролцоонд хөндлөнгөөс орж болохгүй гэж тайлбарладаг. Гэхдээ санхүүгийн салбарт банкнаас өөр сонголт хийх боломжгүй болчихож. Тухайлбал, санхүүгийн зах зээлийг 100 хувь гэвэл банкны салбар тал хувьд нь байх ёстой. Гэтэл манайд 90 гаруй хувьд нь банк зонхилж хатуу нөхцөлтэй гэрээг иргэдэд тулгаж байна. Барьцаанд тавьсан эд зүйлийг шууд хураагаад авах нөхцлийг оруулсан байдаг. Банкны салбарынхан Монголд баялаг бүтээхгүй, мөнгө хүүлэх хандлага бий болчихоод байна. Мөнгөний бодлого гажаад байгаа нь хадгаламжид байгаа энэ их мөнгөний ихэнх нь цөөн хэсгийнх. Хэт их мөнгөтэй хүмүүс төрийн бодлогод нөлөөлж байна. Тиймээс мөнгөний бодлого эдийн засаг, үйлдвэрлэлээ дэмжихгүй байна. Өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл явуулаад ашиг гарахгүй. Гэтэл төр мөнгөний бодлогоо өөрсдөө хүлээн зөвшөөрч хадгаламж, хуримтлалыг дэмжсэн бодлого явуулъя гэж хэлж байна. Үгүй юм. Эдийн засгаа дэмжсэн бодлого явуулах ёстой. Тиймээс энэ зах зээл рүү анхаарлаа хандуулах шаардлагатай болоод байна. Санхүүгийн цахим хуудаст тэмдэглэснээр банкны зээлийн хүү хамгийн өндөр орон бол Монгол. Тиймээс өрсөлдөөнийг бий болгож санхүүгийн зах зээлд банкийг орлох бусад эх үүсвэрүүдэд анхаарч, эрүүл гольдиролд оруулахгүй бол банк хамгийн үнэтэй үйлчилгээ үзүүлдэг салбар болтлоо монополь болчихлоо.
-Монополь байдлыг халж, өрсөлдөөн бий болгох нь хэрэглэгчийн төлөөх байгууллагуудын гол үүрэг үү?
-Мэдээж тийм. Тухайлбал, талх иддэггүй айл байхгүй. Нийслэлийн талхны зах зээл том орон зай. Үүнд “Талх чихэр”, “Атар өргөө” компани давамгайлж, олигархи биш бүр дуаполь зах зээлийг бий болгочихлоо. Бүр олигаполиас долоон дор гэсэн үг. Энэ нь зах зээлийг хэдхэн том компани эзэлчихээд дотроо өрсөлдөөнгүй учир хамгийн чанаргүй, өндөр үнэтэй бараа авах нөхцлийг бүрдүүлдэг хэрэг. Бид энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга О.Магнайд хандсан. Олигаполь бүтцийг задлах нь танай агентлагийн үүрэг гэж. Америк зэрэг орнууд чинь том олборлогчийг хэрчээд жижиглэнгийн өрсөлдөөн бий болгочихсон байдаг. Тухайлбал, Улаанбаатар хотын амтгүй, чанаргүй талхны оронд Хэнтийн талхыг идээд үзээрэй. Хамгийн амттай, чанартай талх тэнд байгаа. Яагаад гэвэл тэнд өрсөлдөөн бий болчихсон, 5-6 компани талх үйлдвэрлэж байна. Буриад талхнаас илүү амттай, боломжийн үнээр зарах шаардлага тэдэнд гардаг. Хэнтийнхэн Улаанбаатарын амтгүй, үнэтэй талхыг авдаггүй. Өрсөлдөөн гэж энэ. Гэтэл үүний эсрэг талд зарим аймгууд руу Улаанбаатарын захаас мах аваачиж зардаг баримтууд байна. Хөдөө орон нутгаас хот руу мах нийлүүлдэг байснаа Улаанбаатараас хөдөө рүү нийлүүлдэг болж. Хэнтий аймгийн махны зах зээлийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багийн хүмүүсийн “Мах экспо” компани хамаад авчихсан. Тэгэхээр Хэнтийд махны үнэ Улаанбаатараас хямдарч чадахгүй байна. Эрх мэдэлтэн, сайд дарга нарын компаниудад хязгаарлалт тавихгүй бол Монголын зах зээл дээр өрсөлдөөн бий болохгүй. Өрсөлдөөнийг хаахаар чанартай, хямд бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг хэрэглэгчид хүртэж чадахгүй байгаа юм.
