
Д.ЦЭРЭННАДМИД
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Төмөр замын дотоодын тээвэрт нүүрсний тээвэр гол байр эзэлдэг юм билээ. Тиймээс энэ тухай жаахан тодруулж ярих уу, та?
-Улаанбааатр төмөр замын тээвэрт нүүрс гол суурь эзэлдэг. Нүүрсний тээвэр манай улсын нийгэм, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд уурхай, цахилгаан станц хоёрыг холбож өгдөг эрхэм үйл. Нүүрс тээврийн дүнд бий болдог цахилгаан, дулаан гэдэг бол ард түмний амьдралыг тэтгэгч суурь бүтээгдэхүүн нь. Яагаад ингэж чухалчлаад байна вэ гэвэл нүүрсний тээвэр төмөр замд асар их ачаалал өгдөг. Ачаалал гэж хэлээд байгаагийн учир нь мөн тийм их алдагдалтай тээвэр гэдгийг тодосгох учир байна л даа.
-Нүүрсний тээвэрт яагаад тэгж их алдагдал бий болоод байна вэ?
-Тээврийн тариф дэндүү бага. 2010 оноос хойш огт өөрчлөлтгүй байгаа юм. Өнөөдөр бидний мөрдөж буй тарифаар нэг тонн км-ийг нь 21 төгрөг 48 мөнгөөр тээвэрлэж байна. Энэ бол нүүрс тээвэрлэх өөрийн өртгийн 73 хувийг л хангаж байгаа гэсэн үг. Улаанбаатар төмөр замаар хийж буй орон нутгийн чанартай тээврийн 70 хувь нь нүүрсний тээвэр. Гэтэл төмөр замд орж буй орлогын есхөн хувь болдог. Иймээс жил бүр асар их алдагдлыг бид хүлээж байна.
-Та жилийн жилд алдагдалтай байдаг гэлээ. Энэ жилийн алдагдлыг тооцож үзсэн үү?
-Тооцоо хийсээн. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр үзэхэд дан нүүрс тээврээс бараг 12 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр тооцоо гарч байна. Тэгэхээр энэ их алдагдлыг нөхөх арга байдаггүй юм уу гэсэн асуудал гардаг. Бид уул уурхайн бусад төрлийн бүтээгдэхүүний тээврийн үнийг жаахан нэмж түүнээс олсон ашгаар нүүрс тээврийн алдагдлыг багасгаж ирсэн. Энэ сайн арга биш ээ. Уг нь уул уурхайн алив бүтээгдэхүүн олборлолт, тээвэр нь хямд байж өөрийн өртөг багатайгаар экспортод гарахдаа үнэ нь өсч байх учиртай. Тэгэхээр улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй юм хийгээд байгаа юм шиг санагддаг. Нүүрс тээврийн алдагдлыг багасгах арга замын талаар бид яам, Засгийн газарт удаа дараа асуудал тавиад байна.
-Арга зам гэж та хэллээ. Түүнийгээ тодруулаач?
-Юуны өмнө нүүрсний тээврийн тарифийг бага ч атугай нэмэх шаардлагатай. Тэгж байж төмөр замд ашигтай ажиллах боломж бий болно гэдгийг нарийн тооцоо судалгаатайгаар танилцуулж байна л даа. Алдагдалтай байна гэсэн мөртлөө төмөр зам “амьдраад” л байна шүү дээ. Болж байгаа юм биш үү гэх хүн байж мэдэх. Тэгвэл тийм их алдагдал хүлээгээд хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэгчээр ажиллаж өмнөх зорилтоо ухамсартайгаар хэрэгжүүлж 15000 ажилчдаа цалинжуулж яваа л даа. Гэтэл техникийн шинэчлэл хийж чадахгүй байна. Ялангуяа нүүрс тээвэрлэх галт тэрэг авч дийлэхгүй өдий хүрлээ. Одоо нүүрс тээвэрлэж байгаа вагоны маань 60 гаруй хувь ашиглалтын хугацаа дуусчихсан. Яаж ийж аргалаад л явуулж байдаг. Асар их хүнд нөхцөлд нүүрс тээврийг тасалдуулахгүйн төлөө ажиллаж байна. Ямар сайндаа гэхэв “Болд төмөр” компаниас галт тэрэг түрээслэж өөрийн зардлаар засварыг хийж нүүрс тээвэрт явуулж байгаа юм. Энэ бол түр зуурын арга л даа.
-Удаан аргалахгүй гэсэн үг хэлээд байна аа даа?
-Яг тийм. Шуудхан хэлэхэд энэ чигээрээ зүтгүүлээд мөлхүүлээд байвал жил гаруйхан болоход манайх нүүрс тээвэрлэх вагонгүй болно. Тэгээд нүүрсээ тээвэрлэж чадахгүй бол Улаанбаатарын хэдэн цахилгаан станц ажилгүй зогсоно. Цахилгаан, дулаанаа яахав нийгмийн шинж чанартай том бэрхшээл бий болно гэсэн үг. Үүнийг л хаа хаанаа ойлгох хэрэгтэй байгаа юм. Зүгээр лУлаанбаатар төмөр замынхан ашигтай ажиллаж хөрөнгөжих гэж байгаа юм шиг талын юм бодвол огт буруу. Бид яльгүй ашигтай ажиллах л юм бол вагоноо шинэчилнэ, замаа тордоно шүү дээ. Ашиггүй учраас л вагон худалдаж авах хөрөнгөө хуримтлуулж чадахгүй аргаа барж байгаа юм.
