Б.ЭНХ
Монгол Улсад өнгөрсөн жил 27 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс нь 70 хувь нь эд хөрөнгийн эсрэг гэмт хэрэг байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Эд хөрөнгийн эсрэг гэдэг нь хулгай, залилан, танхайн гэмт хэрэг юм. Өнөөгийн нийгмийг эмзэглүүлж буй энэ төрлийн гэмт хэргийн эсрэг цагдаагийн байгууллага хүчээ дайчлан ажилласаар л байна. Тэр дундаас Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийг онцлох нь зүйтэй. Хотын төв цэг, олон нийт олноор цуглардаг газруудтай тус дүүргийн хувьд хулгайн гэмт хэргийн гаралт өндөр.
Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн удирдлагууд дүүргүүдээс анх удаа гэмт хэргийн гаралтад сүүлийн гурван жилээр криминологи судалгааг өнгөрсөн онд хийж, хулгай тэргүүтэй зонхилох гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллажээ. Мөн тус дүүргийн хувьд камержилтын бүрэн системтэйгээрээ гэмт хэрэгтэй тэмцэхэд гол үзүүлэлт болж байгааг албаны хүмүүс дуулгаж байна.
Дүүргийн нутаг дэвсгэр камерын системд холбогдсоноор гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой. Тэгвэл энэ албанд гадаа гудамжинд, хэргийн газарт үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдаас дутахааргүй үүрэгтэй ажиллаж буй нэгэн бүсгүйг энэ удаа онцолж байна. Түүнийг Б.Оюунтөгс гэдэг. Тэрээр Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст телекамерын жижүүрийн цагдаа. Энэ албыг хаших хугацаандаа томоохон хулгайн хэргүүдийг цаг алдалгүй илрүүлж, иргэдийг эд хөрөнгийг хамгаалж чаджээ. Түүнтэй ярилцлаа.
-Цагдаагийн байгууллагад хэчнээн жил ажиллаж байна вэ. Өөрийн сонирхлоор цагдаа болов уу?
-Цагдаагийн байгууллагад 2002 оноос ажиллаж эхэлсэн. Анх хэрэг бүртгэгчээр ажиллаж байгаад 2012 оноос Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн телекамерын жижүүрээр ажиллаж байна. Мэдээж өөрийн сонирхлоор энэ албанд зүтгэх болсон.
-Өөрийн чинь алба бусад цагдаа нараас онцлогтой юм байна. Дүүргийн нутаг дэвсгэрийг камераар хянаж гэмт хэрэг илрүүлдэг?
-Тийм ээ. Цагдаагийн алба эмэгтэй хүнд амаргүй. Энэ ажлаараа би бахархдаг. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар цохигдсон материалын дагуу хэргээ илрүүлдэг. Харин бид камерын тусламжтайгаар хэргийг илрүүлэх боломжтой.
-Камерын тусламжтайгаар олон төрлийн хэрэг илрүүлэх боломжтой байх. Хамгийн ноцтой, ямар хэргийг илрүүлэв?
-2012 оноос хойш 30 орчим хэргийг газар дээр нь илрүүлж, таслан зогсоосон. Тэр дундаас 1800 ам.долларын хулгайн хэргийг илрүүлж байлаа. Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг “Алтан төгрөг” “Элбэг” их дэлгүүрийн хооронд халаасны хоёр хулгайч 1800 ам.доллар хулгайлсан хэрэг юм. Сэжигтэй хоёр этгээд хоёр эмэгтэйг дагаж яваад цүнхнээс нь юм ав байгааг камераар харсан. Тэр даруйд дуудлага өгч гурван цагийн дотор хэрэгтнүүдийг бариулж байлаа. Тэр бол хамгийн хурдан хугацаанд илэрсэн хэрэг. Хохирогчид нь ирж баярласнаа илэрхийлж байсан.
-Голдуу хулгайн хэргийг илрүүлдэг үү. Ер нь халаасны хулгайчдыг илрүүлэхэд хэр хүндрэлтэй вэ?
-Хулгайчид яалт ч үгүй ялгарч харагддаг. Байгаа байдал, үйл хөдлөл илт мэдэгддэг. Багагүй хугацаанд ажилласан болохоор тэр байх. Хулгайч нар ганцаараа огт явдаггүй. Доод тал нь 2-3, дөрөв тавуулаа бүлэглэж явдаг. Манай дүүргийн хувьд 14, 13 дугаар хороо “Сөөхий”, “Номин” их дэлгүүр, Өргөө кино театрын урд хулгайн гэмт хэргийн гаралт өндөр байдаг.
-Хэр ачаалалтай ажилладаг вэ?
-Хүн хүчний хүрэлцээ хангалтгүй байгаагаас одоогоор 24 цагаар ажиллаж байгаа.
-Байнга камер хянаж суух хүндрэлтэй байдаг уу?
-Нүдээ амраах дасгал сургуулилт хийдэг.
-Баянгол дүүргийн нутаг дэвсгэр камерын хяналтын системд холбогдсоноор гэмт хэргийн гаралт буурч байна уу?
-Тийм ээ. Зөвхөн хулгайн гэмт хэрэг ч бус зам тээврийн осол, орон байрны хулгай зэрэг олон төрлийг гэмт хэрэг, зөрчлөөс камерын тусламжтайгаар урьдчилан сэргийлж чадаж байна.
Эх сурвалж: www.polit.mn