
С.УЯНГА
Улс орон хөгжих тусам арав хорин давхар барилгууд ар араасаа сүндэрлэсээр байна. Тус барилгад ажилладаг, үйлчлүүлдэг хүмүүс хэдэн зуугаараа бий. Тэдгээрийн талаас илүү хувь нь машинаараа ирдэг. Гэвч машины зогсоол хүрэлцдэггүйгээс болж иргэд ойролцоо зогсоол хайх, эсвэл зөвшөөрөлгүй газар машинаа тавьдаг . Уг нь шинээр баригдаж байгаа болон олон нийтэд үйлчилдэг байгууллагууд анхнаасаа л гадна орчныхоо зай талбайн асуудлыг тооцоолох хэрэгтэй юм. Зогсоолын асуудлаас болж иргэдэд олон хүндрэл гарч байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд гадна зогсоолоо бүрэн шийдээгүйгээс болж хоногт 55-60 машин журамлуулдаг байна. Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг замын хөдөлгөөний удирдах төвөөс камераар харах эсвэл албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн ажилтны мэдээллээр ачиж, журмын хашаанд аваачдаг. Ингээд 80 гаруй мянган төгрөг төлж машинаа авна. Өөрөөр хэлбэл нэг зоогийн газраар үйлчлүүллээ гэхэд үйлчилгээнийхээ төлбөрийг төлөөд дээр нь зогсоолгүй газар машинаа тавьсан хэмээн 80 мянган төгрөг нэмж төлнө гэсэн үг. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах албанаас замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг өнгөрсөн сарын 2-ноос эхлүүлсэн. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасна гэж тооцож байгаа. Гэвч гаднаа зогсоолгүй барилгуудаас болж иргэд хохирохыг хүсэхгүй байна. Энэ асуудлаар Барилга хот байгуулалтын яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяраас тодруулахад “Барилгын ажлыг тодорхой стандартын дагуу хийж гүйцэтгэдэг. Бид ч тийм стандарт хангасан барилга л хүлээж авдаг. Харин гадна талбайн зогсоолын асуудлын хувьд тодорхой дүрэм журам байхгүй. Манай улсад авто зогсоолын асуудал бүрэн мартагдсан гэж хэлж болно. Барилгын гадна талбайн хэмжээнд заасан ганц нэг зүйл байсан ч тэр дагуу баригдсан барилга гэж бараг байхгүй. Сүүлийн жилүүдэд энэ асуудлаар ярилцаж судалсан. Манай яамныхан Авто зогсоолын асуудлаар хуулийн төсөл өргөн барина” гэлээ.
Харин авто зогсоолын талаар зарим иргэд ийм бодолтой байна. Таксины жолооч Х.Базраа “Аль ч замд нэгдүгээр эгнээ гэж байхаа больсон. Энхтайвны өргөн чөлөө буюу төв замд л арай гайгүй байдаг байх. Түүнээс бусад, тэр дундаа Баянбүрдийн тойргоос 100 айлын уулзвар, гурав, дөрөвдүгээр хорооллын замын нэгдүгээр эгнээ тэр чигтээ зогсоол болчихсон. Ямар ч үйлчилгээний газарт очсон машины зогсоолгүй учир нэгдүгээр эгнээнд тавихаас өөр аргагүй байдаг” гэв.
Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны иргэн Б.Идэрмөнх “Гаднаа ганц ч машины зогсоолгүй газар зөндөө байдаг. Томоохон үйлчилгээний газрууд 100-200 хүн нэгэн зэрэг хүлээн авах хүчин чадалтай гэсэн ч гаднаа 20 хүрэхгүй машины зогсоолтой байдаг. Заримдаа албан байгууллагуудаар үйлчлүүлэхэд бичиг баримт бүрдүүлэх гээд хэд хэдэн газар руу явах хэрэг гардаг. Нэг газар оччихоод эргээд ирэхэд зогсоолгүй болчихсон байдаг.Тиймээс хамт явж байгаа хүнээ үлдээгээд зогсоолоо харуулна эсвэл зөвшөөрөлгүй газарт машинаа орхиж цагдаад ачуулна. Ялангуяа замын түгжрэл ихтэй манай улсад машины зогсоол хайж явсаар байтал албан тушаалтнууд нь цайны цаг юмуу гадуур ажилтай гээд тараад явчихдаг болохоор энэ тал дээр үнэхээр хүндрэлтэй байна” гэв. Бид энэ удаа олон нийтэд үйлчилдэг арваас дээш давхар барилгатай хоёр байгууллагын зогсоолыг сонирхлоо.