-Нүүрсний тээврийн тарифийг хөдөлгөх талаар Засгийн газар ямар хариу өгдөг юм?
-Засгийн газар, улстөрчид нүүрс тээврийн үнийг нэмж болохгүй л гэсэн хариу өгсөөр ирсэн. Энэ нь ард түмний нуруун дээр дарамт үүснэ гэж байгаа ч алс нь төмөр зам хөдлөх бүрэлдэхүүнгүй болж таг зогсох цаг ирнэ гэдгийг л ухаарах ёстой юм даа.
-Нүүрсний хэрэглээ байнга өсч байгаа гэдэг юм билээ?
-Тийм шүү дээ. Энэ олон орон сууц нэмж баригдаж тэр хэмжээнд дулаан, цахилгааны хэрэглээ нэмэгдэж байна. Цахилгаан станцууд хүчин чадлаа нэмэх болдог. Энэ нь нүүрсний хангамжаас шалтгаална гэдэг нь мэдээж. Нүүрсний хэрэглээ жилээс жилд өснө. Энэ жил дуусах хугацаагаар тооцож үзэхэд 6.3 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо бий. Өнгөрсөн жил 6.2 сая түүний өмнөх жил 5.9 сая тонныг тээвэрлэсэн. тэгэхээр нүүрс тээвэр өсөх хэрээр алдагдал бас өснө гэсэн үг.
-Нүүрсний тээврийн тарифийг өсгөхгүйгээр бэрхшээлээс гарах арга байж болох уу?
-Яахав зөвхөн нүүрс тээвэрт гэвэл Засгийн газраас төмөр замд вагон худалдаад авчих хөрөнгө өгчихвөл гарц байж болно. Бас бидэнд нэг бодол байдаг нь цахилгаан станц юм уу уурхай өөрөө вагоноо худалдаж авчихаад манайхаар тээврээ хийлгэж болох нэг боломж баймаар. Гэтэл манайд чинь зорчигч тээвэр гэж нэг алдагдлын том онгорхой нүх бас бий. Зорчигч тээврээс жилд 23 тэрбумын алдагдал хүлээдэг.
-Тэгвэл зорчигч тээврийн тарифийг бас өөрчлөх шаардлагатай гэж үү?
-Уг нь 2008 оноос хойш тарифийг огт хөдөлгөөгүй л дээ. Гэхдээ одоо нэмнэ, өсгөнө гэдэг талаар бид наанатай, цаанатай хандаж байдаг юм. Яагаад гэхээр зорчигч тээврийн үнийг их өсгөчихвөл автотээвэртэй өрсөлдөх чадварт нөлөөлнө гэсэн учир бас бий. Сонирхуулахад янз бүрийн харьцуулалт байдаг юм. Жишээ нь Улаанбаатараас Зүүнхараа руу төмөр замаар нэг зорчигчийг 3.800 төгрөгөөр тээвэрлэж байхад автомашины тээврийн үнэ 7000 төгрөг байна. Бас Улаанбаатараас Дарханд төмөр замын үнэ 5000 төгрөг. Гэтэл автомашиных 10 мянга байгаа. Мөн Нисэхээс хотын төв орж ирэхэд 15000 төгрөг гэж байна. Тэгвэл энэ мөнгөөр төмөр замаар хаа хүрэхэв гэвэл Замын-Үүд хүрч болно. Төмөр зам ард олондоо ийм л хямд үйлчилгээ үзүүлж байгаа юм шүү дээ.
-Сүүлийн үед цементийн үнийн өсөлтийг төмөр замын тээвэртэй холбож их ярих юм?
-Харин тийм. Төмөр зам муу тээвэрлэснээс цементийн үнийг өсгөсөн гэсэн буруу тайлбар яваад байгаа юм. Тэгвэл манайх өнгөрсөн хавраас хойш цементийг тун мундаг тээвэрлэсэн. Тэгснээр есдүгээр сарын 18 хүртэл нэг тонн цементийн үнийг 130 мянган төгрөгт барьж чадсан. Гэтэл цемент зөөдөг бизнесийнхэн хуйвалдаж Эрээнд байдаг цементийн гурван үйлдвэрийн хоёрыг техникийн зогсолт нэрээр 20 хоног хааж тэнд хуримталсан цементээ ач гээд авгон тавьж өгөөд байхад ачихгүй байсаар зохиомол хомсдол бий болгож нэг тонн цементийн үнийг 220-230 мянгад хүргэсэн. Тэгэхээр ура хашгираад цементээ ачиж байгаа юм. Манайх төмөр замчдаасаа ачих бригад 2-3 ээлжээр гаргаж ажилласан. Бодит байдал дээр цементийн үнийн өсөлт хэнээс хамааралтай нь тод харагдаж байгаа юм.