
Манай оронд бодибилдинг фитнессийн ахмадын болон залуучуудын ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд нэг хоног үлдлээ. Энэхүү тэмцээн болохтой холбогдуулан Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос өчигдөр мэдээлэл хийв. Тус тэмцээнд таван тивийн 38 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 300 гаруй тамирчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлснээс одоогоор 16 орны 90 гаруй тамирчин Монголд хөл тавиад буй. Тэд энэ удаад бодибилдинг фитнессийн 25 төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх билээ. Тухайлбал, ахмадын эмэгтэйчүүдийн 35-аас дээш, эрчүүдийн 40-49, 50-59, 60-аас дээш насны ангилалд өрсөлдөх юм. Харин залуучууд классик, фитнесс, бикинийн төрөлд хүч үзэх ажээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр ажиллахаар ОХУ-ын иргэн олон улсын шүүгч Рауп Буняталев, Хонгконгийн Хиьго Чан, Жое Фанг нарын албаны хүмүүс иржээ. Тэдний хамтаар манай улсын дөрвөн шүүгч тус тэмцээнийг шүүх юм байна. Тэмцээн энэ сарын 25-27-нд болно. TV-9 телевиз энэ тэмцээнийг шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм байна.