Б.ТУУЛ
Канад Улсын Элчин Сайдын яамнаас ирэх амралтын өдөр буюу энэ сарын 27-нд боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. Энэ тухай Канадын Элчин сайдын яамны Зөвлөх, Худалдааны хэлтсийн дарга Максим Бердичевскийтэй ярилцлаа.
-Канадын боловсролын үзэсгэлэнг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд ямар байгууллагууд ирж оролцох вэ?
-Улаанбаатарт зохиогдож буй энэхүү арга хэмжээнд Канадын боловсролын салбарын олон төлөөлөгч ирж оролцоно. Тэдний олонхи нь Монголд анх удаа айлчилж байгаа юм. Канадын Элчин Сайдын яамнаас санаачлан зохион байгуулж буй энэ үзэсгэлэнд Канадын боловсролын бүх шатны байгууллага, 20 сургууль, түүний дотор 11 коллеж, таван их сургууль, дөрвөн дунд сургууль оролцоно. Энэ арга хэмжээг бид Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны яам, Монголын “Англи хэлний багш нарын холбоо”-той хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Мөн Монголын Канадад Сургууль Төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа. Монгол залуус Канадад суралцаж төгсөөд, эх орондоо эргэн ирж эзэмшсэн мэдлэг, чадвараа улс орноо хөгжүүлэхэд зориулан ажиллаж байгаад бид баяртай байдаг. Канадад мэдлэг, мэргэжил эзэмшсэн залуус маань www.cam.mn цахим хуудсаар энэ холбоотой танилцаж, бүртгүүлж байгаа.
-Канадад жил бүр гадаадын 130 мянган оюутан ирж суралцдаг гэж сонссон. Мөн англи, франц хэл сурахаар ирж байгаа хүмүүс энэ тоог бүр нэмдэг байх. Энэ удаагийн үзэсгэлэнд хэлний төвүүд оролцох уу?
-Канад улсын боловсролын чанар өндөр. Тогтолцоо нь оновчтой. Боловсролын байгууллагууд өөрийн мужийн Боловсролын яамны тавьсан хатуу шаардлагыг биелүүлэх ёстой. Гадаадын оюутнууд Канадын сургалтын чанарыг сайжруулах, хичээлийн агуулгыг өндөржүүлэх, шашин, арьс өнгөөр ялгаатай олон үндэстний төлөөлөл эв найртай хамтран амьдарч суралцахад онцгой хувь нэмэр оруулдаг. 2012 онд Канадад сурч байгаа гадаадын оюутны тоо 265 мянга байсан. Канадын албан ёсны хэл нь англи, франц хэл. Тиймээс Канадад суралцахаар очиж буй залуус франц хэлийг давхар сураад, судлаад явах боломжтой.
Мэдээж, Канадын сургуулиуд Монголын тухай илүү ихийг мэдэх сонирхолтой байгаа учраас энэ үзэсгэлэнд оролцож байгаа юм. Монголчууд энэ үзэсгэлэнгийн үеэр Канадын сургалтын хөтөлбөрүүд, судалгаа, шинжилгээний төслүүд, бусад хамтын ажиллагааны талаар сонирхсон мэдээллээ авах бүрэн боломжтой. Энэ үеэр сургууль тус бүр өөрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдээ танилцуулна.
СУРГАЛТЫН ТӨЛБӨР БОЛОН ХӨТӨЛБӨР ИХ СУРГУУЛИАСАА ХАМААРЧ ЗАРИМДАА ӨӨРЧЛӨГДДӨГ
-Ер нь их, дээд сургуульд суралцахаар очиж буй гадаад оюутнуудад ямар шаардлага, шалгуур тавьдаг вэ. Канадын томоохон сургуулиуд гадны оюутан авах сонирхол их байдаг ч босго өндөр гэж сонссон?
