-Тэд тус компанийнг мөнгө угааж байна хэмээн буруутгалаа-

Б.ЗАЯА

Хот хоорондын нийтийн тээврийн компаниуд дотор маргаантай асуудал өрнөж эхлэв. Компаниуд тусгай зөвшөөрөл эзэмшигч төдий байж мөнгө угаадаг болсон хэмээн “Улаанбаатар-Дархан-Улаанбаатар”, “Улаанбаатар-Багануур” чиглэлд хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тээвэр ачлал” компанийнхан харууллаа. Тус компанийн жолооч нар өчигдөр удирдлагаа эсэргүүцэж жагсав. Тэд компаниасаа гарч хоршоо байгуулан ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай болжээ. Учир нь компанийн зүгээс өнгөрсөн хугацаанд жолооч нарын нийгмийн асуудал, парк шинэчлэлд анхаардаггүй байснаас “өрх тусгаарлах”-д хүргэжээ.  Гэвч компанийн удирдлагууд жолооч нарынхаа эл үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүйгээс жагсаал, цуглааны хэмжээнд тулсан байна. Өчигдөр микро автобустай 20 гаруй жолооч компанийн оффисын дэргэд жагссан байв. Тэд “Бидний машиныг шилжүүлж өгнө үү” гэсэн уриа лоозон барьжээ.

“Тээвэр ачлал” компани энэ чиглэлд 2002 оноос үйлчилгээ эрхэлж эхэлсэн байна. Одоогоор уг компанийн харьяанд 54 том болон жижиг оврын автобус бий. Өдөрт 6-8 том оврын, 2-4 микро автобус хот хооронд үйлчилж, сард 11-12 сая төгрөгийн орлогыг компанид оруулдаг аж. Өнгөрсөн хугацаанд “Тээвэр ачлал” компани зөвхөн тусгай зөвшөөрөл авах үүрэг бүхий компани байсаар иржээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд автобус, гарааж зэрэг өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөтэй байх ч одоогийн үйлчилгээнд явж буй автобуснууд уг компанийн жолооч нарын хувийн өмч аж. Түүнчлэн жолооч нартаа өндөр үнээр гарааж түрээслүүлдгийг хэлж байна. Хамгийн гол нь ажилчдын нийгмийн баталгааг хангах нийгмийн даатгалыг хууль ёсны дагуу төлдөггүй нь тэдний бухимдлыг төрүүлэх болжээ. Жолооч нараас нийгмийн даатгалын шимтгэл гэж 80 мянган төгрөг авдаг ч цааш төлөхдөө цалингийн доод хэмжээгээр тооцдог байна. 2011 онд шимтгэл авсан ч төрд тушаахгүй байсаар  Нийгмийн даатгалын ерөнхий газарт 12 сая төгрөгийн өрөнд унаж жолооч нараас гаргуулжээ. Ийм байдлаар эрх нь зөрчигдөх болсон ажилчид өнгөрсөн наймдугаар сараас “Дорнын саруул зам” хоршоо байгуулж, бичиг баримтаа бүрдүүлсэн ч “Тээвэр ачлал”-ийн удирдлагууд автобусуудыг нь компанийн харьяанаас гаргах боломжгүйгээ мэдэгджээ. Олонх нь хувийн мэдлийнх байхад компанийнх мэтээр аашилсанд жолооч нар бухимдаж байна. Тэдний хэлж буйгаар тус компани өвлийн үзлэгт ороход тусалж, шалгалт өнгөрөөчихвөл автобусыг нь өгнө гэжээ. Энэ талаар хоршооны тэргүүн Ц.Алтанням ийнхүү ярилаа.

 

Ц.Алтанням: ЗАХИРАЛ КОМПАНИЙНХАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

-Захирал н.Баатарням бидэнд “Өвлийн бэлтгэл дээр ганц удаа шалгуулчих. Яамнаас тусгай зөвшөөрөл цуцлах гээд байна. Би тамга цүнхэлсэн захирал болох гээд байна” гэсээр байгаа. Бидний хувьд хүнд ингэж ашиглуулмааргүй байна. Хэдэн сарын өмнө хоршоо байгуулах эрхээ авчихаад үйл ажиллагаагаа явуулж чадахгүй хүрчихлээ. Хоршоо байгуулах нь жолооч нарын хувьд хамгийн ашигтай, өгөөжтэй үйлдэл. Ядахдаа бид нийгмийн даатгалаа үнэн бодитоор нь төлнө, парк шинэчлэлээ хийчихнэ, нэгнийхээ ар гэрт тусламж дэмжлэг үзүүлчихнэ. Бидний ажлыг яамны зүгээс ч дэмжсэн. Гэтэл доод албан тушаалын хүмүүс чирэгдэл учруулаад байна” гэлээ. “Тээвэр ачлал” компанийг Баян­зүрх дүүргийн ЗДТГ-ын дарга асан н.Баатарням хоёр сарын өмнөөс удирдаж эхэлжээ. Одоо ч тус компани 85 сая төгрөгийн өрөнд унасныг жолооч нар дуулгалаа.

Манайд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 29 аж ахуйн нэгж байна. Тусгай зөвшөөрөл авчихаад мөнгө угаах хэрэгсэл болгож байгаа явдал зөвхөн энэ компанид өрнөдөггүй аж. Бусад аймгийн чиглэлд хүн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад ч энэ зөрчил байдаг аж.