-Та бүхний хөндсөн эрчим хүчний салбарын асуудал олны анхаарлыг татаж байна. Алдагдалтай ажиллаж байна гэсэн атлаа бидний халааснаас авсан мөнгөөр тансагладаг зарим компанийнхан байдаг бололтой?
-Энэ салбар шахааны бизнесээ дийлэхээ больж, өр төлбөрт орсон. Цахилгаан станцуудыг сайн менежменттэй компанид өгч болно. Тэднийг шахааны бизнесээ дийлэхээ байгаад нүд анихын даваан дээр төр засаг бүх ачааг нь ард түмний нуруунд үүрүүлчихлээ.
-Цахилгаан, дулааныг суурь үнэтэй болгосныг хэлж байна уу?
-Шатлал дундын баланс болон салбар дундын балансаар бүх юмны үнэд нөлөөлдөг хүчин зүйл суурь үнэ. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөнгүүт наадамтай давхцаж эрчим хүчний үнийг нэмчихсэн. Одоохондоо иргэдэд мэдрэгдэхгүй байгаа ч энэ өвлөөс цочмог мэдэгдэнэ. Суурь үнэ салбар дундын балансаар бусад зүйлийн үнэд нөлөөлдөг. Түгээх эрчим хүчний систем өрсөлдөгч байхгүй, зүй ёсны монополь гэсэн эдийн засгийн ойлголт байдаг. Төр засаг цахилгаан станцуудын дарга нарын захиргааны зардлыг багасгах зэргээр зохицуулалт хийж, арга хэмжээ авах ёстой. Төр хамгийн амраар, юу ч хийхгүй гараа хумхиад суух арга бол ард түмний нуруунд ачаагаа үүрүүлж, үнэ нэмэх. Олон улсад өрсөлдөөний үнийг чөлөөлөх тухай биш, зохицуулах тухай ярьдаг. 96, 97 оныг Монголын ард түмэн мартаагүй байх. М.Энхсайханы Засгийн газар суурь үнэ чөлөөлнө гэх зэрэг гаж буруу, цочмог арга хэмжээ авсны сөрөг үр дагавар нь ядуурал гэх шугам бий болсон. Одоо ч голдоо ортол гэсэхгүй байна. Өөр жишээ хэлье. Өнгөрсөн зун долларын ханш огцом өссөн нь бас л төрийн буруу бодлого байсан. Төр засаг макро төвшний зохицуулалтаа алдчихаад нэг доллар монгол төгрөгийн харьцаа юу болов. 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд гаргаж зээлж авсан. Авахдаа яг юунд зарцуулах бизнес төлөвлөгөө байгаагүй, эдийн засгийн болон үр ашгийн тооцоо байгаагүй. Тиймээс зам харгуй, формын хувцсанд зарцуулснаас хоёр триллион төгрөг нь валютын эрэлтийг бий болгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн зун Чингис бондын 70 хувь нь буюу 900 сая ам.долларын эрэлт бий болж ам.долларын ханш огцом өслөө. Зам тавих материалыг гаднаас авах болохоор валютын ханш өсөхөөс яах вэ.
-Хэрэглэгчийн эрхийг зөрчих нь харилцаа холбооны салбарт ч үргэлжилж байгаа бололтой. “Мобиком” корпораци хэрэглэгчийн барьцаа хөрөнгийг эргэлдүүлж тэднийг мөлждөг тухай танайх онцолж байсан?