-Канадын их сургуулиуд элсэлтийн шалгалт авдаггүй. Оюутнуудаа дунд сургуулийн төгсөлтийн дүнгээр нь шалгаруулдаг. Гадаад оюутнуудын хувьд, заримдаа тухайн орны дунд сургуулийнх нь дүнг Канадын дунд сургуулийнхтай харьцуулан баталгаажуулах хэрэг гардаг. Их сургуулиуд гадаадын оюутнаас дунд боловсролын гэрчилгээг нь ойлгох зорилгоор дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийн хуулгыг авах тохиолдол гардаг. Хэдэн оюутан, ямар танхимд хичээллэх боломж, хичээлийн хуваарийн төлөвлөлт зэргээс шалтгаалж сургууль бүр тухайн улиралд авах оюутныхан тоог тогтоодог. Ихэнхи гадаад оюутнууд их сургуулиудын хооронд шилжин суралцах хөтөлбөр сонгодог. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийг сонгосон оюутнууд коллежийн эхний жилээ харьцангуй цөөн хичээлтэй сургуульд ороод, шинэ орчин, сургалтын нөхцөлд дасаад дараагийн жилээсээ сонгосон сургуульдаа сурах, хичээлийн кредит цагаа давхар шилжүүлэн хоёрдугаар курсээсээ сургалтаа үргэлжлүүлэх боломжтой байдаг.
-Гадаадын оюутны төлбөр дотоодын оюутны төлбөрөөс гурав дахин илүү гэсэн, үнэн үү. Их, дээд сургуулийнх нэг жилийн төлбөр дунджаар хэдэн төгрөг байдаг вэ?
-Гадаадын оюутны сургалтын төлбөр нь дотоодынхоос их байдаг. Канадын их сургуулиудын санхүүжилтийн 30 хувийг Засгийн газар нь олгодог. Канадын оюутны эцэг, эх татвар төлдөг болохоор, тэр татвараас дээрхи санхүүжилтийг хийдэг гэсэн үг. Гадаад оюутнуудын төлбөр тийм учраас үнэтэй байдаг юм. Канадын Статистикийн мэдээллээр, бакалаврт сурч буй гадаадын оюутны сургалтын дундаж зардал 2012-2013 онд ойролцоогоор 18 мянга, магистрын сургалтын дундаж төлбөр нь 13 мянган Канад доллар байсан. Сургалтын төлбөр болон хөтөлбөр их сургуулиасаа хамаарч заримдаа өөрчлөгдөг гэдгийн санах хэрэгтэй. Сонирхсон хүн www.educationau-incanada.ca цахим хуудсаас Канадын аль сургуулийн ямар хөтөлбөр, ямар үнэтэй болохыг мэдэж болно.
КАНАДАД СУРЧ БУЙ ГАДААД ОЮУТНУУД СУРАЛЦАХЫН ЗЭРЭГЦЭЭ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
-Ер нь тус улсад суралцахад амжиргааны өртөг зардал ямар байдаг вэ?
-Оюутны сурч амьдрахаар сонгосон мужаас шалтгаалж амьдралын зардал янз бүр байдаг. Үзэсгэлэнд ирсэн зочид оролцож буй Канадын сургуулиудаас аль хотод амжиргааны зардал ямар байдаг талаарх мэдээллийг шууд авах боломжтой.
-Гадаадад суралцах оюутан залуусын хувьд, хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж хэр байдаг бол. Канад улсад ийм боломж хэр байдаг вэ?
-Канадад сурч буй гадаад оюутнууд сурах, ажиллахаа хослуулах боломжтой. Канадын Цагаачлал, Иргэншлийн алба нь ажил ба сургалтын виз тусгайлан олгодог тул дараах цахим хуудасаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой: http://www.cic.gc.ca/english/study/work.asp.Дашрамд дурьдахад Канадын их дээд сургуулийн тогтолцоо нь бүх оюутанд өөрийн сурч, судалж буй сонгосон мэргэжлээрээ ажил хийж, туршлага хуримтлуулах өвөрмөц боломжийг олгодог. Үүнийг Ко-оператив, товчоор Ко-оп хөтөлбөр гэж нэрлэдэг. Энэ хөтөлбөр нь оюутныг сонгосон мэргэжлээрээ ажлын туршлага хуримтлуулаад зогсохгүй цалин авах боломжийг олгодог.