-“Мобиком” барьцааны мөнгө авчихаад өөрсдөө хэрэглэдэг асуудлыг бид эртнээс тавьсан. Одоогийн байдлыг ажиглахад барьцаа хөрөнгийн асуудлыг цэгцлэх бодолгүй байгаа бололтой. Өнгөрсөн хавар бид хоёр талаасаа сууж ярилцаад сарын хугацаанд шийдвэрлэхээр тохирсон. Үр дүн гараагүй. Судлаачдын тооцоолж байгаагаар “Мобиком” 10 орчим тэрбум төгрөгийг барьцаанд авчихсан. Барьцааны мөнгөний олон жилийн хүүг тооцвол дахин 10 орчим тэрбум төгрөг гарч ирсэн. Энэ хөрөнгөөр компани ашгаа олоод байгаагаас биш хэрэглэгчдэд өгөөгүй. Мөн нэг секунд нь хоёр төгрөг гэсэн ярианы тарифыг ч бууруулах боломжтой. Энэ саналаа холбогдох албаныханд тавьсан. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Мобиком”-ийн үнийг буулгахгүй гэсэн хатуу бодлого барьдаг. Энэ байдлаа “Мобиком” монополь болчихно гэж тайлбарладаг юм. Зохицуулах хорооноос үнэ өсгөх бууруулах биш, “Мобиком”-д томоохон арга хэмжээ авах шаардлагатай болчихсон. Тэд монополь байж ирсэн, цаашид ч энэ байр сууриа хадгалахаар улайрч байна. Төр засаг үүнд томоохон зохицуулалтын арга хэжмээ авах цаг болсон. Энэ мэтчилэн зах зээлийн өрсөлдөөнийг хаасан монополь компани олон бий. Үүний цаана албан тушаалтнууд байгаа. Тэднийг ч ил болгож зарлах шаардлагатай.
-Хэрэглэгч та хаан гэх уриа олон салбарт бий. Ялангуяа хүнсний салбарынхан энэ уриагаа умартаж, хэрэглэгчийн эрх ашиг зөрчсөн мэдээлэл гарах боллоо?
-Хамгийн том, ээдрээтэй салбар хүнс болчихоод байна. Гаднаас ирж байгаа хүнсний барааны 50-иас илүү хувь нь хугацаа нь тодорхойгүй, эсвэл хугацаа хэтэрсэн зөрчилтэй байдаг. Лабораторийн шинжилгээнд орсон хүнсний бүтээгдэхүүний 17.7 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн том зөрчил энэ салбарт байна. Тиймээс манай холбооноос Монгол шошго тавь гэсэн шаардлага тавьж байна.
-Өнгөрсөн хавар танай холбооноос нөөцийн махны үнэ хэрэглэгчдэд хүндээр нөлөөлж байна гэж мэдэгдэж байсан. Та бүхний санал тусгагдсан болов уу?
-Өнгөрсөн жилээс хойш хариугаа авч чадаагүй явна. Нөөцийн махны үнийг яагаад өмнөх жилээсээ хоёр дахин үнэтэй болгосон үндэслэлийг салбарын яамнаас гаргуулах гэхээр хариу өгдөггүй. Нөөцийн мах өмнөх жилээсээ хоёр дахин үнэтэй болж өснө гэдэг том өсөлт. Тэд тайлбарлахдаа үйл ажиллагааны зардал гэдэг. Гэхдээ өмнөх жилээс хоёр дахин өснө гэдэг үндэслэлгүй. Мөн махны савлагаа ч хэрэглэгчдэд тийм ч таатай биш. Худалдаанд гарч байгаа нь хоёр, гурав түүнээс дээш тав, найман кг-ийн савлагаатай. Зургаан буудлын Зундуй гуайн хөгшин өглөө 5000 төгрөгтэй махандаа гарахад мөнгөнд нь тохирсон мах байдаггүй. Өөрөөр хэлбэл, нөөцийн мах зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна. Мөн ангилал, зэрэглэл байх ёстой. Тарган, туранхай мах ижил үнэтэй байж болохгүй. Тиймээс эдгээр асуудлаар ч холбогдох хүмүүст хандаад байна.