-Мөн оюутан залуучуудын хамгийн их сонирхдог зүйлийн нэг нь тэтгэлгээр суралцах. Канад улсын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцъя гэвэл тухайн оюутан ямар шаардлага шалгуурыг хангасан байх ёстой вэ?
-Канадын тэтгэлгүүдийн дийлэнхи хувь нь сурлагын үр дүн, хувийн амжилтад тулгуурладаг. Их сургууль бүр өөрсдийн тэтгэлэгт хөтөлбөртэй. Энэ нь гадаад, дотоодын оюутнуудад нээлттэй байдаг. Тиймээс оюутан залуус маань сургууль бүрийн албан ёсны цахим хуудсаас тэтгэлгийн талаарх мэдээллийг авах боломжтой. Мөн Канад улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд ч байдаг. Канад улсын Засгийн газар тэтгэлэгээ улс орноор нь хуваарилж өгдөггүй учир тэтгэлэгт өрсөлдөж буй сурагчдын сурлагын амжилт гол үүрэгтэй.
-Тэтгэлгээр суралцана гэхээр сургалтын төлбөрөөс гадна ямар зардлыг даах вэ. Тэтгэлгээр суралцсан ч зарим тохиолдолд амжиргааны зардлаа өөрсдөө даадаг гэж сонссон?
-Тэтгэлэгүүд амьжиргааны зардлыг оруулсан ч, оруулаагүй ч байдаг. Бүх тэтгэлэгүүд ном болон бусад сургалын материалын зардлыг төлдөг. Тухайн тэтгэлэг олгогч байгууллагаас бас энэ талаарх зөвлөлгөөг авах нь илүү оновчтой юм.
КАНАДЫН ОЛОН СУРГУУЛЬ ГАДААД ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН АЙЛД СУУХ ХӨТӨЛБӨРТЭЙ
-Канадад сургуулийнхаа дотуур байранд амьдрахгүй гэвэл айлд сууж болдог. Мөн суух айлаа өөрөө сонгож, захиалга өгч болдог гэж сонссон. Магадгүй, хэлний мэдлэгээ сайжруулахыг хүссэн хүүхэд залууст энэ талаарх мэдээлэл сонирхолтой санагдаж болох юм?
-Тийм ээ, энэ бол үнэхээр Канадын соёл, нийгмийг таньж, ойлгох сайхан боломж. Айлд суух нь гадаад оюутнуудад англи, франц хэлний мэдлэгээ сайжруулахад чухал нэмэр болдог. Канадын олон, сургуульд гадаад оюутнууддаа зориулсан айлд суух хөтөлбөрийг явуулдаг. Айлд суух хөтөлбөр сонголтуудын талаар ирэх амралтын өдөр буюу аравдугаар сарын 27-нд болох боловсролын үзэсгэлэнгийн үеэр оюутан залуус, эцэг, эхчүүд Канадаас ирсэн сургуулиудын төлөөлөлтэй биечлэн уулзаж, нэмэлт мэдээлэл авах боломжтой.
-Ер нь боловсролын тогтолцоо нь манай улстай харьцуулахад ямар вэ. Бага дунд сургууль болон их, дээд сургуулийн хичээллэх, амрах хугацаа, элсэлт, төгсөлт нь хэдийд явагддаг бол?
-Канадын их, дээд сургуулиудын ихэнх нь три-местрийн тогтолцоогоор сургалтаа явуулдаг. Оюутнууд IX, I,V сард элсэх боломжтой байдаг. Сургалтын хугацаагаа хурдасгах сонирхолтой оюутнуудад энэ тогтолцоо нь дөрвөн жилийн зэргийг хоёр жил найман сард дүүргэх боломж олгодог. Тиймээс хувийн зохион байгуулалт, хичээл сургуулиа эрт төлөвлөх нь чухал юм. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам Канад-Монголын боловсролын тогтолцоо адилхан болох болов уу, Жишээлбэл, Монгол Улсын Боловсролын яам нь XII жилтэй ерөнхий боловсролын тогтолцоог ирэх 2014 онд хэрэгжүүлэх гэж байгаа нь Канад болон бусад орны тогтолцоотой ижилсэж байгаа гэсэн үг.